Шорон руу зэвсэглэсэн этгээдүүд халджээ
2014-02-14

Иеменийн төв шорон руу зэвсэглэсэн этгээдүүд халдаж, буудалцаан болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Буудалцааны үеэр долоон цагдаа болон гурван албан хаагч амиа алдсан тухай Иемений төв мэдээллийн “Yare” агентлаг мэдээлсэн байна.

50 гаруй зэвсэглэсэн гэмт этгээд өчигдөр шорон руу халдсаны улмаас цагдаагийнхан гал нээж, шоронг хамгаалалтадаа авчээ. Тусгай хүчнийхэн үйл ажиллагаа явуулсан ч 10 гаруй хоригдол шоронгоос оргожээ.  Шорон руу халдсан халдлагын хариуцлагыг ямар нэгэн зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байгаа ч Иемен улсын эрх баригчид халдлагыг Аль Кайдагийн террорист бүлэглэл үйлдсэн байх магадлалтай гэжээ. Аль Кайдагийн дайчид Иеменд байнга халдлага зохион байгуулж, олон мянган иргэний амь насанд заналхийлдэг билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зэвсэгт этгээдүүд Батлан хамгаалах яам руу дайрч, 50 гаруй хүний амийг хороожээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин