Нэгдүгээр сард 27 эх гэртээ амаржжээ
2014-02-11

"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон байна. 2014 оны нэгдүгээр сарын байдлаар нийт төрөлт 6447, амьд төрсөн хүүхэд 6487 байна. Гэртээ төрсөн 27 тохиолдол гарснаас аймагт 11, Улаанбаатар хотод 16 гарсан байна. Өнгөрсөн хугацаанд жирэмсний болон төрөх үе дэхь ноцтой хүндрэл 20 бүртгэгдэн, эмчилсэн нь хүндэрсэн эхийг амь насаа алдах эрсдэлээс аварсан тохиолдлууд байсан аж.

ы

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлуудыг НҮБ-ын ХАС, Хүүхдийн сангийн 2014 оны төлөвлөгөөнд санал болгон оруулжээ. Аймгуудын эх барихын зөвлөх эмч бэлтгэх хөтөлбөрийг ЭХЭМҮТ боловсруулж, сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмчийн дэмжин туслах багийг Баян-Өлгий аймагт 2 дугаар сард ажиллуулахаар болов.

Я

Цахим хурлын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, “idoctor” цахим хуудас, мөн фэйсбүүк хаягаар иргэд санал, шүүмж, талархалыг тогтмол илгээж байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төрөх тасагтай холбоотой талархал сүүлийн үед их ирж байгаа. Тус тасгийн хамт олон хүмүүст түргэн, шуурхай үйлчилдэг, харилцаа хандлага нь эрс сайжирсан тухай сайн мэдээлэл ирж байна гээд цахим хуралд оролцож буй нийт эмч, мэргэжилтнүүдийн өмнөөс тэдэнд баяр хүргэж, талархал илэрхийлсэн байна гэлээ.

ы

Цахим хурлын үеэр томуу, H1N1-ийн халдварын талаар товч мэдээлэл хийсэн юм. Нэгдүгээр сарын 3 дахь долоо хоногоос H1N1, H3N2 болон В вирус зэрэг 3 төрлийн үүсгэгчтэй томуугийн дэгдэлт явагдаж эхэлсэн. Энэ нь амбулаторийн үзлэгийн 9-10 хувийг эзэлж, хэвтэн эмчлүүлэгчдийн 10-14 хувийг амьсгалын замын өвчний хүндрэл, уушгины хатгалгаа өвчин эзэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настан илүүтэй өвчлөх хандлагатай гэдгийг онцлон сануулав. Томуугийн дэгдэлт явагдаж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар Тамифлу эмийг аймаг, нийслэлийн ЭМГ, лавлагаа төвүүд, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудад хуваарилан хүргүүлжээ. Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмнэлгүүд ор дэлгэж/нэмж/ ажиллуулах бэлэн байдлыг хангаж байгаа талаархи мэдээллийг өглөө.

ЯЙ

Тус цахим хурлын хөтөлбөрийн дагуу Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг “Хүүхдийн гэрийн болон хоног болоогүй эндэгдлийг бууруулах нь” сэдвээр танилцуулга хийлээ. Тэрээр мэдээлэхдээ, нярайн сэхээн амьдруулахыг сайжруулах, хүүхэд тэр дундаа нярайд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. Мөн хүүхдийн осол, гэмтэл, хүчирхийллийн асуудалд онцгой анхаарах, залуу эмч нарын ХӨЦМ-ийн мэдлэг, хүүхдэд тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэв. Залуу эмч нарын ХӨЦМ-ийн мэдлэг, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМШУИС-тай санал солилцон 2012-2013 оны хичээлийн жилд ХӨЦМ-ийн хичээл оруулж байсан. Түүнчлэн Захирлын зөвлөлд санал оруулснаар энэ хичээлийн жилд 6 дугаар дамжааны оюутнуудад тус сургалтыг нэмэлтээр оруулах шийдвэрт хүрсэн гэдгийг Г.Энхцэцэг дарга мэдээллээ.

Ы

Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан тус аймгаас харьяа эмнэлгүүддээ зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжид 0-2 насны бүх хүүхдийг гэрийн идэвхитэй эргэлт хийн, шаардлагатай хүүхдэд гэрээр эмчилгээ хийхийг зөвлөсөн аж. Одоогоор 1367 хүүхдийг уг үйлчилгээнд хамруулжээ. Тэдний 14,8 хувь нь томуу, томуу төст өвчлөлтэй байсныг илрүүлж, эмчилсэн байна.

ЫЙ

ЭХЭМҮТ-д “Хүүхдийн ерөнхий мэргэжилтний уулзалт” зохион байгуулагдах аж. Энэ уулзалтаар бага насны хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжээр лекц бэлтгэн танилцуулах болсныг тус төвийн захирал Ш.Энхтөр хэлэв.

Ы

Түүнчлэн ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Т.Эрхэмбаатар нийт хуралд оролцож буй эмч нарт “Том урагтай жирэмсэн эхийн төрөлт удирдах” чиглэлээр илтгэл тавьж, тодорхой зөвлөгөө өгсөн юм. Том төрөлт буюу 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрөх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон нь эхийн хооллолт, цусан дахь сахарын өвчний далд хэлбэр төдийгүй нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг ч нөлөөлөх болсон. Өнөөдөр нийт төрөлтийн 15 хувь нь 4000 гр-аас дээш буюу том ураг төрж байгаа тул орон нутагт болон нийслэлд ажиллаж буй хүүхдийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын дэлгэрэнгүй судалгаа, мэргэжлийн сургалтанд хамрагдсан байдлыг үндэслэн эрчимт сургалтуудыг явуулах төлөвлөгөө гаргахыг зөвлөв.

БЫЙ

П.Наран

Shuud.mn
Сонин хачин