Бангкокт онц байдлаа цуцлав
2014-03-19

Тайландын эрх баригчид Бангкок хотод нэгдүгээр сарын 12-наас тогтоогоод байсан онц байдлаа цуцалсан тухай тус улсын Засгийн газраас мэдэгдлээ.

Сөрөг хүчнийхэнээр удирдуулсан эсэргүүцлийн жагсаалын улмаас нэгдүгээр сард тогтоосон онц байдлын хугацаа энэ сарын 23-нд дуусах байсан ч жагсаал цуглааны эрч буурсан, онц байдал тогтоосоны улмаас жижиг бизнес эрхэлдэг хүмүүст их хэмжээний хохирол учруулж байна гэж үзээд ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуультай зэрэгцээд сөрөг хүчнийхэний жагсаал, цуглааныг сулруулахын тулд Засгийн газар онц байдал зарласан юм. Эсэргүүцлийн жагсаалын үеэр, 23 хүн амиа алдаж, 750 гаруй хүн гэмтэж, 200 гаруй хүн баригдсан юм.

Тайландын зарим нутгаар хөл хориог бүрэн цуцлаагүй, дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл нийслэл болон зэргэлдээх хоёр мужид өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горим үйлчилнэ. Энэхүү тусгай горим нь цагдаа нарт сэжигтэй хүмүүсийг нэгжих, шууд баривчлах бүрэн эрхийг олгожээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин