Барилгачдад хичээл заана
2014-03-07

Хүн төрөлхтний хурдацтай хөгжилд их барилга тэргүүлэх салбар байсаар ирсэн бөгөөд манай орны хувьд ч техник технологийн өндөр мэдлэг чадвартай, нийгмийн шинэ нөхцөлд зохицон ажиллах мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай байдаг. Энэ үүднээс Монголын барилгын салбарын тэргүүлэх нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци /ҮББК/-ийн зүгээс Барилгын Политехникийн Коллежтэй хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгуулан өөрсдийн зардлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын танхимыг /ХАБЭА/ тохижуулан нээлээ.

й

Энэхүү сургалтын танхимд ҮББК-ийнхан нийт ажилтнууддаа сургалт явуулах бөгөөд бусад барилгын компаниуд ч ажилтнууддаа хөдөлмөр хамгааллын мэдлэг олгох боломжтой юм байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн тогтвортой ажлын байр бий болгож, барилгын салбарыг улирлын эрхшээлээс гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээдэлсэн жишиг байгууллага байх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, чадавхижуулах зорилтын хүрээн дэх үйл ажиллагаа билээ.

й

ҮББК өөрийн нэрэмжит ХАБЭА-н танхимаар дамжуулан барилгачдыг мэргэшүүлэх, үнэмлэхжүүлэхээс гадна барилгын үндсэн мэргэжилтэн бэлтгэдэг гол сургуулийг үйлдвэрлэлтэй холбож байгаа юм. Ингэж байж чадварлаг, ажилдаа дур сонирхолтой мэргэжилтнүүдийг бэлтгэнэ хэмээн талууд үзэж байна.

й

Өнөөдөр Монгол Улсын барилгын салбарт 50 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд 1000 гаруй хүнтэй 2600 орчим компани бүртгэлтэй байдаг. Тэр дундаас ҮББК компанийн засаглалын хариуцлагын тогтолцоог үлгэрлэж ерөнхий гүйцэтгэгч болон боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг ийнхүү эхлүүллээ.

ы

Дашрамд дурдахад, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь Монголын барилгын салбарын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импекс" компаниудын нэгдэл юм. Тус корпораци Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 200-гаад инженер техникийн ажилтан, 2676 туршлагатай ажилчинтай бөгөөд ямар ч томоохон хэмжээний төслийг бие даан гүйцэтгэх хүчин чадал бүхий бүтэц, бүрэлдэхүүнийг бий болгоод байна.

й

ҮББК нь шинэчлэлийн Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлд зориулсан 1575 айлын есөн давхар, 25 барилгаас бүрдэх "Буянт-Ухаа 1" хорооллыг Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар амжилттай барьж, эхний ээлжийн орон сууцнуудыг хүлээлгэн өгөөд байгаа билээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин