ШУА-ийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
2014-02-07

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зарим гишүүд өчигдөр ШУА-ийн Физик-технологийн хүрээлэн, Хими-технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудтай санал солилцжээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Сумъяабазар, Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар оролцож шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэрхэн дээшлүүлэх талаар ярилцлсан байна.

 

Уулзалтын эхэнд ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ.. Тэрээр танилцуулгадаа, Монгол орны салхины болон нарны эрчим хүчний нөөцийг тогтоох суурь судалгааг олон арван жил хийж, томоохон суурь бүтээлүүдийг гадаадын эрдэмтэдтэй хамтран хэвлүүлж байгааг дурдаад, эдгээр суурь бүтээлүүдийг хэвлүүлснээр Монгол оронд нар, салхины эрчим хүчийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл бүрдэж, үр дүн нь үйлдвэр практикт нэвтэрч эхлээд байгааг онцоллоо. Түүнчлэн физикийн суурь судалгааг явуулах цомхон чадварлаг, гадаадад үнэлэгддэг хамт олонтой болох, физикийн орчин үеийн технологийг судалж нэвтрүүлэх, үүнийг хэрэгжүүлэх чадварлаг залуусаар бүрдсэн хэд хэдэн баг бий болгох зорилготой ажиллаж байгааг хэлсэн.

Үүний дараа гишүүд Хими-технологийн хүрээлэн болон Биологийн хүрээлэнгийн лабораториудтай танилцан мэдээлэл авлаа. Дээрх хүрээлэнгүүд салбарынхаа чиглэлээр олон туршилтыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Тухайлбал Троллейбусанд ашиглагдаж байгаа цахилгаан батерей, хавдрын эсрэг эмийн ургамал, утаагүй түлш, гэр хорооллыг нарны эрчим хүчээр хангах зэрэг шинэ технологийг туршиж зарим туршилтаа үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тухай хүрээлэнгүүдийн удирдлагууд  гишүүдэд танилцуулсан.

5

Мөн байнгын хорооны гишүүд эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон төлөөлөгчдийн дийлэнх нь цалин хөлс маш бага учраас хамгийн эхэнд энэ асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна гэсэн саналыг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей шинжлэх ухааны салбарыг хууль, эрх зүй, бодлогын хувьд яаж дэмжих, эрдэм шинжилгээний сайн бүтээл хэрхэн гаргах, эрдэмтдийн цалин хөлс, нийгмийн асуудлыг сайжруулах гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дуулгаад, шинжлэх ухааны салбарт залуу боловсон хүчнийг олноор ажиллуулах тал руу үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэдгээ энэ үеэр дуулгасан. Ийнхүү энэ удаа гурван хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид улсын төсвөөс санхүүждэг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unekheer manai ikh khural shinjlekh ukhaand ankhaarlaa khanduulj baigaa bol ovoo sh dee. getel bakei gishuunii akademchiin songuuliin shou bish baigaasai!!!
2014-02-07