Хууль бус агнуурыг бууруулах гарц хайлаа
2014-01-26

“Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчныг шинэчлэх талуудын хэлэлцүүлэг”  БОНХЯ-ны Хаан танхимд боллоо. Хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нээв. Тэрбээр “Манай улсын иргэдийн гар дээр 47 000 галт зэвсэг байгаагийн 44 мянга нь ангийн зориулалттай. Гэхдээ энэ нь анх  байлдааны зориулалтаар үйлдвэрлэсэн бууг ангийн болгож өөрчилсөн галт зэвсгүүд юм. ОХУ үйлдвэрлэсэн янз бүрийн автомат бууг хилээр оруулж ирж байна. Зургаан гөрөөс өнгөрөхөд автомат буугаар бүгдийг нь шархдуулах боломжтой. Ан хийх гэж байгаа хүнд зургаан гөрөөс шархдуулах шаардлага байхгүй. Энэ нь нэг ёсондоо агнуур биш аллага болж байна. Тиймээс БОНХЯ-наас агнуурыг  ангийн зориулалттай буу, сумаар хийлгэдэг болгохыг зорьж байгаа юм. Ямар зориулалтын бууг анд хэрэглэх, хилээр оруулах, худалдаалах зэргээс эхлээд Галт зэвсгийн тухай хуулийн 90 гаруй хувь нь ангийн бууг зохицуулсан заалтуудтай байх болов уу гэж логикоор бодож байгаа” гэж Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар тайлбарласан юм.

12

Сүүлийн гурван жилд хууль бус агнуур үйлдсэн хэргийн 90 гаруй хувь нь галт зэвсгээр үйлдэгдсэн зөрчил байгаа аж. Түүнчлэн галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, байлдааны буугаар ан хийх, хууль бус агнуур үйлдэгчид нь далд зохион байгуулалтад орж байгаа зэрэг нь “Галт зэвсгийн тухай хууль”-д шинэчилсэн найруулга оруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Ан агнах зориулалттай галт зэвсгийн эрхзүйн орчинг сайжруулахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал санаачилга нэн чухал тул “Галт зэвсгийн тухай хууль”-ийг  шинэчлэн найруулсан хуулийн төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэн, тодорхой саналыг тусгасан байна. Хэлэлцүүлэгт оролцогч талууд Галт зэвсгийн тухай хуулийн төсөл боловсруулж буй Хууль зүйн яамны ажлын хэсэгт   дахин санал хүргүүлэх, Газрын тухай хуульд агнуурын бүс нутгийг тогтоох талаар санал хүргүүлэхээр боллоо. Агнуурын бүс нутаг тогтоогдвол тухайн бүсийн амьтад эзэнтэй болж хяналт тавих боломжтой болох юм. Ингэснээр хууль бус агнуурыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна. Мөн оролцогчид орон даяар  хууль бус агнуурын талаархи мэдээллийг авдаг хяналтын нэгдсэн тогтолцоотой болох саналд нэгдсэн юм.  Хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна иргэдийн амьтанд хандах хандлага,  нийгмийн сэтгэлгээг өөрчлөх  шаардлагатай гэж үзлээ. Тиймээс ан хийхээс татгалзаж, ангийн бууны оронд гэрэл зургийн аппарат авах, ан хийхэд зарцуулдаг цагаа сагс, гар бөмбөг тоглох, гүйх, сэлэх зэрэг  спортоор хичээллэх, явган аялал хийж өнгөрүүлэхийг уриалж уриалга гаргахаар болов.

12

Хэлэлцүүлэгт БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, “Амьтан хамгаалах сан”-ийн тэргүүн С.Дамдинсүрэн болон яамны мэргэжилтэн,  эрдэмтэн, багш, судлаач, агнуур судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.

12

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
galt zevsgiig juramlana gedeg hudlaa. harin ternii orond oron nutgiin an amitaniig hamgaalah erhiig tuhain nutgiin arduudad uramshuulaltaigaar uguh heregtei gej bodoj bhasht
2014-01-27
ангийн буу,ангын анд:
ер нь цэрэг цагдаагиин дарга нар,бизнесийн хүрээнийхэн,олигархиуд,нам дагаж далдагнасан идэж уухын их мөрөөдөлд автсан салбадай залуучууд, эд л хэд хэдэн буу эзэмшдэг шдээ,маниусд нь модон буу ч бхгүй
2014-01-26