Өсвөр насныхан 11 настайдаа анх архи уусан гэжээ
2014-02-23

Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор жил бүрийн хоёрдугаар сарын сүүлийн 15 хоногт тэмдэглэдэг “Архидан согтуурахаас сэргийлье” өдөрт зориулан Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллийг хүргэж байна.

Архигүй Монголын төлөө

Монгол улсын хүн амын дунд архидалт, архинд донтох эмгэг газар авч байгаа нь эдүгээ хүн амын эрүүл мэндийг доройтуулаад зогсохгүй бидний хойч үеийн зан үйлийг эвдэж, хүмүүсийн оюун санаа, нийгэм эдийн засагт асар их гарз хохирол учруулж байна. Архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болж биеийг хордуулж, сэтгэцэд мансууруулах нөлөө үзүүлж, донтолт үүсгэснээр хүний сэтгэлзүй, нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулж, эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхүйц хор хөнөөл үзүүлж байна.

 Архидалттай холбоотой хууль, хөтөлбөр, төслөөр олон ажил хэрэгжүүлж байгаа ч цөөн хүн амтай манай орны хүмүүсийн өвчлөл, нас баралт, гэмт хэргийн гаралтад “архи” нь багагүй үүрэг гүйцэтгэсээр байна.

Дэлхийн улс орнуудад 1 хүнд ноогдох архины хэмжээ жилд 5 литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар ферментийн агууламж европ хүнийхээс 3.5 дахин бага байгаа нь тогтоогджээ. Иймд согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

Архидан согтуурч биеэ авч явах чадваргүй болсон, хэв журмын зөрчил гаргасны улмаас сүүлийн 5 жилд 651 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногт 356-383 хүн, 2013 оны эхний 10 сарын байдлаар 110,000 гаруй хүн “эрүүлжүүлэгдсэн” байна.

2012 онд хийсэн судалгаагаар хүн амын 10.3 хувь буюу эрэгтэйчүүдийн 37.5 хувь, эмэгтэйчүүдийн 9.7 хувь архи хэтрүүлэн хэрэглэсэн байна. Түүнчлэн оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэгч байсан нь архи хүний үр удамд хэрхэн нөлөөлдгийг харуулж байна.

Согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр ууснаас цусан дахь спиртийн агууламж эрс нэмэгдэж, цочмог согтолттой холбоотойгоор осол, гэмтэл, элэгний хатуурал, зүрх судасны эмгэг, сэтгэл гутрал, донтолт зэрэг архаг өвчин үүсч байна. Архины шалтгаант элэгний өвчнөөр жилд дунджаар 600 хүн өвчилж, нойр булчирхайн цочмог үрэвсэл, түүний хүндрэлээр өвчлөгсдийн тоо жилд дунджаар тогтмол 26.2 хувиар өсч, 2003 онд 10000 хүнд 13.01 тохиолдол ногдож байсан бол 2010 онд 27.30 болж, даруй 2.1 дахин өссөн байна. Уг өвчнөөр жилд дунджаар 51 хүн нас барж, 2004 онд 10000 хүнд 0.16 тохиолдол ногдож байсан бол 2011 онд 0.22 болж, 37.5 хувиар нэмэгджээ.

Наркологийн төв эмнэлэгт 2011-2012, 2013 оны эхний 10 сарын байдлаар архинд донтон эмчлүүлсэн 5951, гүн хордлогод орж эмчлүүлсэн 477, улсын хэмжээнд 2011-2012 онд архинд донтон хэвтэн эмчлүүлсэн 11379, архины гүн хордлогод 736 хүн эмчлүүлсэн байна. ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт анх хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээний үр дүн 50 хүрэхгүй хувь, давтан эмчлүүлэгчдийх 10-15 хувь байна.

Согтууруулах ундаанаас үүдсэн өвчлөл, нас баралтаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь дан ганц эрүүл мэндийн салбарын ажил бус, бүх салбарын оролцоо шаардсан нийгмийн асуудал юм. Бидний хойч үе болсон залуучуудын дундах архины хэрэглээ буурахгүй байгаа нь “анхааралгүй орхиж болохгүй” асуудал юм. ЕБС-ийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд архины хэрэглээний талаар судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ. Мөн ихэнх нь 11 орчим насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн байна.

Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, мөн жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг. Уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.

Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодийн бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь буурдаг. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05 хувь болоход их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орно. 0.01 хувь болоход хөдөлгөөнийг хянадаг тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарч, 0.02 хувь болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлж, 0.03 хувь болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино. Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04 хувь хүрвэл хүн ухаан алдана. Цусан дахь архи 0.06 хувьд хүрвэл үхэлд хүргэнэ.

Архи согтууруулах ундаа нь тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийг архи уусан хүнд илэрдэг дараах шинжээс харж болно. Үүнд: явж чадахгүй болох, юм бүдэг харагдах, яриа дультрах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах гэх мэт. Зарим шинжүүд нь зөвхөн нэг хоёр хундага архи уухад ч илэрдэг. Их хэмжээний архийг нэг дор уух, ходоод хоосон үед архи уухад “тасрах” буюу тухайн үеийн үйл явдал, тухайн мөчийг санадаггүй. Тасрах нь огцом архины хордлогод орсноос болдог байна. Энэ үедээ хүн зохисгүй авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт эрсдэлд орох нөхцөл бүрддэг. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5 түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 түүнээс илүү хундага архи уухыг хэлнэ.

“Савнаасаа бусдыг дийлдэг” энэ идээний хор хөнөөлийн талаар ултай суурьтай тунгаан бодож, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, үр хүүхэд, ирээдүй үедээ үлгэр дууриал үзүүлснээр Та бид Архигүй гэр бүл, Архигүй хамт олон, Архигүй Монгол болно хэмээн уриалж байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
arhiiig jigshuuldeg toriin bus baiguullaguud zondoo bdag ym bna lee .gehdee haana bdag ni mededggui haisan humuus ih bdag ym bna.ene talaar toroos sain surtalchlaacheeee tiim baiguullagauud end bnatend bna geed arhinii esreg tor uls yu ch hiigui bna daaaa
2014-02-24