“Челси”-гийн дэмжигчдийн албан ёсны клубын нээлт болно
2014-03-11

Английн Премьер лигийн “Челси” клубын домогт хөлбөмбөгчин Керри Диксоны манай улсад хийх хоёр өдрийн аялал өчигдөр эхэлсэн. Түүний  аяллын гол зорилго нь өнөөдөр орой 19:00 цагт “VLVT” клубт болох “Челси” клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн албан ёсны клубын нээлтийн ёслолд оролцох юм.

Энэ онд “Челси” клубын 109 жилийн ой тохиож буй ба түүхт ойн ажлын хүрээнд “Челси”-гийн монгол фанатууд албан ёсны клубтэй болж байгаа аж. Ингэснээр “Челси” клубтэй албан ёсны харилцаа тогтоож, тус клубээс танилцуулж буй бүхий л боломжийг  ашиглахаас гадна “Челси” клубт бүртгүүлж, албан ёсны гишүүн болох эрхтэй юм байна.

Клубын нээлтийн ёслолын үеэр “Челси” клубын 109 жилийн ойд зориулсан шилдэг нийтлэлийн уралдааны ялагчийг тодруулж, шагнал гардуулна. Мөн “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд зочилж, дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх азтан тодорно. Энэхүү үйл ажиллагаа нь “Chelsea TV”-ээр 20 минутын нэвтрүүлэг болон цацагдах ба “Боловсрол суваг” телевизтэй хамтран бэлтгэж буй аж.

Харин Керри Диксон Монголд байх хугацаандаа өсвөрийн хөлбөмбөгчидтэй  тусгайлан уулзалт хийнэ. Мөн Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөжээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
*x:
монголын биш ман-ын дэргэдэх челскийг дэмжих нам юм бишүү, хахаха, glory, glory, man united!!!
2014-03-11