Жендерийн хүчирхийлэл нэр төрийг гутаасан аймшигт үйлдэл
2011-12-10

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХИЛЛАРИ РОДХЭМ КЛИНТОН Жендерийн хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулсан нийтлэл Энэ бол эмэгтэй хүний амьдралын дүр зураг. Тэр дэлхийн хаана ч амьдардаг байж болно. Тэр нийгэм-эдийн засгийн ямар ч бүлэг, ямар ч үндэстэнд харьяалагддаг, ямар ч шашин шүтдэг байж болно. Тэр эмэгтэйн өдөр тутмын амьдрал нь нар мандахаас өмнө эхэлдэг. Тэр эмэгтэй дэлгүүр, ферм, үйлдвэр эсвэл хэн нэгний гэрт 8-12 цаг ажилладаг. Ажлын хөлс болох өчүүхэн цалин нь түүний үр хүүхэд, хөгшин настай төрөл төрөгсдийнх нь хувьд амьд үлдэх гол баталгаа. Тэр эмэгтэй гэртээ ирээд хүүхдүүдээсээ сургуульд юу сурсан, ирээдүйд хэн болохыг хүсдэг тухай асуудаг. Тэр жижиг зуух, тулганы өмнө хэдэн цаг сууж өнөр өтгөн гэр бүлдээ зориулан хоол бэлтгэдэг. Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд хоолны ширээн дээр тавьдаг хүнсийг тарьж, ургуулж байна. Гэвч тэр эмэгтэй жендерт тулгуурласан хүчирхийлэлд өртсөний улмаас өөрийн ажлаа гүйцэтгэх чадваргүй болжээ. Эмнэлэгт эмчлүүлэх зардал нь түүний гэр бүлийн хязгаарлагдмал төсөвт улам нэрмээс болно. Хэрвээ тэр эмэгтэй биеийн болон сэтгэл зүйн дарамтанд өртсөний улмаас ажил хийх, үр хүүхэддээ анхаарал хандуулах чадваргүй болбол хүүхдүүд нь сургууль завсардаж, гэр бүлдээ туслах гэж ажил хийх шаардлагатай болно. Тэр эмэгтэйн хамтран ажилладаг жижиг мухлаг үйлчлүүлэгчээ алдсанаар эмэгтэй өрхийн орлого буурах болно. Ийм эмэгтэйн дүр зураг танд төсөөлөгдөж байна уу? Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь жендерийн хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүчингийн хэрэг болон бэлгийн дарамтын хохирогч болж байна. Эмэгтэй хүн энэ хорвоод мэндлэхээсээ өмнө жендерийн хүчирхийлэлд өртөж байна. Гэр бүл нь эмэгтэй хүүхдүүдийг сургуульд явуулахаас татгалздаг, оройн хоолны ширээний ард хөвгүүд охидоос илүү хоол идэх эрхтэй байдаг зэрэг шалтгаанаар эх хүн охин үрээ хөндүүлдэг болжээ. Охин хүүхэд хорвоод мэндэлсэн ч гэсэн насанд хүрэхээсээ өмнө хүнтэй суух, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийн золиос болж байна. Жендерийн хүчирхийлэл бол хүний нэр төрийг гутаасан аймшигт үйлдэл. Хүчирхийлэлд өртсөн хүний бие, сэтгэлийн зовлон шаналлыг хэн ч хэмжиж чадахгүй. Гэвч эм тариа, өмгөөллийн зардал, авч чадаагүй цалин, ажлын бүтээмж буурсан, эрүүл мэнд хохирсон, ялангуяа ХДВХ-ын вирус авах эрсдэл өндөр зэрэг үр дагаврыг мөнгөөр тооцож болно. Эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдэж буй хүчирхийллийг доллар, центээр тооцвол аливаа нийгэмд ямар их хохирол учруулдагийг харж болно. Жишээлбэл, Уганда улсад эмэгтэйчүүдийн 13 хувь нь өөрийн дотно харилцаатай хүмүүсийн зүгээс үйлдэгдсэн хүчирхийллийн улмаас өрх гэрийн ажлаа гүйцэтгэх боломжгүй болдог гэсэн судалгаа байна. Эдгээр эмэгтэйчүүдийн зарим нь жилд 11 хоног цалинтай ажиллах боломжоо алддаг ажээ. Бангладеш улсад явуулсан санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн гуравны хоёроос илүү хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас сард 5 доллар алддаг байна. 5 доллар гэдэг бол Бангладеш эмэгтэйчүүдийн сарын орлогын 5 хувь нь гэсэн үг. Өрх толгойлдог буюу ганцаараа ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их хохирол амсаж байна. Эмэгтэйчүүдийн амсдаг ийм хүчирхийлэл нь хууль шүүхийн ажиллагаа, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллагын зардал нэмэгдэх шалтгаан болсноор нийт нийгэмд ч гэсэн хор хохирол учруулсаар байна. Дэлхийн ямар ч улс, ямар ч бүс нутаг ийм зардлыг дааж чадахгүй. 2003 онд АНУ-ын Өвчний Хяналтын Төвийн явуулсан судалгаагаар дотно харилцаатай хүмүүсийн зүгээс үйлдэгдсэн хүчирхийлэл нь жилд 5,8 тэрбум долларын хохирол учруулдаг болохыг тогтоожээ. Үүнээс 4,1 тэрбумыг нь эмнэлгийн зардалд зарцуулдаг бол хөдөлмөрийн бүтээмж буурснаар 1,8 тэрбум долларын алдагдал хүлээдэг байна. Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь олон улсын хүний эрх, үндэсний аюулгүй байдалд ч гэсэн хамаатай. Хүчирхийлэл газар авах нь гэмтэл бэртэл буюу эдийн засгийн алдагдлаас ч илүү хөнөөлтэй. Хүчирхийлэл нь бэлгийн замын халдварт өвчин зэрэг эрүүл мэндийн аймшигт үр дагавартай. Жендерийн хүчирхийллийн нийгэм, сэтгэл зүйн хохирол нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс гадна тэдний хүүхдүүд, гэр бүл, нийт нийгэмд ч нөлөөлдөг. Эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, дарамтанд өртсөнөөр идэвхтэй ажил эрхлэх боломжгүй болж нийгмийн хөгжилд асар их хохирол учирдаг. Эмэгтэйчүүдийг эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох боломжоор хангаснаар үндэсний нийт бүтээгдэхүүн, хувь хүний орлого нэмэгддэг болохыг тогтоожээ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг хязгаарладаг саад тотгоруудыг арилгаснаар хөгжиж буй улс орнуудын нэг хүнд ногдох орлогыг 14 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Эмэгтэйчүүдийн орлого нэмэгдсэнээр гэр бүлээ тэжээх, хүүхдүүдээ сургуульд явуулах боломж нэмэгдэж, орон нутгийн худалдаачин, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах болно. Жил бүрийн 11-р сарын 25-нд тэмдэглэдэг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдрөөс 12-р сарын 10-нд тэмдэглэдэг Олон улсын хүний эрхийн өдөр хүртэлх 16 хоногийн хугацаанд бид Жендерийн хүчирхийллийн эсрэг тэмцэх 16 өдрийн аян өрнүүлдэг. Энэ аяны хүрээнд бид эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуу хоолойгоо илэрхийлж, дэлхийн эмэгтэйчүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь ямар чухал болохыг сурталчилж байна. Бид нарт хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Аюулт тахлын хэмжээнд хүрсэн жендерийн хүчирхийллийн эсрэг эрчүүд, хөвгүүд, шашны болон нийгмийн зүтгэлтнүүд, залуучууд, нийгмийн бүх түвшний хүмүүс идэвхтэй оролцох шаардлагатай болжээ. Хүчирхийлэл, дарамт хэний ч гэр бүлд тохиолдож болно. Зэвсэгт мөргөлдөөн болж буй газар хүчингийн гэмт хэрэг нь байлдааны зэвсэг болж хувирчээ. Охид эмэгтэй хүн болж төрснөөрөө дутуу үнэлэгдэж, гадуурхагдаж байна. Ямар ч хэлбэрийн хүчирхийллийг бид хүлцэн тэвчих ёсгүй. Хүн амынх нь тэн хагас болох эмэгтэйчүүд маань алагчлах, гадуурхах, шударга бус хандлагын золиос болж байгаа нөхцөлд ямар ч улс орон хөгжиж дэвшиж чадахгүй. Энэ жилийн 16 өдрийн аяны хүрээнд бид дэлхийн эмэгтэйчүүд, охидыг чөдөрлөж буй хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг дахин дуу хоолойгоо өргөж байна. Хүчирхийллийг улам бүр өөгшүүлж буй хууль, шийтгэлээс ангид авирладаг аливаа үйлдлийг таслан зогсоох цаг болжээ. Бүх хэлбэрийн хүчирхийллийг өнгөрсөн үед үлдээхийн төлөө хамтран тэмцэх, хамтран ажиллах цаг болжээ.
Shuud.mn
Сонин хачин