“Бороо Гоулд” ХХК хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг 2010 онд үргэлжлүүлэн хэрэгжүүллээ
2011-01-13

“Бороо Гоулд” ХХК-ийн удирдлага 2010 оны 12 дугаар сарын эцсээр болсон удирдах ажилтнуудын хурлаараа 2010 онд тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг дүгнэж, Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтүүдийг үргэлжлүүлэн хангаж ажиллах талаар тус компаниас цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

“Бороо Гоулд” ХХК-ийн Байгаль орчны хэлтэс 2010 онд 56 га газрыг нөхөн сэргээж, олон томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна. “2003 оноос хойш нийт 264 га газрыг нөхөн сэргээгээд байгаа нь уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөгдсөн нийт талбайн хагас нь болж байна” гэж тус компанийн Байгаль орчны хэлтсийн дарга Б. Лхамсүрэн хэлээд “Бид нөхөн сэргээлтийн чанарт онцгой анхаарч ажилладаг. Нөхөн сэргээсэн талбайд ургамал, амьтан сэргэн нутагшиж, жил ирэх тусам байгалийн унаган төрхөөрөө байгаа, хөндөгдөөгүй газартай төстэй болж байгаа” гэсэн юм.

Тус компаниас санаачлан жил бүр зохион явуулдаг болсон уурхайн аврах багуудын тэмцээнд уул уурхайн компаниудаас анх удаа 13 баг оролцсон нь тус компани аюулгүй ажиллагааны соёлыг түгээх, Монгол Улсад аюулгүй уул уурхайн жишиг болохоор анхаарч ажилласаар байгаагийн нэг илэрхийлэл юм.

“Бороо Гоулд” ХХК-ийн Санхүү, захиргаа хариуцсан дэд ерөнхийлөгч Даг Кран “Бороо Гоулд” ХХК нь 2009 онд манлай татвар төлөгчөөр шалгарсныг дурьдаад, 010 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 47.5 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа учир 2010 онд ч гэсэн энэ амжилтаа давтана гэж найдаж байна гэсэн юм.

“Бороо Гоулд” ХХК-ийн Орон нутаг хөгжүүлэх сангийн Бичил зээлийн хөтөлбөр 2010 онд нэлээд амжилттай хэрэгжсэн дүн гарч байна. Баянгол суманд хэрэгжүүлж байгаа бичил зээлийн хөтөлбөр нь тус компанийн хандивын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус компани нь Сэлэнгэ аймаг, түүний сумдад жил бүр нэг тэрбум орчим төгрөгийн хандив тусламж үзүүлж байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын тусын тулд “Бороо Гоулд” ХХК нь 2011 онд томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, тус компани нь шинээр амаржих газар барих ажилд зориулан 8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм.

Тус компани нь Монгол Улсад 2004 оноос хойш алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улс, орон нутгийн төсөвт 209.5 тэрбум гаруй төгрөгийн татвар төлж, манлай татвар төлөгчөөр шалгарч байсан билээ. “Бороо Гоулд” ХХК нь Монгол Улсад уул уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчны олон улсын шалгарсан стандартууд, тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн хариуцлагатай уул уурхайн жишиг болсон компани юм.

“Бороо Гоулд” ХХК нь Монголын ард түмэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан Монгол Улсад цаашид олон жилийн турш үргэлжлүүлэн ажиллахыг зорьж байна..

Shuud.mn
Сонин хачин