Б.Мөнхбаяр: Хүн ер нь зүрхэндээ бүх зүйлээ тээж явдаг
2014-04-07

“Аргагүй чамдаа даслаа”, “Миний буурал ээж” зэрэг олон гайхалтай дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирээд буй Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мөнхбаяртай ярилцлаа.  Тэрбээр маргааш МУСТА М.Отгонгэрэлтэй хамтраад Зүрхэндээ” хэмээх тоглолт хийх гэж байгаа юм.

s

-Маргааш тоглолт нь болох гэж байна. Яагаад “Зүрхэндээ” гэсэн нэр өгөх болов?

-МУСТА дуучин М.Отгонгэрэлтэй хамтраад Монгол бөхийн өргөөнд маргааш тоглолт хийх гэж байна. Хүн ер нь зүрхэндээ бүх зүйлээ тээж явдаг. Хайртай хүмүүсээ, эх орноо зүрхэндээ хадгалж, хайрлаж байдаг. Тэр утгаараа тоглолтоо “Зүрхэндээ” гэж нэрлэсэн юм. Бас зүрхнээсээ, чин сэтгэлээсээ дуулна гэж ч ойлгож болно.

sa

-Тоглолтоо яагаад хамтарч хийхээр болсон бэ?

-Бид хоёр СУИС-ийн нэг ангийнхан. Уран бүтээлийн найзууд л даа. Тэгээд бид хоёр шилдэг уран бүтээлийн хамтарсан тоглолт хийхээр болсон юм. Отгоо маань 2012 оны хавар “Эрчүүдээ дээдэлье юу”, би 2011 оны намар “Хайртайгаа хэлье” тоглолтоо хийсэн. Бид энэ тоглолтдоо шилдэг дуунуудаа түүвэрлэж оруулаад, зуун хувь амьдаар дуулахаас гадна цэнгээнт бүжгийн “Улаан Сарнай” хамтлаг, Монголын хүүхдийн ордны сурагч нар оролцоно. Өөр бас дуучид ч байгаа.

s

-Энэ тоглолтод та хоёрын шинэ уран бүтээлээс дуулагдах уу?

-Шинэ уран бүтээлээсээ цөөнийг дуулна. Яагаад гэхээр энэ тоглолт маань шилдэг уран бүтээл гэсэн учраас ард түмний мэддэг, мөн хуучны зарим дууг дуулна. Тоглолт маань 2.30 цаг орчим үргэлжлэх болов уу. Энэ хугацаанд үзэгчдийг аль болох уйдаахгүй, сэтгэл өндөр гарахаар, эргээд дурсахаар сайхан тоглолт болно гэдэгтээ итгэлтэй байна. МУГЖ Ц.Өлзий-Орших, МУГЖ Нэргүй нарын хамтран дуулж байсан “Өхөөрдөж торнисон үр минь” гэж дуу бий. Тухайн үед нэг их дуулагдаагүй юм шиг билээ. Олонд хүргэлгүй хадгалагдсан энэ дууг МУГЖ Ц.Өлзий-Орших гуай хүсэлт тавьсаны дагуу Отгоо бид хоёр хамтарч дуулсан. Хүүхдээ магтан дуулж буй аав ээж хоёрын дуу байгаа. Мөн өөр нэг дууг бид хоёр хамтарч дуулсан. Тоглолтонд хүрэлцэн ирээд сонссон нь дээр байх. Би энд нэрлээд хэрэггүй болов уу гэж бодож байна.

s

-Уран бүтээлийн гараа тань хэдийд эхлэв?

-Зургадугаар ангиасаа хойш Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш С.Ганчимэгийн удирдлаган дор суралцаж эхэлсэн. “Ерөөсөө л урлагийн хүн болъё” гээд нүдэнд маань нэг л сургууль харагдаж байсан нь СУИС. Дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид шалгуулаад орж байлаа. МУГЖ Д.Банди багшийн удирдлагад төгссөн. Оюутан байхдаа ерөөсөө уран бүтээл хийж байгаагүй, цаг зав ч бага. Учир нь, олон улсын байгууллагад төсөл хариуцаж ажилладаг байсан учраас маш завгүй, бас орлоготой оюутан явлаа. Сургуулиа төгссөний дараа ажлаасаа халагдах өргөдөл өгч, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон доо. Намайг урлагийн хүн болгох гэсэн ээжийн минь хүсэл ч үүнд нөлөөлсөн байх. Дууны дугуйланд байхаас эхлээд л миний ар талыг хариуцаж, бүх зүйлийг маань дэмждэг байсан. Тэгэхээр мэргэжлийн дуучин болоод ээжийнхээ хүслийг биелүүлж, ачийг нь бага ч болов хариулж байгаа гэж боддог. Урлагийн хүн болно гэдэг их сайхан. Сайхан дуунууд дуулж, түүнийгээ дүрсжүүлнэ. Тав, зургаан жилийн өмнөх Б.Мөнхбаярын төрх одоо ч клипэнд маань мөнхөрч үлдсэн байна. Энэ жил мөн шинэ клип хийж өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн дүрийг мөнхжүүллээ. Үлдэх юм нь их сайхан юмаа, урлагийн хүнд.

s

-Одоо зөвхөн уран бүтээлээ л хийгээд явж байна уу?

-Тийм, зөвхөн уран бүтээлдээ анхаараад явж байна. Чөлөөт уран бүтээлчийн хувиар, ажлын цаг нараа өөрөө зохицуулдаг. Нөгөө талаар, урлагийн хүний ажил их хэцүү шүү дээ. Мэдээж, урлаг гэдэг чинь залуу насны зүйл байдаг. Залуу, эрч хүчтэй байгаа дээрээ өөрийн гэсэн гоё орон зайг бий болгон, үзэгч сонсогчдынхоо талархлыг хүлээсэн уран бүтээлч байж чадвал хойшдоо сайхан байна л даа. Гэхдээ хажуугаар нь бас давхар бизнес ч юмуу янз бүрийн зүйл хийх юмсан гэж боддог юм. Яг одоогоор зориглож, барьж авсан юм байхгүй. Уран бүтээлээрээ өөрийгөө болгоод л явна даа.

s

-Нийтийн дуучид ихэвчлэн үндэсний хэв маягийг чухалчилдаг юм шиг санагддаг. Ер нь таны бодлоор нийтийн дуучин ямар стильтэй байвал зүгээр вэ?

-Нийтийн дуу гэхээр л заавал хөдөө орон нутаг, мал аж ахуйгаар төсөөлж ойлгох нь буруу. Орчин үеийн нийтийн дууны хөгжмийн хэмнэл, найруулга, үгийн утга агуулга нэлээд шинэчлэгдсэн, хөнгөн ритмтэй болж байгаа. Үүнийг нийтийн дууны хөгжил гэж би ойлгодог. Тиймээс дуулсан дуу шигээ чөлөөтэй байхыг хүсдэг. Нийтийн дууг хөдөөнөөс орж ирээд аав ээж, нутаг усаа санасан хүмүүсийн дуу гэдэг байлаа, нэг хэсэг. Гэхдээ нийтийн дуу гэдэг нэрнээс нь сонсоход хүртэл хүүхэд залуусаас эхлээд бүх насныхан дуулдаг дуу гэсэн үг шүү дээ. Энэ ч утгаараа, нийтийн дуу хэмээн өргөн цар хүрээнд нэрлэгдсэн байх.

s

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
boldoo:
zuudnii holoos aaaaviiin mini bichsen zahia gedeg duu ni gaihaltai saihan shuu
2014-04-08
sain bna amjilt:
ene manai nutgiin huu baigaan sain ch duuchin minii medheer unur oluulaa mash sain humuujiltei huuhduud bj bilee eej aav ni nasaaraa bagshilsan buyntai saihan uls .duudee amjilt husey
2014-04-08