Эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар зөвлөлдөв
2014-03-16

Өнгөрөгч баасан гарагт “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг төрийн ордонд болсон. Хэлэлцүүлэгт оролцсон МАН-ын удирдлагууд болон зарим УИХ-ын гишүүн, эрдэмтэн судлаачид эдийн засгийг хүндэрсэн хэмээн үзэж буйгаа хэлсэн. Тэд ийн дүгнэхдээ хэд хэдэн тоог иш үндэс болгосон юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямраагүй гээд яриад сууж байгаа нь хариуцлагагүй, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Зөвхөн нэг жилийн дотор буюу 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болтлоо буураад байна. Мөн уул уурхайн салбарт 470-аас 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492-оос 926 аж ахуйн нэгж болж тус тус буурчээ. Эдийн засаг хэрхэн хүндэрснийг товч дүгнэхэд ийм байна” гэв. Мөн манай улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.долларт хүрсэн, зээлжих зэрэглэл буурсан, бүртгэлтэй ажилгүйчүүдийн эгнээ уртассан зэрэг тоо баримтыг дурдав.

1

Эдийн засаг хүндэрч байгаа шалтгааныг төр засгийн бодлоготой холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт учирсан хүндрэлийг богино хугацаанд шийдэх арга ухаан дутмаг, улс төрийн тоглолт хийдэг, хөрөнгө оруулалтаа оновчтой хуваарилж ашиглаж чадахгүй байгаа зэрэг дутагдлыг шүүмжилсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчид өнөөгийн нөхцөл байдалд онош тавьж, хүндрэлийг хэрхэн даван туулах саналаа дэвшүүлж байгаа аж.

1

Хамгийн эхэнд эдийн засагч Ч.Хашчулуун эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө батлуулж, хөрөнгө оруулалтын урсгалаа тогтмол, улс төрөөс хараат бус байдлаар байнга нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлсэн. Мөн бондоос хэт их хараат байж болохгүйг сануулав. Улсын хөгжлийг авч явах цөөн тооны томоохон төслийг маш эрч хүчтэй хөдөлгөх, өндөр хурдтай хэрэгжүүлэх шаардлагатай аж. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус чанартай, хүртээмжтэй, бүтээмж өндөртэй хэдхэн төслийг хөдөлгөх нь өнөөгийн эн тэргүүний зорилт болохыг илтгэлдээ дурдав. Тухайлбал, эрчим хүчний салбарт ТЭЦ-5, уул уурхайд Оюутолгой, Тавантолгой төсөл, ган, зэс хайлах, нефть, нүүрс боловсруулах зэрэг мега төслийг хөдөлгөхөд л хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж, бүтээн байгуулалт идэвхжиж, макро эдийн засгийн өсөлт яваандаа нэмэгдсээр Төв банкнаас мөнгө хий хоосон хэвлэх, бондыг үрэн таран хийх ямар ч шаардлагагүй болно гэж байлаа.

1

Эдийн засагч Ч.Анхбаярын хувьд Монголбанк, Засгийн газартай хамтарсан үнэ тогтворжуулах, “Чингис” бонд, Хөгжлийн банкны хөтөлбөрүүд нь нэг талаас импортыг тэтгэсэн, нөгөө талаас бизнесийн орчинг муутгасан гэсэн дүгнэлт хийсэн. Түүнчлэн, валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй үр дагавар нэлээн сөрөг байдлаар илэрч байгааг хэлсэн. Тухайлбал, валютын ханшийн огцом өсөлтийн үр дагавраар валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд 573 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээсэн. Валютын чанаргүй зээл 2.6 дахин нэмэгдсэн зэрэг нь асуудлыг хүндрүүлж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг бодит түвшинд нь хүртэл бууруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг багасгах, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын орлогыг дорвитой дэмжих, нүүрс, төмрийн хүдрийн өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

1

Мөн хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харуулсан зурган өгүүлэмжүүдийг самбар дээр байрлуулсан байв. Үүнээс харахад хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.долларт хүрсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг жилийн дотор +В-ээс -В рүү орж, 2 шат буурсан, 2013 онд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 19.6 хувиар өссөн, манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 14 байраар ухарсан, чанаргүй зээл 92 хувиар өссөн гэх тоо баримтыг харуулжээ.

1

Хэлэлцүүлгийн төгсгөлд МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, шийдэл, төлөвлөгөө боловсруулж УИХ, Засгийн газрын төвшинд ярих, өргөн барих шаардлагатай хэмээн дүгнэсэн. Мөн УИХ-ын дэргэд Хөгжлийн бодлогын дэд хороо байгуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

1

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
buh ymni une nemegdej ard tumen chin dalan hudalchin zasgin gazart itgel aldraad baina boldog bol boslog gargaach
2014-03-20
zoloo:
manai an mungu idej uuhaa boliosoo man mand
2014-03-17
zoloo:
man mongoloos zail go way
2014-03-16