Казахстан улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээнэ
2014-04-14

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай тээврийн салбарт хамтарч ажиллах тухай хоёр талын ажлын хэсгийн уулзалт Астана хотноо болжээ. Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Казахстаны Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров нар хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлаарх хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан байна.

Уулзалтаар хоёр орны агаарын болон автотээврийн салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ. Мөн тус улсын ТХХ-ны сайд Женис Касымбек өөрийн улсыг Монгол Улстай зам, тээврийн салбарт  бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Зам тээврийн сайд А.Гансүхийг ирэх сард Астана хотод зохиохоор төлөвлөж буй олон улсын транзит тээврийн бага хуралд урьж буйгаа дуулгасан аж.

Дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Казахстаны галт тэрэгний зүтгүүрийн үйлдвэртэй танилцасны зэрэгцээ хоёр тал зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцаагаа сэргээх асуудлаар санал нэгдэж, санамж бичиг байгуулсан байна. Мөн хоёр талын эрх бүхий байгууллагууд  нислэгийн маршрут, тус тусын нислэг үйлдэх авиакомпаниудаа томилж, харилцан  мэдэгдэхээр тогтсон аж. Түүнчлэн Казахстан улс зорчигч тээврийн үйлчилгээний автобусыг  Монгол Улсын мөрдөж буй стандартад нийцүүлэх, автобусаар үйлчлэх компанийг ойрын хугацаанд шалгаруулж манай талд мэдэгдэх юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин