Төмөр замын тээвэрлэлтийн талаар зөвлөлдөж байна
2014-03-03

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хүрээнд жил бүр төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцохын зэрэгцээ хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргадаг байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Бүгд найрамдах Казакстан улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс зэрэг 6 орны хүрээнд болдог тус хурал өнөөдөр Улаанбаатарт эхэллээ.

 Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх хурлаар гишүүн 6 орны төмөр замаар 2013 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг дүгнэж, энэ онд тээврлэх экспорт, импортын болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирох юм. Хуралд нийтдээ 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ үеэр хоорондоо хиллэдэг төмөр замууд тус бүрээр нийт 12 бүлэг хуралдаан болох аж.

Дээрх хуралтай давхцуулан ЗТЯ, “Улаанбаатар төмөр зам”/УБТЗ/ ХНН хамтран “Транзит Монгол” зөвлөгөөнийг “Уян тариф”, “Хатуу график”, “Нэг цонх” сэдвийн дор зохион байгуулж буй юм. Ингэснээр Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн бодлого, чиглэлийг олон орны төлөөлөгчдөд сурталчлах боломж бүрджээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил УБТЗ ОХУ руу 1387.59 мянган тонн, Хятад руу 5852.22 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Мөн ОХУ-аас БНХАУ руу 1530.46 мянган тонн, БНХАУ-аас ОХУ руу 226.31 мянган тонн ачаа дамжин өнгөрсөн ачааг тээвэрлэсэн байна.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин