“Эмэгтэйчүүд Монгол улсын хөгжлийн төлөө”
2014-03-07

Монгол улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан “Эмэгтэйчүүд Монгол улсын хөгжлийн төлөө” сэдэвт архивын гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэл хөгжил, зорилго, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгмийн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг баримтад тулгуурлан олон нийтэд сурталчилан танилцуулахад чиглэгдсэн байна. Уг үзэсгэлэнд архивын 99 бичиг баримт, 206 гэрэл зураг, 50 гаруй биет үзмэр дэлгэгджээ.

Үзэсгэлэн нь долоон дэд хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, удиртгал хэсэг, хувьсгалаас өмнөх үеийн Монголын эмэгтэйчүүд, 1921-1940, 1941-1960, 1961-1990, 1991 оноос одоог хүртэлх Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, түүний үйл ажиллагаа, тэдний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, улс төрийн намуудын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын тухай гаргасан байна.

“Эмэгтэйчүүд Монгол улсын хөгжлийн төлөө” үзэсгэлэнд эрт эдүгээгийн олон сонирхолтой баримт, бүтээлүүд тавигджээ. Тухайлбал, Монгол ван, гүнгүүд Хятад лугаа ураг барилдан холбож үүрд үл болох тухай Богд хааны зарлиг, Гурван ихэр хүү төрүүлсэнд ам бөс шагнах заалт зэрэг уйгаржин монгол бичгээр бичсэн түүхэн баримтууд байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга Д.Пагамдулам, “Хүмүүн төрөлхтөн” дууны үгийг зохиогч Д.Цэрэнлхам, БНМАУ-ын хошууны анхны эмэгтэй Засаг дарга Д.Дунгаржид, анхны эмэгтэй сайд Д.Пунцаг, анхны хүний их эмч Д.Сэржмядаг зэрэг түүхэнд өөрийн үйл хэргээ мөнхлөн үлдээсэн эмэгтэйчүүдийн гэрэл зургийг байрлуулжээ.

Монгол улсын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг товойлгон гаргасан энэхүү үзэсгэлэн энэ сарын 21-ныг хүртэл дэлгээтэй байж, олны хүртээл болох юм.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Адьяа:
Төр, нийгмийн ахмад ажилтан Д.Догсмоо, Б.Гүнсэн, Ч.Аюуш нарын зэрэг түүхт эмэгтэйчүүдийн гэрэл зураг энэ үзэсгэлэнд тавигдсан уу?
2017-04-01
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-07