Вьетнамтай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо
2014-02-06

БНСВУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинь-ийг эх орондоо буцах болсонтой нь холбогдуулан УИХ-ын дарга  З.Энхболд хүлээн авч уулзлаа.    Элчин сайд Хоанг Туан Тхинь УИХ-ын  даргад хандан Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд нь УИХ-ын даргын  зүгээс болон ГХЯ, төрийн бусад байгууллагуудаас түүнчлэн монголын нийт ард иргэд бүх талын дэмжлэг үзүүлж байсанд баярлаж байна гэв.  Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. “Ойн хүрээнд Вьетнамын үндэсний ассамблей болон  УИХ-ын хамтын ажиллагаа улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны улс төрийн харилцаа олон улсын болон бүс нутгийн түвшинд тогтвортой байж ирснийг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаа”-гаа ноён Элчин сайд  хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинь-д хандан Монгол Улсад ажиллах хугацаандаа дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан идэвх чармайлттай ажиллаж байсныг нь тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон гэж үзэж буйгаа онцолсон юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин