Такси №68
2014-03-28

Энэ өдрийн мэнд. Өнөөдрийн тэмдэглэлд эмэгтэйчүүд том зай эзэлж байна даа. Тээсэн үрээ авахуулна гэж айлгадаг эмэгтэйн тухай ч сонслоо, тээж төрүүлээд өлгийтэй нялхаа тэврээд хөжилтэй түүх өгүүлж яваа залуухан эхтэй ч таарлаа. Ингээд таалал орштугай.

:

1.Сөрөг Пи Ар хэрэггүй

Нэг сургууль ч юм уу сургалтанд ч юм уу хамт явдаг бололтой үе тэнгийн гурван хүүхэн суугаад хавийн юмыг хамж ярина гэдэг нь боллоо доо.

.

Э/эмэгтэй/ -... ёооё тэр нөгөө дээд ангийн хэн билээ нэг хөгшин багш арай биш ээ, шувт бэлхүүс бөгс хараастай.

Н/найз/ -Шатарынхан уу, тэд гайгүй ээ. Нөгөө эчнээгийн тамирчид чинь ийш тийш нь авч явчих гээд. Энд тэндээс чангаагаад шулуухан аймаар юм байна лээ кк.

Э -Тэгэхэд нөгөө Урнаа цуг явсан жирэмсэн гээд суучихаж байгаа юм.

Н -Жирэмсэн юм уу.

Э -Жирэмсэн, тэгснээ би хүүхдээ гаргахгүй гээд ууж идээд. Тэгсэн чинь би уйлаад Урнаа миний найз чи ёстой битгий тэгж нүгэл хийгээрэй. Хүүхэд чинь хөөрхөн шүү гээд чи наад хүүхдээ гаргах хэрэгтэй. Чи хэсэг л зовно биз хүүхэд чинь хөөрхөн ш тээ гээд л ккк.

Н -Уг нь бол цаадах чинь гаргачихад болохгүй юм байхгүй ш тээ.

Э -Хүүхэд буруугүй ш тээ, чи хүүхдийг тэгж болохгүй ш тээ гээд л би чинь уйлаад. Чи ямар хатуу юм бэ гээд.

Н2/нөгөө найз/ -Би дээр сонссон ш тээ. Бид хоёр нөгөө Стеллад суугаад тэгээд би хэцүү байгаа бол авахуулчихгүй юу даа гэчихсэн. Нээрээ тэгдэг юм бил үү гээд.

Э -Өө энэ сөрөг ятгалга явуулчихсан байна ш тээ. Тэгээд тэр чинь хүүхдээ гаргахгүй гээд архи уугаад байсан байна. Тэгэхээр нь би боль чи гээд сүүлдээ уйлаад.

Н -Тэр Ганаа нь яачихаад байдаг юм.

Н2 -Үгүй ээ, уг нь сүртэй асуудал биш. Жоохон уугаад байдаг л юм. Ядаж гэр оронтой болж байж гаргамаар байна гээд л байсан.

Э -Манай нөгөө Цээгий байна тээ, тэр минь одоо ёстой баларч байна ш тээ. Нөгөө нэг сагс тоглодог залуутай үерхээд, яваад л сүйд байсан даа. Би чинь ёстой иймээ тиймээ болоогүй биз гээд л тулгаад. Ёстой тийм юм болохгүй шүү, үерхлээс өөр юу ч давж хийж болохгүй шүү гэхээр мэдэж байна ш тээ, юу гэж тэгдэгийн гээд байсан. Аль цагийн жирэмсэн болоод тэрийгээ бид нарт хэлээгүй авахуулчихсан.

Н -Танай Цээгий чинь жоохон биз дээ, 20 хүрээгүй байх тэ?

