Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэв
2014-04-18

Өчигдрөөс эхэлж АНУ, ОХУ, Европын холбоо, Киевийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд нар Женев хотноо дөрвөн талт хэлэлцээр хийж эхлэв.

Тус уулзалтад Европын холбооны Гадаад хэргийн асуудал хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины түр Засгийн газрын Гадаад хэргийн сайд Андрей Дещица нар оролцож байгаа юм.

Гадаад хэргийн сайд нар өнөөдрийн хэлэлцээрт, Украины өнөөгийн хямралд тос нэмэхгүйгээр, дипломат аргаар зохицуулах ёстой гэдгийг санал нэгтэйгээр дэмжиж, гэрээнд гарын үсэг зурсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Гэрээний дагуу, Украинд ямар нэгэн хууль бус цэргийн ажиллагаа явуулах ёсгүй бөгөөд  зүүн болон өмнөд хэсгийн хотуудын засаг захиргааны байруудыг эзэлсэн салан тусгаарлагчдыг зэвсгээ хураалгах ёстой гэв.

Хуралдааныг удирдаж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Орос биечлэн оролцож, Украины таван мужийн захиргааны байрыг эзлээд буй Оросын талыг баримтлагчдыг тараах”-ыг хүссэн байна” гэжээ. Харин ОХУ-ын Сергей Лавров “Украины хямралыг шийдвэрлэх гарц зөвхөн Украинчуудын гарт байгаа” гэж хэлсэн бол, Европын холбооны дээд комиссар Кэтрин Эштон “Украины ард түмэн хоорондоо эвлэрэх хэрэгтэй” гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин