Татварын хуулийн хэрэглээ эрсдэл дагуулдаг уу?
2011-12-07

Татварын хуулийн хэрэглээ эрсдэл дагуулдаг уу? сэдвээр бизнес эрхлэгчид болон мэргэжлийн чиглэлийн оюутнууд Сангийн яам, татварын албаныхантай  нэг ширээний ард сууж хэлэлцэхээр болов. “Татварын хуулийн хэрэглээ, түүнээс үүсэх эрсдэл” сэдэвт бизнес эрхлэгчид, нягтлан бодогчдын уулзалт хэлэлцүүлэг маргааш Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд болно. Уг уулзалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монголын нягтлан бодох бүртгэл аутсорсингийн холбоотой  хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгээр хөндөгдөх сэдвүүд Монгол Улсын татварын тухай багц хуулийн хэрэгжилт бизнес эрхлэгчдэд хэрхэн тусдаг талаар болон цаашдын чиг хандлага, татварын талаар төрийн ямар бодлого, эрхзүйн өөрчлөлт чухал байгааг харилцан ярилцах юм. Түүнчлэн Татварын багц хууль, түүний хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхийн сацуу түүний өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулах зорилго агуулж буйгаараа онцлог юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны ажлын төлөвлөгөөнд багтсан “Аж ахуйн нэгжийн татвар, санхүү бүртгэлийн тогтолцоог сайжруулах” ажлын хүрээнд бизнес эрхлэгчид, татварын алба, нягтлан бодогчдын хамтын ажиллагаа уялдааг сайжруулж, идэвхжүүлэх зорилгоо энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Харилцаанд тулгамдаж буй асуудлууд, төрийн зүгээс баримталж буй бодлого, хууль эрх зүйн актуудын талаарх мэдээллийг ч мөн үеэр бизнес эрхлэгчдэд түгээхээр Татварын ерөнхий газрын холбогдох хэлтсүүд илтгэл, мэдээлэл бэлтгээд байна. Хэлэлцүүлгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нээж үг хэлэх бөгөөд, үндсэн дөрвөн илтгэлээр бизнес эрхлэгчид, нягтлан бодогчид, мэргэжлийн чиглэлийн эрдэмтэд, оюутнууд мэтгэлцэнэ. “Аутсорсингоор бизнест давуу тал олох нь” сэдвээр МУИС-ийн багш, МНББАХ-ны тэргүүн, докторант  Б.Хүрэлбаатар, “Монголын татварын багц хууль түүнийн хэрэгжилт, татвар төлөгчдөд үүсэх эрсдэл” сэдвээр ТЕГ-ын ХЭЗХ-ийн дарга О.Тэнгис,  “Татварын хуулийн бодит хэрэгжилт” сэдвээр Бизнес эрхлэгчдийн төлөөлж, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Татварын эрсдэлийн удирдлага” сэдвээр ТЕГ-ын ЭУХ-ийн  дарга Д.Баясгалан нар тус тус илтгэнэ. Хэлэлцүүлэг чөлөөт асуулт, хариултын цагтай. Оролцогсод үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан сонирхсон асуудлаараа харилцан асуулт хариултад оролцох бололцоотой.
Shuud.mn
Сонин хачин