Улаанбаатар
Засгийн газарт хугацаатай даалгавар өгөхөөр боллоо
2014-4-16

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаан дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гарагт Төрийн ордны хуралдааны А танхимд боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний эхний хоёр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилт болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилт гэсэн хоёр хуулийн хэрэгжилтийн талаарх асуудал байв. Эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирсэн өргөдлийн мөрөөр арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хоёр хэсэг байгуулагдсан байсан бөгөөд хоёуланг нь ахалж ажилласны хувьд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулга хийсэн юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн хувьд яригдсан зүйлийг сийрүүлэхэд Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоожээ. Гэтэл Улсын Их Хурал Нийгмийн даатгалын тухай хуульд “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэсэн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх өөрчлөлтөөс өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох журам, хэмжээг тус тус Засгийн газар тогтоохоор заасан байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох журмыг хуулиар зохицуулж, Засгийн газар хэмжээг тогтоохоор заасан тул Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын үндэслэл өөрчлөгдсөн байна.

Энэ асуудлаар ажлын хэсэг хоёр ч удаа хуралдан асуудлыг тал талаас нь нягтлан хэлэлцсэний дараа Байнгын хороонд хоёр санал оруулсан нь: “1. Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт нийцэхгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан заалт хэрэгжихгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, хуульд нийцээгүй тул Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг өөрчлөхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй” гэж үзжээ. Тухайн асуудлаар гишүүдийн зүгээс олон санал гарсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Батзандан нарын хувьд энэ салбарт дорвитой шинэчлэл хийж чадахгүй байгааг чанд шүүмжилж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /НДҮЗ/-д хандан тодорхой чиг үүрэг өгч, Монголын хүн амын хэдэн хувьд нь тэтгэврийн энэ мэт асуудал тулгарч байгааг тодруулах, 1960 он болон түүнээс хойш төрсөн хүмүүс тэтгэвэрт гарах хугацаа ойртож байгаа тул эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа өнөө үед тэдэнд тэтгэврийн мөнгө төлөх боломж байгаа эсэхийг лавлах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн С.Ганбаатар, М.Батчимэг нарын гишүүдийн хувьд ажлын хэсгийн саналд шүүмжлэлтэй хандаж, нэг сая 900 мянган төгрөгөөс дээш төгрөгийн орлоготой 16 600 хүний эрх ашгийн асуудлыг хөндөн, хувийн даатгалын тогтолцоо бүрдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн 70-80 хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхнээр төрд ажиллаж байгаа 160 мянган хүний орлогыг нөхүүлж нийгмийн даатгалын хамаг ачааллыг үүрүүлэн эдийн засгийг боомилж байгааг буруушаагаад энэхүү буруу тогтолцоог даруй засах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Ингээд ажлын хэсгээс гарсан хоёр санал дээр нэмж гишүүдийн санал шүүмжлэлийг тусган, НДҮЗ-өөр тодорхой тоон судалгаа гаргуулах, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар яг одоо ямар дүрэм журам боловсруулж байгаа талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөх 14 хоногийн хугацаатай даалгаврыг Засгийн газарт өгөхөөр болж, салбарын сайд С.Эрдэнийг байлцуулан энэ асуудлыг дахин нухацтай хэлэлцэхээр болов. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хувьд уг хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь цэргийн тэтгэвэр тогтоолгож буй иргэний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шалгуурыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд буюу 5-10 жилийн хугацаанд иргэний байгууллагад ажилласан жилээ тооцуулан тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа нь иргэнд хохиролтой байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж ажлын хэсэг дүгнэн, дараах чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзжээ. Үүнд: а/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр, эсхүл энэ хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно”. б/ Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус өөрчлөх санал оруулсан байв.

Гэхдээ ажлын хэсгийн ахлагч дээрх саналтайгаа өөрөө бас зөрчилдөн эргэлзэж байгаагаа нуулгүй илэрхийлээд энэ асуудлаар тусгайлсан, яг мэргэжлийнх нь баг ажиллаж байж шийдвэр гаргахгүй бол шударга ёсны зарчим алдагдана гэж эмээж байгаагаа хэлж байлаа. Асуудалтай холбогдуулан Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан “Эхлээд сайтар лавлая. 1990-ээд оны эхэн үе, түүнээс өмнө гарсан хүмүүсийн тэтгэвэр 2000 оноос хойш гарсан хүмүүсийнхээс маш багаар тогтоогдсон байгаа” гээд “Эрхзүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал үүсвэл хуулийг буцаан хэрэглэж болдог”-ийг гишүүдэд сануулсан юм. Харин С.Ганбаатар гишүүний хувьд НДҮЗ-өөр зөвлөмж гаргуулж байж, уг зөвлөмжид түшиглэн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх саналтай байлаа. Эцэст нь Байнгын хорооны дарга Р.Бурмаа гишүүний хэлснээр мэргэжлийн байгууллага болон бусад олон талын оролцоотойгоор энэ талаар нарийн судалгаа хийлгүүлж, асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар Өргөдлийн байнгын хороонд мэдэгдэхийг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар мөн Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцсэн бөгөөд үүний дараа Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталж, иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл сонслоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
баяр:
том юм шиг жижигхээн улс төрийн цаана хувийн нэг муу жижиг ашиг сонирхол нуугдаж байдаг....давхар дээл жүжгийн зорилго нь засгийн газрыг унагааж улс төрийн тогтворгүй байдал үүсгэж,ялаас мултарцгаах....болж өгвөл нэг хөнжилд орчих санаатай ....чоноооо чоно..
2014-04-20
hhhgggg:
хүмүүсээ банктай холбоотой сонин байдал өнөөдөр 2014 оны 4 сарын 16 ны өдрийн 15,00 цагийн байдлаар үүсээд байна аа. хаан банкны 1 дүгээр дэлгүүрийн салбар орлого аваад байгаа мөртлөө зарлага гаргахгүй / мөнгө тушаах хүн байвал чөлөөтэй гэснээ мөнгө авах хүмүүсийг сүлжээ ажиллахгүй байна гэж хэлэн хүлээлгээд байна/ иймэрхүй байдал хас банкинд бас үүссэн байна гэж очер хүлээж буй нэг хүн хэлж байна. тэгснээ тэр хүн хамаатнууд руугаа ярьж мөнгөө татах маягийн юм ярьж байдал эвгүй байна гэсэн юм хоорондоо ярьж байхыг сонслоо. учир мэдэх технологийн хүн болохоор орлого авахад ажиллаж буй сүлжээ зарлага гаргахад ажиллахгүй байна гэж үгүй дээ гэж гайхаад бас л хүмүүс рүү залгаад банк мөнгөгүй болсон юм шиг байна гэж зарлаж байх юм аа...... энэ юу болоод байна аа хүмүүсээ ......
2014-04-16