Л.Раднаасүрэн: Шатахууны хомсдол үүсэхгүй
2014-02-21

Энэ сарын 13-нд шатахууны үнэ нэмэгдэж, бүр хомсдол үүсэх тухай яригдаж эхэлсэн. Зарим шатахуун түгээх станц АИ 92 шатахуун дууссан, түгээхгүй гэж байсан ч одоогоор хэвийн байна. Уул уурхайн яамнаас өгсөн мэдээллээр манайх шатахууны 32 хоногийн нөөцтэй байгаа аж. Газрын тосны газар ч ийм мэдээ өгч байна. Харин цаашдын нөөц болоод үнийн талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.

ххх

-Шатахууны нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 32 хоногийн нөөц гэдэг нь хэвийн гэсэн үг үү?

-Одоогоор манайх шатахууны 32 хоногийн нөөцтэй байна. Энэ бол ердийн хэрэглээний хангалттай нөөц. А-80 шатахуун 46 хоногийн нөөцтэй байгаа бол АИ-92 автобензин 30, дизелийн түлш 42 хоногийн хэрэглээг хангах боломжтой байна. 2012 оны мөн үеийнхээс шатахууны нөөц 2.5 дахин их байгаа.

ааа

-Тэгэхээр нөөцийн хувьд санаа зоволтгүй гэж ойлгож болох уу?

-Үлдэгдэл хангалттай байгаа. Хомсдол үүсэхгүй гэж ойлгож болно. Бид долоо, долоо хоногоор мэдээ авдаг. Аль компанийн нөөц багасч, аль нь хэвийн гэдгийг байнга хянаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тэгэхээр гэнэт хомсдол үүсэхгүй гэсэн үг. Хэрэв шатахууны нөөц 20-оос доош хоногт орвол анхаарах шаардлагатай болно. Харин одоо бол нөөц хэвийн түвшинд байна.

ааа

-Импортлогч компаниуд гуравдугаар сарын захиалгаа өгч эхэлсэн үү?

-Энэ сарын 25-наас гуравдугаар сарын захиалгаа өгч эхэлнэ. Бүх компани хоёрдугаар сарын захиалгаа өгч, тооцоогоо хийсэн. Хоёрдугаар сарын захиалгын талаас илүү хувь нь орж ирсэн байгаа.

ааа

-Үнийн тухайд. Дахиад гэнэт нэмэгдэхгүй гэх баталгаа бий юу?

-Нэг хэсэгтээ хэвийн, тогтвортой байна. Бидний хийсэн прогнозоор долларын ханш тогтворжиж, хилийн үнэ ч өсөхгүй. Тэгэхээр 2-3 сардаа шатахууны үнэ нэмэгдэх магадлал бага гэж ойлгож болно.

аа

В.Бат

Shuud.mn
Сонин хачин