Э -Энэ жил 23 хүрч байгаа, одоо бол нас нь болж байна ш тээ. Тэгэхэд 20-той л байсан.  Анхны хүүхдээ ш тээ, тэгээд одоо тэр хоёр чинь суугаад хуримлаад 2 жил боллоо. Хүүхэд олдоггүй. Шинжилгээ өгч үзүүлсэн нөхөр энэ тэр нь зүгээр, тэр хөндүүлснээс л манай Цээгийд юм үлдчихсэн юм шиг байна лээ. Яваагүй эмнэлэг байхгүй ээ, тэр хоёрт. Одоо мөнгөө хураагаад л солонгос явж үр тогтоолгодог ч юм билүү гээд байгаа юм билээ.

Н -Залуу улс гэхдээ учиртай биз. Анхны хүүхдээ хөндүүлээд баларсан улс зөндөө байна аа.

Э -Анхных гэлтгүй ш тээ, ер нь хүүхэд алж байна гэдэг .... Чи тэр Урнаад хэлсэн сөрөг Пи Ар-аа цайруулаарай. Цаадах чинь бас анхных шүү дээ.

Н2 -Яанаа би одоо ёстой юм бодоогүй ярьчихсан ш тээ. Байр савтай болж байгаад гаргахгүй юу л гэчихсэн байхгүй юу, тийм аймаар нөлөөлөөд байна гэж үү...

Н -Цаадах чинь одоо яг хаашаа л бол хаашаа дээрээ байгаа шүү...

.

Ийнхүү миний муу таксинд 3 хүүхэн нэг найзыгаа ятгаж байгаад хүүхдийг нь төрүүлэхээр шийдээд буух шиг боллоо. Монголын үрс маш олон болтугай.

.

2. World Cup-т  бэлдээд л байна  

Ард суусан биерхүү хүүхэн юу юугүй тор шажигнуулан хувцсаа солиод эхлэв. Цээжин хэсгээс бүх хувцсаа гуталтайгөө сольчих шиг болов. Тэгээд утсаар ярилаа.

“Өө би  яах вэ байр луугаа явж байна. Гэр лүүгээ очиж хүүхэддээ нэг хоол өгчихөөд тэгээд... Хаана яах вэ гэж үү. Яаая ..за тэгье...” гэлээ.

Бид хоёр явсаар телевизэд ирж гэрийнх нь гадаа хүүд нь хоол унд, талхны мөнгө өгснөөр эргэж уруудаад нэг байрны өргөтгөлд байх паабын гадаа ирж зогслоо. Буухынхаа өмнө хүүхэн за байз гэж бодолхийлснээ “Ах аа буухаасаа өмнө ганцхан тамхи татчих уу, одоо буучихаар тэгээд дотор татуулахгүй тамлаад хаячихна даа” гэлээ. Тулгасан гуйлт байсан тул би зөвшөөрлөө. “Та татах уу... өө энэ одоо ногоон эссэ өгчихсөн байна ш тээ. Лангуун доогуур нууж хааж авахаар ингээд ажиллаад байдаг байхгүй юу, балай юм өөр газраас авахаар ингээд байдаг байхгүй юу” гэв.

.

Х -Нууж хааж авна биз.

З -Тэгнэ. Одоо ч цайрцгааж дээ дандаа авдаг ойр орчмын хэдэн дэлгүүр бол тэгээд л харцаараа ойлголцоод л сүн сүн гээд л мөнгө тамхи шүү дээ ккк. Дээр үед нэг хойд зах дээр калибрийн сум өгч авдаг байхад л нэг тийм байж билээ. Би оюутан байсан юм. Ах захиад хааяа нэг хэдэн сум оруулж ирнэ. Нөгөөдөхөө зах дээр өгөх гэж янзын комби болно ш тээ. Одоо хааяа тамхи авахаар тэр үе санагдаад байдаг юм ккк.

Ажил гэр хавийнхаа байнга авдаг, өгдөг хэд ч яахав сурмаг болоод байгаа юм. Өөр газар явж байгаад тамхигүй болохоор балай юм болох юм аа. Танихгүй хүнд бол тамхи байхгүй гээд. Би эртээр 1-р хороололд нэг жижиг дэлгүүрээс тамхи авах гээд бүр ядаад. Худалдагч залуу нь тамхи нь харагдаад байхад гүрийгээд ядахад би нэг урт саарал пальто намируулчихсан. Албаны хүн шиг харагдсан юм байлгүй, бүр өгдөггүй... Тэгээд би чинь бүр улайраад гадаа нь зогсож байгаад нэг хүн гуйгаад нэг тийм хүн байдаг ш тээ. Нэг уудаг байрын тааруудуу хувцас хунартай, тийм нэг ах ирэхээр нь гуйгаад нөгөөдөх маань надаас зөрүүлж 1000 төгрөг татаад, бөөн алдагдал болсон ккк.

Х -Тэгээд нөгөөдөхөд шууд өгчихөж байна уу?

З -Тийн, ороод л нэг эссэ бариад гараад ирж байгаа юм. Тэгээд нөгөө архичинд татуулсан мөнгөтэйгээ, мэдэхгүй бараг 5000 төгрөгөөр нэг хайцаг тамхи авсан байх оо.

Х -Харин тийн ТҮЦ дэлгүүрээс хүмүүс тамхиа авах гэж сүрхий комби болдог болсон байна лээ.

З -Хачин сүртэй юм болж байгаа юм. Би бас ажил дээрээ татах гэж гарч орж төвөгтэй. Түрүүний та намайг авдагийн хажууд манай ....пааб байдаг юм. Би нөхөртэйгээ нэлээн удаан ажиллуулж байна. Манайх чинь бүх пиво нь задгай, тохижилт орчин нь гоё ш тээ, энд тэндээс найзуудтайгаа суувал.

Х -Гоожуур зүгээр тэ?

З -Бүх пиво шинээр, хоол сайтай шүү манайх...ккк. Өөр газар хоол идэх гээд явж байж л манай хоол гоё шүү гээд байдаг тэ ккк. Гэхдээ манай хоол нээрээ амттай амттай. Одоо дулаарахаар гарден ажиллуулна. Шорлогийг бүх төрлөөр нь хийнэ дээ.

Х -Танай тэр төмөр зам дүүрэг хавиар ч бас боломжийн амьдралтай хүмүүс ихтэй байх тэ?

З -Тийм яахав нөгөө жоохон уухаараа болдоггүй хүмүүс чинь орж нэг тойруулж харчихаад тэгсгээд гараад явчихдаг ш тээ.

Х -Энийг буулгавал бүтэхгүй өрөнд орох юм байна гээд үү.

З -ккк тийн, орж нэг тойруулж харчихаад л гараад явчихдаг юм...гоожуураас өөр пиво байхгүй болохоор чинь. Энэ жил ч бас давуу тал байна аа, хөл бөмбөг World Cup болно гэж байгаа.

Х -Нээрээ дэлхийн аварга эхлэхээр чинь нэг сар цөм хийх байх шүү. Олуулаа пиводож байгаад үзэх чинь их дэлгэрсэн юм биш үү.

З -Тийн нэг сайхан том монитор тавьж байгаад гаднаа бас нэгийг тавиад. Гэхдээ тоглолтууд нь дандаа өглөө болох юм билээ.

Х -ккк өө тийм үү баахан эвшээсэн улс болох юм байна даа.

З -Цагийн зөрүүгээр дандаа өглөө. Иймэрхүү ажил хийхээр чинь тэр мэрийгээ аягүй сайн судалчихдаг юм байна. Улсаас аягүй бол нэг гайгүй хэдэн газар нь өглөө ажиллах эрх олгож магадгүй шүү тэ. Нэг юм хийх л байх тэ. Тэр мэрийг нь судлаад л яваад байна. Бас дээгүүрээ томчуудын баар нь хуваагаад авчихгүй бол нэг эрх авах санаатай л байна...

.

Тамхинд сүрхий орсон хүүхэн ийн богинохон хугацаанд ажил маркетингийхээ тухай буу халаад тамхиа түргэн түргэн сорж ишийг нь сурмаг гэгч нь шидээд “За за манайд орж ирвэл танина аа би. Найзуудтайгаа ирээрэй” гээд буулаа.

Би ч хөгжилтэй сайхан суугаарай гэж хариу ерөөгөөд хөдөллөө.

.

3. Хүргэн ирсэнгүй

Хагас сайнд ганц нэг тойрч явтал баадантай хувцас тор барьсан настай өвгөн нэг бага шиг хүүгийн хамт гар өргөлөө. Өвөө ачаа дагуулан төрөх эмнэлгээс шинэ охиноо ачийнхаа хамт гаргаж авахаар явж байлаа. Би ч билэгшээгээд дуртай л явлаа. Хаа байсан тролейбус Депо хүрэх гэнэ.

Аав нь хөдөө ажилладаг, ирж амжаагүй тул өвгөн эмнэлгээс шинэ хүнээ гаргаж авах үүрэг хүлээсэн талаараа товч өгүүллээ.

.

Бид гурав Эх нялхсын эмнэлгийн гадаа ирж өвгөн машинд үлдэн, хүү дээш хувцас хунарыг нь өгөхөөр дэгдлээ. Удалгүй халуун сав энэ тэр хийсэн хоёр том тор барьсаар гарч ирж хойд хаалгаар гарч ирнэ гэнээ гэлээ. Гурвуул хүлээлээ. Өвгөн бууж тамхиллаа. Нэлээн удлаа. Өвгөн бас ч санаа нь зовсон бололтой “үгүй ээ, энэ одоо ингэж удмааргүй дээ яачихав даа” гэж бухимдасхийгээд жижиг хар утсаа гаргаж ирэн дугаар цуглуулаад залгалаа. Залгаад “өө за миний охин яав, би нэг такситай ирсэн. Хүлээгээд л байна. Энэ хүний ажил одоо болохоо болилоо, та хоёр яав бууж ирэх нь үү ...өө за ирэх байгаа” гэлээ. Тэгээд над руу учирлангүй харж “нөгөө нэг ягаан дэвтэр гэнэ үү, тэрэн дээр нь эмч нь юм тэмдэглэж гарын үсэг зурдаг юм уу даа. Тэгсэн эмч нь дээшээ хүн төрүүлнэ гээд гарчихсан бууж ирдэггүй гэнэ” гэлээ. Би “за яахав дээ хүлээе, ачийгаа гараад ирэхээр такси барих гэвэл хэцүү биз. Та санаа зовоод яахав дээ, хүлээж л байя даа” гэж өвгөнийг тайтгарууллаа. Дахиад 20-оод минут болсны дараа дээрээс утсаар ярьж “за буулаа шүү, дор байж байгаарай” гэлээ.

.

Өвгөн ч хөнгөн шингэн хөдлөн хүүгийн хамт дотогш орлоо. Удсан ч үгүй 4-үүлээ болоод гараад ирлээ. Бүсгүй хүүхдээ авч ард суув. Их яриа юм, суугаад л дээр яагаад хүлээсэн, төрөх үед юу тохиолдсоноо ам хуурайгүй ярилаа. Хоёрдох төрөлт гэнэ.

.

Э/ээж/ -Өө ганц эмч байх шиг байна. Би чинь гарна гэчихсэн. Төрсөн эхчүүд ар араасаа бууж ирээд, намайг эмчийг асууж явж байгаад ирсэн чинь миний орон дээр аль хэдийн хүн авчихсан, юмыг минь коридорт тавьчихсан байгаа юм чинь. Охины түнхийг үзүүлэх гэсэн энэ уйлаад үзүүлдэггүй. Дараа дахиж үзүүлээрэй гэсэн.... Өө ёстой аймаар олон ээж ар араасаа төрөөд нэг хонуулаад гайгүй бол шууд гаргаад л байдаг юм байна.

Ө/өвгөн/ -Хн одоо тэгнээ, хэдэн эмч нь хаанаа ч хүрэхгүй байгаа л даа. Тэгээд нөгөө ямар билээ дэвтрийг нь авч чадав уу?

Э -Үгүй ээ, тэгээд орхилоо. Нэг дэх өдрөөс доор жижүүр дээр өгчихнө, авчихаарай гэсэн. Тэгэхээр нь бушуухан гараад ирлээ. Энэ ахыг хүлээлгээд байна гэхээр нь бас сандраад.

Х -Өө яахав шинэ хүн зөөгөөд би билэгшээгээд л байна. За тэгээд охин юм уу, Амьдралд тавтай морилоо гэж ... хэдэн кг гарсан.

Э -3  кг нэг зуу, яг л жиндээ. Ёооё энэ хүүхэд дээр харин өвдөх гэдгийг чинь үзлээ дээ. Хүүг гарахад чинь усаа гаргачихаад очсон, ороод л бараг шууд гаргачихсан, хөдөө л дөө бараг зовоогүй. Сая бараг 2 цаг өвдлөө. Дээшээ гаргачихаад дүлмээр болохоороо хэлээрэй гэчихээд л байлгаад байсан. Би ч гэхдээ гайгүй юм байна. Өчигдөр шөнөөс өвдөөд сая төрөөгүй эх байна, аймаар хөөрхий...

Ккк инээдтэй аав, тэгсэн би чинь төрчихөөд, өө мундаг амьтан төрж байгаа эхчүүдийг харсан шигээ хэсэг байж байгаа юм чинь. Тэгсэн нэг охин “би больё оо, би гэртээ харья тэгэх үү” гээд ккк, тэгсэн эмч нар “чи гарын үсгээ зурчихаад харьж болно шүү” гээд ккк. Би ч бас амьсгаагаа зөв хуваарилаад байсан болохоор гайгүй ээ.

Ө -Нөгөө хэн ярив уу, хэзээ ирэх гэнэ.

Э -Ярьсан, нэг дэх өдөр оччихно гэж байна лээ. Мөнгө, хонь бэлдсэн л гэж байна лээ.

Бид гурав ийн төрөх гэдэг айхтар зүйлийн талаар өөр зуур ярилцсаар Депогийн арын энгэрт байх гэр хороолод нэлээн дээшээ өгсөөд гэрт нь ирлээ.

:

Төвөг чирэгдэл учруулсанд уучлаарай гэсэн өвгөн “Чи монгол хүн байна даа, манайд орж цай амсаад гараач. Шинэ хүнээ хүлээж авах гээд хөгшин бууз хоол хийчихсэн хүлээж байгаа, ор хүү минь” гэлээ. Би ч нэг аяга цай уучихмаар болж ойр зуур юмнаас нь барилцаад орлоо. Хуучны шавар байшин байна. Хөгшин нь гэх хөнгөн шингэн буурай “За алив...  ээ үнэр мүнэр нь яасан ч сайхан юм, алив тийш нь тавь, бид хоёр та хоёрт шинэ ор авсан” гэсээр угтлаа. Гар хийцийн нугастай шинэ диван орон дээр шинэ хүнээ тавьж хэсэг тойрч зогсоцгоон үнсэж өхөөрдлөө. Би ойр харж зогслоо.

Ингээд сайхан хоол идэж цай ууж дайлууллаа. Махыг нь язартал чихэж чимхсэн гэрийн гарын буузыг харин ч нэг хээгүй цохилоо доо би. Ярьж хөөрлөө.

Нас нэлээн дээр гарсан хойно бурхан нэг үр хайрлсан нь энэ охин нь гэнэ. Дагаж явсан хүү бол хамаатны талын хүү гэнэ. Охин нь хол хөдөө хадамд гарсан ч эндээ хөгшдийнхөө хажууд л байгаа гэнэ. Өдий болгосон ганц охиноо бас яв тусдаа гар гэж хэлж чаддаггүй. Нөхөр нь нэг л тогтворгүй байгаад байгаа ба ер нь ирэхгүй байх гэж бодож байгаа зэрэг зовлон жаргалаа надад ний нуугүй л хуучиллаа.

Хүүхэн хүүхдээ хөхүүлж хуурайлах хооронд өвгөн аминчлан нэг зүйл хүслээ.

.

“Хүүхээ чи учраа мэдсэн нас тогтсон залуу шиг байна. Нэг тус болооч. Саяны тэр аваагүй орхисон ягаан дэвтэр гэдгийг нь чи нэг хотоор давхиж явахдаа авчихаач. Бид хоёр хөл муутай тэр эмнэлэг рүү дахиж дөхөх мөдгүй. Тэгж байгаад нэг энэ хавиар хүн зөөвөл оруулаад өгчихөөч, өвөө нь 5000 төгрөг өгөөд явуулья...” гэлээ.

Би “Мөнгө нь яахав дээ, та юу ч болсон утсаар яриарай. Хүргэн чинь ирчихвэл очоод авчихна биз, тэгвэл би ирээд яахав. Та хэлээрэй” гээд дугаараа үлдээж шинэ хүүхдийг мялааж сүүний мөнгө тавиад гарлаа.

Дараа хоёрдох өдөр өвгөн рүү яривал “өө хүргэн ирээгүй ээ, мах шөл нь ч ирээгүй л байна, чи хүү минь нөгөө ачийн дэвтрийг нэг дөхүүлээд болвол...” гэлээ.

Эх нялхас орж нэг давхарт байх жижүүр эмчээс асуувал “Юу гэж энд үлдээж байдаг юм өөрт нь өгнө ш тээ. Урд эргэлтийн шатаар дээшээ гараад тасгаас нь асуухгүй юу, энд тийм юм байхгүй” гэж хангиналаа.

Нэгэнт ирснийх хэлсэн газар очиж төрөх тасгаас нь цонхоор нь асуулгавал “өө маргааш ирээрэй, арай зуруулаагүй байна” гэж хэл өгүүллээ...

.

Эргээд өвгөн ахад учрыг дуулгавал “за яахав хүү минь би маргааш өөрөө нэг очьё, одоо чи яахав” гэсэн шийд өглөө. Хөл муутай настай хүнд Депогоос автобус хөлөглөж энд ирэх, лифтгүй таван давхарт гарах гэдэг бэрх л дээ... Би маргааш нь өвгөнийг зам зууртаа авч явсан юм.

Үл таних залуу буюу хүргэн хүү ажил эхэлсэн тул зунаас очно, тэгэхдээ мөнгө явуулна гэж хэл өгүүлсэн байлаа...

.

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Урам болоод санал шүүмжлэлийг харамгүй өгч байдаг эрхэм уншигч та бүхэн амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Дулаараад хүмүүс зуслангаадаа их явж байшин саваа эргэж зуны амралтын бэлтгэлээ эхлүүлсэн байна лээ шүү...

.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
bayarhud:
daravch daldaina bulavch bultaina
2014-04-01
жамуух:
монголын vрс олон болтугаи шинэ хvнд унаа болж яавсан хоовон чи азтаи юм аа чамд амжилт
2014-04-01
жамуух:
монголын vрс олон болтугаи шинэ хvнд унаа болж яавсан хоовон чи азтаи юм аа чамд амжилт
2014-04-01
zarlal:
hoovon huh ged bga p.bayarhuu gegch etgeeded solongos gargana neriitler munguu luivarduulsan humuus 91207330ru zalganauu
2014-03-31
zarlal:
hoovon huh ged bga p.bayarhuu gegch etgeeded solongos gargana neriitler munguu luivarduulsan humuus 91207330ru zalganauu
2014-03-31
zarlal:
hoovon huh ged bga p.bayarhuu gegch etgeeded solongos gargana neriitleer munguu luivarduulsan humuus 91207330ru zalganauu
2014-03-31
bayar:
mongolchuud bugd tusch saihan setgeltei boltugai!!
2014-03-29
uulhin:
neeh huurhun bichdiishd, bicheed bai bicheed bai, un*d baiy
2014-03-29
zochin:
ene site ruu hoovongiin bichseniig unshih gej ordog. zaluud amjilt husie.
2014-03-28
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, болждээ, тэр хөгшинд тус болоод. эхний 3 бүсгүйчүүл сэтгэл сайхантай юмаа, заримдаа ч гэмгүй ярьж байгаад нэгнийгээ буруу зөрүү рүү явуулчих явдал ч байдаг шүү, ...тэр бие давхар бүсгүй ёстой л ацан шалаанд орчихоо юудаа, янз нь. бүсгүйчүүл, харчуул минь ийм нарийн нандин зүйлдээ/эр эмийн явдал/ "нүдээ нээж явцгааж байхад" гэмгүй шүүдээ. "хувцсаа сольдог бүсгүй" ч яриа хөөрөөтэй. хоовон минь чамайг хүний мөсөө хайлуулаад урсгаад алга хийчихээгүй хүмүүн юмдаа хэмээгээд баярлаад байгаа шүүдээ, хэхэхэ. за за үг олдох нь, жаал ажил хэрэг бий түүн рүүгээ жирийхээс.
2014-03-28
zochin:
hoovon sain hun uchraas ! setgeleesee bolson yrisan ymiig setgeld buutal bichdeg baih daa ! neg ih olnii omno il garch ireh hereggui bolov uu ! chiniii dur neg l setgeld dulaahan zaluu durslegdeed baidag ym ! amjilt !
2014-03-28
zaluu:
saihan bichsen bna amjilt husii
2014-03-28
хүрэл:
ёстой ганц ч дугаар алгасаагүй дээ сайхаан сайхан сайн сэтгэл чинь сүү болог зуслангийн ажил эхэлчээд л байгаа гэхдээ л алдахгүй дээ зуслан дээрээ хөлбөмбөгийн 1 сар үүрээр сайхан сууна даа хө хоовондоо амжилт
2014-03-28
mgkn:
ene neg gazriin naimaavhin odoo bolixguimuu zaraa oor gazar tavuil yasiin xereglej chadaxguin bol yax gej 5 ga gazar avdag b naa sain shalgaad uzuul yum garnadaa gazargui irged zondoo b na xuvaagaad oxchixoochee
2014-03-28
mgkn:
ene neg gazriin naimaavhin odoo bolixguimuu zaraa oor gazar tavuil yasiin xereglej chadaxguin bol yax gej 5 ga gazar avdag b naa sain shalgaad uzuul yum garnadaa gazargui irged zondoo b na xuvaagaad oxchixoochee
2014-03-28
hhhh:
amidralaa gej
2014-03-28
зочин:
тэр дэвтэрийг нь урьдчилаад гарын үсэг зураад бэлдчихэд яадагын бол? хүндрэлтэй төрөөгүй,гарах нь бэлэн болсон эхчүүдийн дэвтэрийг бэлдээд тавьчихад яадаг бна аа.ххмм
2014-03-28
beryl:
amjlt, bainga unshdag shuu. too ni joohon bagasaad bn uu 3 huntei taarsan yavdlaa bichsen bna. iluu bichvel buur goy shuuu
2014-03-28
taxi:
amjilt xusiy, mongoliin urs mash olon bolox boltugai.
2014-03-28
taxi:
amjilt,,, saihan bichdeg shuu. muuhan oguulel nom unshsanaas deer bdag um
2014-03-28
хоовонд:
өвгөн буурайд тусалсанд үнэхээр баярлаж байна. уншаад сэтгэл огшоод явчихлаа. буян чинь дэлгэрэх болтугай.
2014-03-28
egel jiriin mgl:
hoovon er ni yamar shuuhan zus zaraitai hun bol, neg taaraldah umsan
2014-03-28
mongol:
saihan bichdeg hun bn.amjilt husie.
2014-03-28
амжилт:
сайхан бичиж байна шүү амжилт аз жаргал хүсье
2014-03-28
тэнгис:
нээрэн нүдэнд харагдтал бичих юм да. амжилт хүсье.
2014-03-28
сайхан сэтгэл:
хүнд тус болж явах сайхан шүү. буян чинь дэлгэрэг
2014-03-28
буян болог:
юу болсныг бичихээс гадна яаж дүрслэх вэ гэдэг их чухал юм байна шүү, нүдэнд харагдтал улам сайн бичээрэй, тэгж байгаад нийлүүлээд нэг ном гаргачих юм биш үү
2014-03-28
байнгын уншигч:
тасархай шүү ах
2014-03-28