Экспорт 139.6 сая ам.доллар болжээ
2014-02-03

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 оны эхний сарын 15-ны байдлаар 368.5 сая ам.доллар болжээ. Үүнээс, экспорт 139.6 сая ам.доллар, импорт 228.9 сая ам.доллар эзэлж байгаа аж. Эндээс харахад гадаад худалдааны тэнцэл 89.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 26.6 хувиар өссөн байна.

Нийт экспортлосон бүтээгдэхүүнийг задалвал, нүүрс 28.7 хувь, зэсийн баяжмал 28.3 хувь, боловсруулаагүй газрын тос 18.1 хувь, төмрийн хүдэр 10.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 1.6 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.3 хувь, самнасан ноолуур 0.6 хувь, үлдсэн 10.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлжээ. Импортын тухайд, шатахууны импортын биет хэмжээ 2013 оны эхний 15 хоногийнхоос 2.5 мян.т, дизель түлшнийх 5 мян.тонноор буурсан байна. Харин гурилын импорт 0.4 мян.т, суудлын автомашиных 716 ширхэг, цахилгаан эрчим хүч 35.7 сая квт.цагаар өссөн аж.

Хоёр хөрштэй хийсэн импортын худалдааг сонирхвол, БНХАУ-тай 54.6 сая ам.доллар буюу нийт импортын 23.9 хувь, ОХУ-ынх 39.9 сая ам.доллар буюу нийт импортод 17.4 хувийг эзэлжээ.

Гадаад худалдааны нийт эргэлтийн тухайд 2013 оны мөн үеийнхээс 22 хувь, экспорт 20.6 хувь, импорт 22.9 хувиар өссөн байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин