Гарал үүслийн гэрчилгээгүй махан бүтээгдэхүүн нэвтрүүлжээ
2014-03-10

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор нийслэл орчмын шалган нэвтрүүлэх постуудад хяналтын цэгүүд гарч ажиллаж байгаа. Эдгээр хяналтын цэг болох Баруун туруун, Эмээлт, Нисэхийн товчоогоор орж ирсэн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй сүү, махан бүтээгдэхүүн оруулж ирсэн гурван иргэнд 90 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Мөн  хяналтын цэгийн ажилчид 890 тээврийн хэрэгсэл, 2446 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 306 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 712 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Түүнчлэн голомтын бус бүсээс хоёр толгой адуу, нэг толгой гахай, 17.1 тн үхрийн мах, 108.46 тн хонины мах, 8.6 тн адууны мах, 8.5 тн ямааны мах, 0.6 тн тэмээний мах, 0.75 тн дайвар бүтээгдэхүүн, 5600 л сүүг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлжээ.

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрөв нийт 12 цэгт Хэв журмын болон Замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ажилчид үүрэг гүйцэтгэж байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин