Хятадын Дунгуань мужид биеэ үнэлэгчдийг өндөр үнээр зуучилж байсан 12 газрыг хааж, 67 хүнийг баривчилсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Дунгуань мужид хууль бус биеэ үнэлэлт газар авсан тул “Биеэ үнэлэгчдийн гол жуучлалын төв” хэмээн нэрлэгдэх болжээ. Дээрх мэдээллийг “Синьхуа” агентлаг цацсаны дараа саун, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудын 6000 гаруй ажилтныг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр ДЭМБ-аас явуулсан судалгаагаар Бээжинд 1.2 сая, бусад мужуудад зургаан сая гаруй биеэ үнэлэгч байдаг нь тогтоогджээ.
Бээжин хотын биеэ үнэлэгчтэй тэмцэх тасгийн дарга Вань Лигийн мэдэгдсэнээр, “Жуулчлалын улирал болох 4, 5, 6, 7 саруудад барууныхны үйлчлүүлдэг зочид буудлуудад зохион байгуулалттай биеэ үнэлэлт газар авч, элдэв янзын өвчин дэгддэг. Хэдий цагдаагийн байгууллагыхан байнга хараа хяналтдаа байлгадаг ч тодорхой үр дүнд хүрэхгүй” байна гэжээ.
Хятадын Комминуст намаас 2000 оны нэгдүгээр сард биеэ үнэлэгчтэй тэмцэх хуулийг баталсан юм. Тус хуульд зааснаар, “15-аас доош насны хүүхэд биеэ үнэлж байгаад баригдсан тохиолдол 7-10 жилийн хорих ял. Биеэ үнэлэгчдийг зуучилсан этгээдэд бүх насаар нь хорих ял, 18-аас дээш насны биеэ үнэлэгчид 15-20 жилийн хорих ял ногдуулах”-аар заажээ.
Б.Дэлгэрцэцэг