Мэдээллийн шуурганд өртсөн долоо хоног
2014-03-09

Хүн, малын зоо тэнийх урин улирал аль хэдийнэ ирсэн ч жиндүү салхитай жихүүн өдрүүд үргэлжилж байна. Өвлөөс ч дутуугүй хахир хүйтэн байна гэсэн цаг уурчдын мэдээллийг баталсан гуравдугаар сарын эхний долоо хоногт эх оронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Аймаг орон нутаг, салбар бүрт ажил, амьдрал өрнөсөн ч онцлох цөөн хэдэн үйл явдлыг тоймлов. Идэж ууж байгаадаа эргэлзэх айдсыг дарах бус өдөөсөн зөрүүтэй мэдээллүүд албаны хүмүүсийн амнаас гарч, МИАТ ХК-ийнхан үнэн, худал нь үл ялгагдах ээлжит хэрүүлийн алимаа бие биен рүүгээ шидэж, товчхондоо мэдээллийн шуурганд өртсөн нэгэн долоо хоног өнгөрлөө.

1

Хамгаалагдах биш хөндөгдсөн эрх ашиг

1

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хүнсний ногоонд хортой бодис илэрсэн талаар мэдээлэл хийнэ гэсэн зар сэтгүүлчид төдийгүй олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн сонирхлыг татав. Өдөр тутам идэж хэрэглэдэг хүнс маань хоол биш хор байх нь гэсэн эмзэглэл, айдсыг хүн бүрт төрүүлсэн энэ мэдээллээс болж, мэргэжлийн хяналтын байгууллага, хүнсний салбарынхан ихээхэн сандралд оров. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын захиалгаар ЭМШУИС-ийн багш, доктор, профессор З.Ичинхорлоогоор ахлуулсан судалгааны баг хүнсний ногоо, жимс жимсгэнэд шинжилгээ хийжээ.

1

Судалгаагаар Монголд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь, Хятадаас импортолсон ногооны 80 хувь нь химийн хорт бодистой байгааг тогтоосон гэнэ. Тэр дундаа газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ, Төв, Булган, Ховд аймагт тарьсан хүнсний ногоонд хорт бодис ихээр илэрчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас авчирсан ногооны 55 хувь нь, Төв аймгийн зарим сумаас ирсэн ногооны 34 хувь нь, Өмнөговийн улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь нь, Баянзүрх дүүрэгт тарьсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувьд нь нэлээд их гэж хэмжигдэхээр пестицид илэрсэн гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Албаны хүн, мэргэжлийн эмчийн өгсөн мэдээлэл олон нийтийг юу идэх вэ гэсэн эргэлзээнд “унагаж”, айдаст автуулаад байсан ч төрийнхний өгсөн залруулга бага ч атугай тайвшруулав. Ийм мэдээлэл гарсны маргааш МХЕГ, ҮХААЯ-наас хүнсний ногоонд пестицид гэх бодис тодорхой хэмжээгээр бүр тодруулбал зөвшөөрөгдөх хэмжээнд байгааг дуулгав. Товчхондоо бидний идэж буй хүнсний ногоо, жимс жимсгэнэ хорт хавдрыг бий болгож, ургийн гажиг үүсгэх хэмжээний биш гэдгийг мэдэгдсэн юм.

1

Холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудын хийсэн зөрүүтэй мэдээлэлд цэг тавих үүднээс судалгаа хийсэн багийн ахлагч ЭМШУИС-ийн багш, доктор, профессор З.Ичинхорлоотой холбогдоход нэлээд бухимдалтайгаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг буруутгаж байв. Маш бага дээжинд хийсэн судалгааг яаран танилцуулж, олон нийтийг төөрөгдүүллээ хэмээн судлаач багш уг асуудалд таатай хандсангүй. Эндээс ганцхан дүгнэлтийг хийж болно. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэх энэ байгууллага ажил хийсэн болж харагдахыг хүсчээ. Ингэхдээ бусдын хийсэн судалгааг зөвшөөрөлгүйгээр ашигласан нь явуургүй үйлдэл болов. Ямартай ч бидний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага энэ удаад айлгаж, эмзэглүүлэхээс өөрийг хийж чадсангүй.

1

Шигшигдсэн 888

1

Монгол Улсын Засгийн газраас 2014 оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан. Энэхүү том зорилгодоо ихээхэн ач холбогдол өгч, нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ. Ингэхдээ импортын бүтээгдэхүүнийг орлох, экспортлох боломжтой төслүүдэд хөрөнгө оруулахаар боломжийг ч нийтэд нээлттэй болгосон. Хөрөнгө оруулалт хүссэн нийт 1151 төсөл ирснээс 59 нь давхардаж, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан аж. Ийн шалгарсан 1088 төслөөс 200 нь зорилгод учраас 888 шигшигдэн үлджээ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төсөлд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 4.2 их наядын зээл авах хүсэлтийг ирүүлээд байгаа аж. Ирүүлсэн төслүүдээс долоон салбарын  экспортыг, найман салбарын импортыг дэмжих төсөл байгаа юм. Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна нийт төслийн үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцоог гаргаад байгаа аж.

1

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “888 төслөөс олонх нь барилгын материалын үйлдвэрлэл багтаж байна. Бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа бол барилгын материалын үйлдвэрлэлээ бид дэмжих ёстой. Мөн хамгийн бага зээл таван сая бол хамгийн өндөр төсөл нь 285 тэрбум төгрөгийг зээл хүссэн байсан” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Төслүүдийг санхүүжүүлэх зээлийг таван жилийн хугацаатайгаар  есөөс илүү хувийн хүүтэйгээр олгохоор төрийнхөн ярилцаж байна. Төрийн дэмжлэг үйлдвэрлэлийн салбарт хүрдэггүй гэх хандлага энэ жил өөрчлөгдөх нь тодорхой болов. Харин төрөөс дэмжлэг авсан үйлдвэрлэгчид нэр төдийхөн биш улсын хөгжилд нэмэр болж, нийтийн хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн гаргах нь хамгаас чухал. Эсгий урлал, ноолууран бүтээгдэхүүнээс цааш хэтрэхгүй байгаа үйлдвэрлэлийн салбар хөгжих эхлэлээ тавьсан гэдэгт найдаж байна.

1

Миарсан МИАТ

1

Монголын агаарын тээвэрт хувь, хувьсгалын хэд хэдэн авиакомпани үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс хамгийн том нь төдийгүй төрийн өмчит ганц компани нь МИАТ ХК. 50 жилийн түүхтэй энэ компани өдгөө хэрүүлийн уурхай болсныг удаа дараагийн үйл явдлууд харуулна. Хэдэн тэрбумаар нь идэж уудаг гэмт хэрэгтнүүд энэ л байгууллагаас “тодорч”, хэл ам таталж, хэрүүл хийгчид ч эндээс гардаг. Хамгийн сүүлд гэхэд МИАТ ХК БНСУ-ын “Сэй Юү” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, гэрээ байгуулсан нь удирдлагуудынх нь хооронд хэрүүл үүсэх шалтгаан болоод байгаа юм. МИАТ ХК-ийн хамгийн ашигтай ажилладаг чиглэл, хамгийн сайн ажилладаг баг гэж Сөүл дэх төлөөлөгчийн газрынхнаа магтдаг атлаа тэдний ажлыг Солонгосын компанид шилжүүлэх гэж байсан нь хэн хүний сонирхол татна. Тийз борлуулахаас эхлээд ачаа тээш, Европ руу дамжин өнгөрөх зэргээр МИАТ Солонгос дахь бүх ажлыг хариуцах саналыг гаргасан “Сэй Юү” компанийн гэрээнд гарын үсэг зурсан С.Билэгсайхан буруутан болж, ажлаасаа халагдав. Харин гүйцэтгэх захирал огт өөр зүйл яриад сууж байгаа. Твиттерээр хийсэн хэрүүлээс нь болж С.Билэгсайханыг халсан гэж байгаа боловч үнэн хэрэгтээ өөрийхөө өмнөөс түүнийг золиосолсон гэж болно.

1

Хамтран ажиллах саналыг хүлээж авлаа хэмээн С.Билэгсайханаар гарын үсэг зуруулсан нь хамгаас хачирхалтай. Ямартай ч Г.Жаргалсайхан хүний гараар могой бариулсан нь энэ удаад ил тодорхой харагдаж байгаа юм. Барьцаа мөнгө болгож “Сэй Юү” компаниас таван сая ам.доллар авсан нь ч тодорхой болсон. Бизнесийн нууц хэмээн халхавчилсан нь зугтах аргагүй үнэн нь харагдаж байгаа. Ямартай ч хэл ам, хэрүүл нь байнга дотроосоо гардаг энэ байгууллагад эв түнжин, өөрөөр хэлбэл төрийн өмнөөс ажиллаж буй тэдэнд Монголын агаарын тээврийн хөгжил дэвшил огт падгүй бололтой. Өдөр хэдэн саяараа эргэлдэж байдаг мөнгө, албан тушаал, эрх ашгийг өмнөө тавьсан хэдэн хүн Буянт-Ухаан хонхорт “буг” болоод удаж байна.

1

Энэ өдөр сэтгүүлчдийн өдөр

1

Гуравдугаар сарын 6. Энэ бол сэтгүүлчдийн өдөр. 1913 оны энэ өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараа гаргаснаар Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны шан татагдсан түүхтэй. Тиймээс Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжсөн энэ  өдрийг 1993 оноос “Сэтгүүлчдийн өдөр” болгосон билээ. Жил бүрийн энэ өдөр Монголын хэвлэл мэдээллийн салбар алдаа оноогоо дүгнэдэг. Тэр л уламжлалаар ажлаа дүгнэж, амжилт гаргасан үзэг нэгтнүүдээ шагнаж урамшуулсан юм.

1

Хийсэн ажил, хэлсэн үг нь олны нүдэнд ил байж, сайнаас илүү муугаар хэлэгддэг ч олон нийтэд мэдээлэл хүргэх үүргээ цаг алдалгүй, түргэн шуурхай биелүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Хувьсгалын он жилүүд, өөрчлөн байгуулалтын үе, ардчиллын цаг хугацаанд ч мэдээлэх үүргээ орхигдуулаагүй энэ салбар цаасан хэвлэлийн цахим ертөнцөд шилжихдээ алдаа оноог туулсан. Үүний гэрч нь үе үеийн сэтгүүлчид төдийгүй уншигч та бүхэн. Сардаа нэг гардаг байсан цаасан сонингоос долоо хоног тутам цаашлаад өдөр бүр цоо шинэхнээрээ хүрдэг байсан мэдээлэл өгдгөө цаг минутаар хэмжигдэн олны хүртээл болж байна. Хэвлэл мэдээллийн салбар түргэн, шуурхай цаг алдалгүй мэдээлэл хүргэх нүүрээ хангалттай биелүүлж байгаа. Харин мэдээллийн чанар, хамрах хүрээ, эх сурвалж, үнэн бодит байдал гээд анхаарах, засч сайжруулах зүйл цөөнгүй байгааг нийгэм ч шаардаж, бид ч гал тогоондоо ярилцдаг билээ. Болж бүтэхгүй байгааг үгүйсгэхгүй ч тэр бүхэн цаг хугацааны аясаар өөрчлөгдөн шинэчлэгдэж, өөрийн гэсэн өнгө төрхөө олно гэдэгт итгэдэг.

1

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин