Ашиглалтаас гарсан дотуур байранд сурагчид амьдарч байна гэв
2014-05-07

“Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ-аас “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байран дахь хүүхэд хамгаалал-стратегийн өмгөөлөл” төслийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 25-аас эхлэн нэг сарын хугацаанд нийслэлийн зарим дүүрэг болон таван аймгийн 11 сумын сургуулийн 17 дотуур байранд шалгалт хийжээ.  Энэ тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн юм.

Шалгалтын явцад Хана тааз нь нурж, мөөгөнцөртсөн, халаалтын систем доголдож дулаан алдагддаг, Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах хугацаа дууссан, хүн амьдрах нөхцөлгүй гэж дүгнэсэн дотуур байранд сурагчид амьдарч буйтай таарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн, Хан-Уул, Баян-Уул, Цагаан-Овоо сумд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын сургуулийн дотуур байранд  хүүхдүүд өдөр шөнөгүй гадна хувцастайгаа амьдарч байна гэж судалгааны багийнхан ярьсан.

Судалгаанд хамрагдсан 17 дотуур байрны 56.3 хувийнх нь өрөөний дулаан 20 болон түүнээс дээш хэмтэй байсан бол 14-18 хэмийн дулаантай өрөөнд хүүхүүд байнга гадуур хувцастайгаа байдан. Мөн дотуур байрны хүүхдүүдийн бие засах газар, ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас орчны бохирдол, бохир гараар дамжин халдварлах халдварт өвчинд өртөж бөөнөөрөө өвчлөх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа аж.

Хүүхдийн эрх хамгаалал төвийн нийгмийн ажилтан Я.Мөнхзул “Судалгаанд хамрагдсан бүх дотуур байранд гал гарах, ус үерт автах, газар хөдлөх, зуд болох зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшиг тохиолдоход мөрдөх үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй. Галын болон аюулгүйн хэрэгсэл дутуу гал унтраах хэрэгсэл байдаг ч хэрэглээ талаас нь биш харин байх ёстой гэдгээр хандаж, багш ажилтан, сурагчид нь аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэггүй. Аваарын хаалга, гарцыг чөлөөлөөгүй байгаа нь хүүхэд хамгааллын ноцтой зөрчил” гэлээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim l baigaa shuudee. ene erhmuud suudlaa bulaatsaldaj baihad huuhduud nurah shahsan bairand amidarch baidag. mongolchuudaa gej !!!!!!
2014-05-08