Такси № 75
2014-05-09

Олон зүйл нуршаад ч яахав, би сайн, та нар минь сайн уу. Тун чухал гэж бодсон бичлэгээ буулган хүргэж байна. Ямар ч байсан цаг гаргаж тэвчээртэй уншаарай гэж гуйя.

5

Хааяа нэг зурагтаар хардаг, их зөв яриатай нэг эр байдаг юм. Нэрийг нь Ж.Цогтсугар гэдгийг хүнээс асууж байж хожим мэдэж авсан юм. Уулзаж халтуурт явах санал тавих үед мань эр Зүүнхараад лекц уншаад явж байна. Хагас сайнд уулзья гэлээ. Утасны цаанаас хээ шаагүй, хамаагүй ярьсныхаа дараа л МУ-ын Ерөнхийлөгчийн нэг зөвлөх том хүн гэдгийг нь мэдсэн юм. Гэхдээ миний хувьд жирийн нэгэн бас өөрийгөө ялж, өөрийгөө олж авсан ховор эр хүн байсан л даа.

5

Болзсон өдөр, цагт би Гандангийн уулзварын ард байх алкоголгүй Залуус 21 клуб гэх байрны гадаа ирлээ. Сайтын сэтгүүлч болоод хамт явах бас бус хүмүүс унаандаа суух хооронд “Залуус-21” төвийн үүдээр эргэлдэх нэлээн хүнд гарууд болов уу гэж бодогдохоор хэдэн нөхдийн тухай ярьснаар бид хоёрын буу халалт эхэллээ. Манай хүн ч гадаа байгаа хэдийг хурдан хүлгээ зүсэлж цоллож байгаа сайн уяач мэт л хэлж байлаа.

5

Ц/Ж.Цогтсугар/ -Энэ шар цамцтай залуу архинд ороод бүх амьдралаа дуусгаад тэгээд гудамжинд гарч явж байгаад элссэн хүн байгаа юм. Энэ нөхөр чинь төмөр зам дээр амиа хорлох гээд зогсч байхад нь вагон яг тулж ирж зогсоод. Бид нар нэг баривчлаад. Хэдэн сар саатуулсан. Архи уухаар л ингээд байдаг нөхөр байгаан. Биеийн тамирын багш хүн байгаа юм.

5

Х -Энд ер нь хэдий хэрийн насны хүмүүс байх уу?

Ц -Янз бүр ш дээ. 20-оос 70 хүртэлх насны хүмүүс байна.

Х -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх хүн юм байна тэ?

Ц -Намайг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч гэдгээр нь таних байх.

Х -Таксич Хоовон хөх би, ард олныхоо дунд явж яриа хөөрөөг нь сонсоно. Заримдаа ядарсан нэгнийг нь үнэгүй хүргэж өгнө. Энэ нөхцлийг маань бүрдүүлж өгдөг газар нь “Дашваанжил газ” компани, Шууд Эм Эн-ийн хамт олон. Хоёулаа өнөөдөр ярилцангаа буян хийж хүмүүсийг үнэгүй хүргэж өгөх болно. Та Монголын нийгмийг эрүүлжүүлэх, архи хэмээх хорт зуршлаас холдоход хувь нэмрээ оруулж яваа хүн. Тиймээс таны үгийг манай уншигчид анхааран сонсох болов уу гэж би хувьдаа бодож байна. Олон түмэндээ хэрэгтэй зүйл ярих болов уу ч гэж найдлаа. Сая таны заасан хүмүүс дотор багш, инженер гээд мундаг мундаг хүмүүс байдаг юм байна. Энэ төвийг хүмүүс зүгээр юм байна гэж их ярьдаг. Алкоголгүй гэхээр нь тэгдэг байх л даа. Манайхан чинь архинд бол нуруугаа авахуулсан хүмүүс. Энэ клуб чинь тэгээд яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

Ц -Олон мянган залуусын төлөөлөл чөлөөт цагаа өнгөрөөх, түүнээс гадна Монголын залуу үе архигүйгээр баярлаж, төрсөн өдрөө тэмдэглэж болдгийг залуучуудад ойлгуулах гэж энэ төвийг байгуулсан.

Х -Ийм зүйлийг босгоход овоо мөнгө орно биз?

Ц -Бид хүний байрыг түрээслэж байгаа. Сард 10 сая төгрөг төлдөг. Энэний төлөө чинь заримдаа нойргүй хононо. Хааяа ч юуны төлөө ч ингээд явж байгаа юм гэж бодогдоно. Хэдэн лекцийг маань хүмүүс сонсдог юм. Тэгээд л хөдөө орон нутгийнхаа салбаруудын зардлыг энд авч ирээд хураалгачихна шүү дээ. Хэзээ нэгэн цагт ийм төвтэй болно гэж мөрөөдөөд төрдөө залбираад явж байна. Монголд гадаад, дотоодын олон сүм байна. Гэтэл Монгол эр хүн хөл дээрээ босдог оюун ухааны сүм байж яагаад болдоггүй юм гэж бодоод л, алга дарамхан газар төр өгдөг болоосой гэж мөрөөдөөд л... Сардаа ашиггүй ажиллаад, 10 сая төгрөг төлдөг ийм бизнесийг би одоо болтол үзээгүй л байна.

Х -Надад ч гэсэн сонин л санагдаж байна. Сонин бизнес байна ккк.

Ц -Амьдын буян гэж бид энэ ажлаа ярьдаг юм. Нас барсных нь дараа хүнд буян хийгээд буян болдог ч юм уу, үгүй юу. Найз нь 200 мянган төгрөг өгснийг архинд хордоод нас барсан хүн нь мэддэг ч юм уу үгүй юу. Тиймээс тэр хүнийг амьдад нь зөв замд нь оруулаасай гэж бид 10 гаруй жил ажиллаж байна. Шантармаар, гуньж гутармаар, харамсмаар үе байдаг. Нэг үе өөрийнхөө л тухай боддог байлаа.  Харин одоо Монголын ирээдүй, Монгол эрчүүдээ хамгаалах. Заримдаа ч нээрээ далд нууц бодлого шингэсэн юм уу даа гэж бодохоор. Харсаар байтал хөнөөлтэй байдаг энэ архи гэдэг зүйлийг л бага болгочих гээд байгаа ш дээ. Бүгдийг нь архинаас гаргах гээгүй ш дээ. Зарим хүмүүс архи уулгахгүй байна гээд их гомддог юм. Өөрөө болж байвал тэр хүн ууж л яваг дээ. Болохгүй болчихсон, гудамжинд хэвтэж байгаа улсууд зөндөө байна ш дээ. Тэр улсыг л хорвоогоос явуулчихгүйн тулд хийж байгаа шүү. Үүнийг их зөв ойлгох хэрэгтэй. Архидалтын хууль чинь хүнийг хамгаалахын төлөө хууль юм шүү дээ.

Х -Би ч гэсэн уудаг. Би оройд 2 шил пиво аваад гэр лүүгээ орох тохиолдол бий. Гэхдээ би үүнийгээ ууж байна гэж ерөөсөө боддоггүй байхгүй юу. Тэгэхээр хүмүүс “Чи хааяа нэг уучихмаар санагдаад байна гэдэг чинь...” гээд ярьдаг. Ер нь залуучууд хандаж хэлэхэд ер нь хүн ямар тохиолдолд өөрийгөө эртнээс болгоомжлуулан “Би ер нь болохоо больж байна гэж” өөрийгөө татаж авах вэ?

Ц -Ер нь тэгээд их ойр ойрхон уудаг болоод, баяр ёслол ямар нэг арга хэмжээнд дээр түрүүлж ууж согтох. Нэг юм уугаад эхэлбэл зогсоож чадахгүй үргэлжлүүлдэг болоод л түүнийг нь хорихоор эхнэртээ уурлаад л. Утсаа тасалж уугаад л, юмаа тавьж, зээлж энэ тэр янз бүрийн л зүйл ажиглагдана л даа. Энэ бол нэлээд хүндэрч байгаагийн хэлбэр ш дээ. Одоо тэгээд баяр нь их олон болчихсон болохоор үнэхээр хүнд байдаг л даа. Энэ реклам, зах хязгааргүй архидалт эцэстээ хүнд юманд хүргэнэ л дээ. Энэ зовлонг нь бид мэдэрчихсэн учраас ийм зүйл хийгээд яваад байгаа юм.

Х -Хүмүүс чинь тоогоор ярихад их дуртай байдаг юм шиг байна лээ. Жишээ нь, хэдэн жилээ зориулаад, хэдэн хүнийг архинаас гаргав гэх зэрэг.

Ц -5000 хүнийг архинаас гаргана гэж юу байдаг юм бэ, эд нар худлаа ярьж байна гэх хүмүүс байдаг юм. Манай гишүүд 1000, 1000-аар тоологддог. Бид энэ салбарт 12 жил ажиллаж байгаа. Зүгээр л манай нэг гишүүн Хөвсгөл аймагт өөрөөсөө 20 сая төгрөг гаргаад 8 хүний архины асуудлыг шийдээд, 10 хүнийг ажилд оруулчихсан явж байна. Нэг л хүний тухай ярихад ийм байна. Энэ байгууллага 35 салбар клубтэй. Би ганцаараа хийчихсэн зүйл биш. Би 100-аад мэргэжилтэн бэлтгэж гаргаад, эдгээр хүмүүс улс орон даяар лекцээ уншаад явж байна. Ер нь зөв зүйлд уруу татахад яадаг юм. Ямар шашнаар толгойг нь эргүүлж байгаа биш. За тэгээд энэ олон жилийн түүхийг ярина гэвэл маш их хугацаа орно.

5

Бид хоёр телевизийн буудлаас нэг хүү суулгаад авлаа. 10 жилийн бололтой хүүг хоёр талаас нь байцааж юунд суучихваа гэж эргэлзтэл нь асуултаар буллаа даа.

6

Ц -Би бас заримдаа настай хүн болон ажилдаа яарч байгаа залуусыг авчихдаг юм. Гайхалтай их баярлана. “Орчин үед ийм хүн байдаг юм уу” гээд ккк.

Х -Орой бол ингэж үнэгүй зөөчихье гэвэл алах гэж байна гээд айгаад суухгүй. Өдөр болохоор суучих байх. Эндээс чинь 500-аар явдаг билүү дүү?

З/зорчигч/ -Шөнө мянгаар.

Ц -Дүү оюутан уу?

З -Үгүй, сурагч. Монгенд сурдаг.

Х -Манай хүүхэд Монгени төгссөн байхгүй юу. Танайх чинь давхар гадаад хэл заадаг тэ?

З -Тийн.

Х -Та энэ хүүхдэд нүүрээ харуул даа. Чи энэ ахыгаа харж байсан уу?

З -Үгүй.

Ц -Чи энэ 21 гэдэг төвийг харж байсан уу. Алкохолгүй диско клуб гээд. Үүнийг та нар зориулдаг байхгүй юу.

Х -Чи хэддүгээр анги билээ. Найзуудтай хэр нийллэг хийж байна?

З -11 дүгээр анги. Нээх нийлэхгүй ээ.

Ц -Сая чинь энэ хүү шиг залуусын 70 орчим хувь нь ууж үзсэн байна гэж байсан шүү.

З -Уух нэг нь л уудаг л юм. Амсч үзэхийн хувьд бол амссан. Байнга тогтмол бол уухгүй ш дээ.

Ц -Ер нь огт уухгүйгээр баярлаж чадах уу?

З -Чадна ш дээ. Сургуулийн шинэ жил гээд.

Ц -Манай хүүхэд улсын 95 дугаар сургуульд байсын. Тэгээд хичээлээ тараад гараад ирэхээр үүдэн дээр нь хорооллын хулигаанууд хүлээнэ ш дээ. Тэд нараасаа зугтаах гэж манай хүү амьдралын нэлээд олон тэмцлийг үзсэн байдын. Хөөрхөн юм ярьдаг байхгүй юу.

Х -Бид нарын үед чинь булан тойроод л атаманууд зогсчих нь тэ.

Ц -Атаман болох гээд архинд орсон хүмүүс байна. Чи дэлгүүр хоршоо орж байхад гэр хороололд ер архидалд их байгаа биз?

З -Тийн.

Х -Анх архи амсахад чамд ямар сэтгэгдэл төрсөн. Зориг ороод гоё санагдсан уу, дэмий юм байна гэж бодов уу?

З -Ер нь дэмий юм шиг санагдсан.

Ц -Чи нэг найзуудаа дагуулаад манай клубт очоорой. Архигүйгээр яаж баяр тэмдэглэж болдгийг харна. Бид тэнд хамгийн шилдэг, сонгодог ая тавьдаг. Та нарт л зориулж хийсэн юм даа.

Х -Та нар ер нь архинд орсон ах нараа хараад юу бодогддог вэ. Энэ олон архины үйлдвэр, баар цэнгээний газрыг хараад?

З -Өөрсдийн л ухамсрын асуудал ш дээ. Тэгэхдээ орох нэг нь ордог л байх. Энэ чинь бас цаана бас нэг хүний амьдралыг залгуулж байгаа юм чинь шууд хааж боох нь хаашаа юм.

Ц -Одоо архинаас болоод аваар осол гаргаад, гэмт хэрэг үйлдээд байгааг чи юу гэж харж байна. Энэ ер нь зүйтэй юм бол уу?

З -Энийг хорьж цагдаад байвал улам л олширч, далдуур их зардаг болно.

Х -Танай аав, ээж чинь архи уух уу?

З -Гайгүй ээ. Баяр ёслолоор тааруулаад л хэрэглэдэг.

Х -Чи тэгвэл их азтай л хүү байна. Тийм ээ?

Ц -Монгол эрчүүдийн 22 хувь нь архинд донтох эмгэгтэй, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архинд донтох өвчтэй болчихсон байгаа. Ийм л эмгэнэл болчихоод байна. Хүүхдүүд гэрийнхнийхээ хүрээнд харж байгаа. Бид Монгол үндэсний хэмжээнд харж байгаа байхгүй юу. Гэхдээ эдний буруу гэж юу байхав. Болж өгвөл энэ хүүхдүүдэд эртнээс архины хор холбогдлын талаар хичээл орж байх хэрэгтэй. Ер нь энэ талаар хичээл ордог уу та нарт?

З -Ер нь ховор ш дээ.

Х -Тийм хичээл орж баймаар байгаа юм.

Ц -Уг нь архины хор холбогдлын талаар хичээлийн программ байдаг. Тэгээд нэг өдөрлөг энэ тэр болгоод орхичихдог байхгүй юу.

Х -Олон жилийн өмнө нөгөө Цогтсайхан сэтгүүлч байна ш дээ. Хонхны. Тэрний номыг би санамсаргүй олж үзсэн. Тэрийг одоо болтол мартдаггүй юм. Тэнд хүүхдүүдэд бага дээр нь шоронг үзүүлчихэж байх ёстой гээд. Тэгвэл тэд буруу зүйл хийвэл ямар юм руу орохоо мэддэг болно. Тэр надад их зөв санаа юм шиг санагдсан.

З -Хүүхдүүдийг ер нь эрүүлжүүлэх, Хархорин захын тэр хавиар явуулаад архинд орвол ийм болно шүү гээд үзүүлчих хэрэгтэй.

Х -Архичин болсон хүнтэй тэмцээд байгаа нь жаахан тийм байхгүй. Уг нь болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ер нь би орчноо харж байхад гэр бүлийн зөрчилд орсон үедээ заавал архи ууж байдаг. Тэрнээс харахад архийг ууя гэсэн сэтгэлтэй байгаа нь мэдрэгдээд байдаг. Халтууранд явж байхад тэгж харагдаад байдаг юм. Дээр 1 хүүхэн суугаад нэгэндээ “Хөгшөөн, тэр буудал дээр тэнд хүлээж бай” энэ тэр гээд аймаар зорилготой юм шиг ярьж байна. Тэгээд гялс яваарай энэ тэр гээд байхаар нь нэг юманд яарч байгаан байхдаа гээд давхиад очихоор нөгөө 2 чинь яриагаа үргэлжлүүлж байгаа байхгүй юу. “За тэгээд яасан. Чамайг цохиод авахаар нь чи яасан” гээд асуунгуут нь нөгөөх нь “За 2-лаа нэг газар ороод жоохон ууж байгаад ярья” гэж байгаа байхгүй юу. Гэх мэтчилэн тийм дүр зураг зөндөө л харж байна.

Ц -Одоо хүү хэдэн настай вэ. Та нарыг дэлгүүрт орохоор архи өгч байгаа биз дээ?

З -17-той. Өгөх дэлгүүр байна, өгөхгүй дэлгүүр байна, янз бүр ш дээ ....

4

Хүү бол энэ мэт ойр зүйл ярьж бид хоёрт “байцаагдсаар” буулаа. Архины тухай ярих дургүй байх шиг санагдлаа. Гэхдээ энэ хүү хожим хундага юм гартаа барих өдөр ирэхэд таксины энэ учрал, бидний яриа санагдаж хундагаа доош тавих ч юм билүү.... Ингээд бид хоёр Баянхошууны эцсээс дахиад нэг бүсгүйг суулгаж аваад уруудлаа. 

5

Залуухан 30-аад насны бүсгүй суулаа. Би ч гол яриандаа орж “Бид хоёр архидалтын талаар яриад явж байна л даа. Чи санал бодлоо хуваалцана биз дээ” гэлээ.

5

Ц -Эмэгтэй хүний сэтгэлээр бодоход ер нь ямар байна. Бид ер нь яах ёстой вэ?

Э/эмэгтэй/ -Хэцүү ш дээ тэгээд ккк.

Х -Бид нар харин хэцүү байгааг чинь ойлгоод байна. Тэгсэн мөртлөө л наад мууг чинь хэрэглээд байна. Танай хүн хэр татаж байна. Ах дүү нар дотор хүнд гарууд байна биз?

Э -Өө гайгүй ээ. Манай хүн тааруулаад л хэрэглэнэ. Хамаатнууд дотор бол байна өө байна.. Уудаггүй хүн гэж ер нь байдаг юм уу. Хэцүү ш дээ.

Ц -Тийм л болчихоод байна даа. Энийг чинь дагаад хүчирхийлэл, та нарын сэтгэлийн сэмлэсэн маш их юм гарах юм аа.

Э -Харин тийн. Архийг бүр худалдахгүй байвал. Архигүй бол амьдарч чадахгүй байгаа юм шиг аймаар хэцүү юм. Хаа сайгүй л архины дэлгүүр.

Ц -Багануурт нэг баахан хүн архинаас хордож нас барж байсан ш дээ. Тэгэхэд сар гаран архины дэлгүүрийг хаахад бөөн юм болсон ш дээ. Эрүүлжүүлэх, гэмтлийн эмнэлэг хүнгүй болчихсон ш дэ ккк.

Х -Гудамж талбайд архиа уусан эрчүүдийн зан чанар ер нь ямар байна аа?

Э -Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг шиг юм юм л харагдах юм.

Ц -Архинаас гарсан эрчүүдийн тухай сонссон уу. Телевизээр эрүүл идэвхитэй амьдралын клуб гээд яриад байгаа.

Х -Сонсч байгаагүй юу. Тэр ах дүү хамаатан садныхаа хүнд гаруудаа тийш нь явуул за юу.

Э -Сонсож байгаагүй юм байна аа.  Манайханд бүр яадгаа алдсан хүн ч байхгүй л дээ. Гэхдээ л хааяа нэг уучихаад байдаг хүмүүс бий.

Ц -Хаана ажилладаг вэ, миний дүү?

Э -Дэлгүүрт.

Х -Өө чи чинь ёстой архи зардаг худалдагч биш биз.

Э -Үгүй ээ. Барааны дэлгүүрт, лангуун дээр.

Х -Орлого хэр байна. Хүмүүс нь ер юм худалдаж авах нь багасаад хэцүү л болоод байна уу тэ?

Э -Тийн хэцүү л байх шиг байна. Хоолоо л нэг яалт ч үгүй авч байна.

Х -Хүний лангуун дээр суудаг уу?

Э -Үгүй ээ. Худалдагч болохоор цаанаасаа цалинждаг юм.

Ц -Ямар мэргэжилтэй вэ?

Э -Мэргэжилгүй ээ. Цаашдаа залуу байгаа юм чинь цэцэрлэгийн багшаар суръя л гэж бодоод байна. Уг нь сурчихмаар байдаг. Гэтэл тэр хооронд ажилгүй байхад амьдрал хэцүүдэх гээд.

Ц -Залуу гэр бүлийн хувьд одоо тийм л байгаа. 57 настай хэрнээ докторт сураад явж байгаа хүн би байна ш дээ. Байр энэ тэрд орохоор хөөцөлдөж үзэв үү?

Э -Үгүй ээ. Тэр чинь тогтмол орлоготой байх шаардлагатай. Тэгээд аймаар олон юм шаарддаг юм байх чинь билээ. Урьдчилгаа 30 хувь, нийгмийн даатгал энэ тэр гээд. Мань мэт чинь тийм юм байхгүй болохоор юунд ч хамрагдаж чадахгүй байна.

Х -Ажилгүй улсуудыг ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалтай болгомоор байна. Одоо бүх юм нийгмийн даатгалаар явах гээд байна ш дээ.

Э -Тийн. Даатгалгүй улсуудад чинь банк энэ тэр ч үйлчлэхгүй юм. Зээл аваад бараа энэ тэр татъя гэхээр даатгалгүй гээд зээл өгөхгүй. Гэрээ тохижуулъя гэхээр лизингд хамрагдаж чадахгүй. Бэлэн мөнгөгүй, цалингаас цалингийн хооронд явдаг бид чинь.

Ц -Тийм ээ,  2 сая төгрөг зээлэхийн тулд 4 сая төгрөгийн юм барьцаанд тавина. 1 өрөө байр авахын тулд 2 өрөө байр барьцаанд тавина ккк. Тэгэхэд Хятадад газартай л байвал болчихно. Эхлээд хундаамных нь мөнгийг өгөөд, дараа байшингаа барих мөнгө, тэгээд дээврийх нь, заслых нь мөнгийг өгөөд байшинг бариулаад авчихдаг.

Тийм нарийн хүний төлөө ухаан манайд байхгүй. Дээр үед мөнгө хүүлэгчдийг мангас шиг дүрслээд зурсан байсан даа. Тэрэн шиг муухай банкны систем үйлчилж байна. Энэ хүүхэнд 50 сая төгрөг өгчихөд хөдөлгөнө дөө?

Э -Тийн ш тээ. Сая төгрөг зээлэхэд 300-500 мянган төгрөгийг хүүнд нь өгч байна. Тэгээд тэр мөнгөө өгөх гэж бөөн юм болноо.

Ц -Хятадын нэг эрдэмтэн бүр шоолоод байсан байхгүй юу. Танай хүмүүс хэзээ ч мөнгөтэй болохгүй. Яагаад гэвэл банк чинь л баян болно гээд. Ийм юм байдаггүй юм гээд байгаа байхгүй юу. Ямар тэгээд баян болохын тулд хятадын иргэн бололтой биш дээ ккк.

Э -Тэтгэврийн хүн 24 сарын хугацаатай 4 сая төгрөгийн зээл авахад хүүндээ саяыг нь буцаагаад авчихдаг. Газар дээр нь. Тэгээд тэр хүн 3 саяыг гар дээрээ аваад 4 сая төгрөгийн зээл авч байгаа. Буцаад нөгөө хүн нэмж зээл авъя гээд очихоор өмнөх үлдэгдэл мөнгөө төлж байж ав гэж хэлдэг. Тэгээд буцаад төлөхдөө ахиад л хүү төлнө. Яг мөнгө хүүлэгчид шиг. Тэгээд л хүмүүс чинь мэдээж зайлшгүй шаардлагатай болоод л мөнгө авч байгаа юм чинь дуугүй л авчихдаг.

Х -Зовлон дээр нь л зоолно гэдэг болох юм аа.

Ц -Одоо Монгол хүн болсных нь төлөө зээл өгдөг бол өнөөдөр Монгол эрчүүд өндийлөө. Тэр чинь аугаа юм байхгүй юу. Амьдралын зорилготой хүн бол архи уудаг ч үгүй юм.

Э -Тэр ч тийм шүү. Гараад ажил хийе гэхээр ажил олдохгүй бол уухаас өөр яах ч билээ зайлуул.

Ц -Ард түмэн маань архинаас болоод их мухарч байна. Архинаас гарах гэж явахгүй газаргүй байна. Би чинь залуу насандаа хэлээ хануулж явлаа. Би чинь архинд амьдралынхаа 20 жилийг туучихсан байна лээ ш тээ. Аль социализмын үеэс эхлээд л. Харин одоо 12 жил архи уухгүй явж байна. Нэг ч амсаагүй. Энэ хооронд алдсан бүх амьдралаа босгосон.

Х -Энэ хооронд нэг ч амсаагүй юу?

Ц -Нэг ч амсаагүй. Хүний оюун санаа гэдэг чинь нүдэнд харагдахгүй мөртлөө их мундаг юм байна ш дээ. Сая “Тархины хүч, Оюуны энерги” гэдэг ном гаргасан. Улс их захиалж байгаа. Бичигдэж байгааг нь сонсоод л 500 хүн захиалсан ш дээ.

Х -Архинаас нэгнийгээ гаргах гээд бөө, лам руу дагуулж яваа харагддаг юм. Чи тийм юм сонссон уу?

Э -Гардаг нэг нь тэгээд гардаг л байх. Би архинаас л гаргаж байвал яасан ч яахав гэж боддог ш тээ. Тэгээд зарим нь бол худлаа л байдаг доо.

Ц -Анх ажлаа эхэлж байхад нийгэм биднийг “чоно махнаас гарч байгаа юм шиг” л хүлээж авсан. Тэгээд би телевизээр “Одоо архидалтын эсрэг сайхан сэтгэлтэй чөтгөр ч байсан найзлана” гэж хэлж байсан юм ккк. Тэгээд яахав дээ төр засаг ард түмэн минь дэмжиж байна. Хүнд хүмүүстэй ажилладаг олон байгууллага бий ш дээ.

Х -Нэр хэн билээ. Нөхөртэйгээ амьдраад хэр удаж байна. Хүүхэдтэй юу?

Э -Батчимэг. 10 орчим жил  байна. 2 охинтой.

Ц -Нийгэмдээ их л гунихарч явдаг охин байна. Гэхдээ битгий гунь. Ах нар чинь одоо сэргэж байна. Гэхдээ би эмэгтэйчүүддээ их талархаж явдаг. Нарантуул зах дээр чинь эмэгтэйчүүд циститтэй болтлоо зогсч Монголын зах зээлийг авч гарсан. Монгол эмэгтэйчүүд бас тэвчээртэй, зоригтой шүү. Агуу шүү. Гадаадын хүүхнүүд бол ингэж чадахгүй.

Х -Танай нөхөр юу хийдэг вэ?

Э -Автобус баазад ажилладаг.

Ц -Уг нь ийм залуу улсуудаа л дэмжмээр байгаа юм даа.

Э -Өө тэгээд зээл энэ тэр чинь хэцүү. Биднийг бол хойшоо шүү л гэнэ. Уг нь өгдөг бол ядаж гэр орноо тав тухтай байлгах талаас нь тохижуулчихмаар л байна.

Х -Миний дүү тэгээд хаашаа явж  байна?

Э -Өө Нарантуул ордог юм уу гээд.

Х -Оройтчихгүй юу. Одоо чинь 17 цаг болж байна ш дээ.

Э -Харин тийм ээ. Уг нь юмны үнэ сонирхдог юм уу гээд. Нарантуул дээр Хархорингоо бодвол юм арай хямд байдаг юм. Тэгээд гэрийн юм сонирхоод л.

Х -Өө баяр ёслолоор авгайгаа дагаж явалтгүйн байна лээ. Үзээд л байна үзээд л байна. Тэгээд авахгүй ш тээ. Яасан гэрийн диван сандал үзэх гэж явна уу?

Э -Үгүй ээ. Манайх жижиг гэртэй байсан юм. Тэгээд гэрээ томруулах гээд л хөшиг, цаваг энэ тэр сонирхдог юм уу гээд.

Х -Эндээс тэгээд Нарантуул руу унаа явах уу?

Э -Явах байх гээд л ийшээ ирлээ. Арай дөхөөд.

5

Буух газраа ирээд бүсгүй надад бүх л арван мянгат сарвайлаа. Би ч дуртайяа шүүрч аваад ёслол төгөлдөрөөр гар дээрээ дэлгэн барьж “за энэ мөнгийг чинь манайх задлахгүйд ээ. Тэгэхээр чигээр нь энэ хүнд бэлэглэчихье. Манай Батчимэгийн гэр бүлээс, танай 21 төвд хандивлаж байна. Олон хүнийг архинаас холдуулж туслаарай гээд...” хэмээн яривал хүүхэн нэлээн гайхсан боловч инээвхийллээ. Би үргэлжлүүлэн “ингээд хандивлачихвал яах уу ккк. Чи энэ хүнийг ер нь харж байсан уу” гэж асуулаа.

6

Э -ккк харин харж байсан юм байна аа. Нэрийг нь гэхдээ мэдэхгүй байна.

Ц -Манай клуб эндээс ердөө нэг буудлын цаана байгаа. Явахдаа хараарай. Ерөөсөө архи уудаггүй хүмүүс цугладаг газар. Нөхөртэйгөө нэг ороорой. Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ гэсэн их өндөр сэтгэгдэлтэй залуус цугладаг юм. Тэгээд сайхан ундаа уугаад бүжиглэнэ. Ууя ч гэсэн нөгөө юм чинь байхгүй шүү дээ ккк.

Х -Бид 2 чамаас мөнгө авахгүй. Миний дүү буцаагаад ав. Өнөөдрийн таксиний мөнгийг Дашваанжил компани төлж байгаа гэсэн үг. Чи харин их гоё зүйл ярилаа. Жирийн хүний амьдралын тухай, залуу хүмүүсийн талаар. Чи таксич Хоовон хөхийн таксинд суулаа. Гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайханыг хүсье.

Э -ккк За баярлалаа. Бүр санаа зовчихлоо.... гээд бүсгүй буулаа

6

Бид хоёр буудалд дээр хүн харангаа яриагаа хэсэг үргэлжлүүллээ.

6

Ц -Манайхан чинь их зориг муутай болчихсон. Эрчүүд ялангуяа камер хараад зугтаана шүү дээ. Юун 40 гүрнийг нэгтгэж явсан аугаа үндэстэн. Нэг муу Японд хийсэн аппаратнаас айгаад. Яагаад ийм зүрх зоригггүй болчихов. 2 үг камер луу хараад хэлчих зориггүй болчихов. Энэ бүхэн чинь л нөгөө оюуны хүчээ ашиглах чадваргүй болжээ. Манай нийгэмлэг байгуулагдсаны дараа ирж үзээрэй. Энэ чинь чиний нийгэмлэг гэсэн үг шдээ.

Х -Эрчүүдийн нийгэмлэг үү. Тийм байна. Би нэг гишүүн нь юм байна. Ерөнхийлөгчтэйгөө халтууранд явахад сайхан байна. Таны энэ нийгэмлэгийг хэр дэмжиж байна?

Ц -Нэг үеэ бодвол монголчууд их дэмждэг болоод байна. Би архинд орчихсон, зан чанар нь өөрчлөгдчихсөн тийм бүлгийнхэнтэй ажилладаг. Энэ чиглэлээр олон байгууллага байдаг. Архины л эсрэг ажиллаж байгаа юм чинь би бол тэднийг магтдаг. Харин тэд манайхыг байнга муулж, үгүйсгэдэг байхгүй юу. Жишээ нь, яахаараа ийм олон хүн архинаас гаргадаг юм гээд л. Нэг ч ирж үзээгүй, лекц сонсоогүй, бидний Монголоо тойрсон тэр баримтыг ирж хараагүй байж л үндэслэлгүй энэ тэр гэдэг. Сая Баянзүрх дүүргийн 50-аад залуугийн архины асуудлыг шийдээд, цуглаан хийж, архигүй бүжиглэдэг болгоод өөрчилчихөж байна шүү дээ. Манай нэг залуугийн үг бий л дээ. “Зам мэдэхгүй хүн зам зааж чадахгүй ш дээ” гэж. Архи уусных нь төлөө тэр хүний ажлыг хийлгэхгүй хөөж байгаа бол тэр маш харгис байна гэсэн үг. Тиймээс бие биеэ хүндэтгэж явъя л гэж би уриалдаг юм. Би эрчүүдийн байгууллагуудыг маш их хүндэтгэдэг. Ганц эмэгтэй явуулдаг “Заюу тайж” гээд байгууллага байдаг. Би тэрийг маш их хүндэтгэдэг. Бие биеэ маш сайн дэмждэг байх хэрэгтэй. Бусдыг буруутгаж алдар гавъяаг авдаггүй юм. Дэмжиж байж алдарт хүрнэ.

Х -Бид нар бол нэлээн уучихдаг бол хүнд гар л гэж нэрлэдэг дээ. Нэг хүнд гар танай дээр ирлээ гэхэд юунаас эхэлж ажиллах уу?

Ц -Монгол эр хүнд гадныхнаас ялгарах ганц л том давуу тал бий. Энэ давуу талыг л ашиглаж байж амжилтад хүрнэ ш тээ. Энэ бол эр зориг байгаа юм. Би өөрөө цэргийн дарга, офицер байсан хүн. Эр зоригийн хүмүүжлийг армиас авсан. Энэ эр зориг гэдэг бол япон, солонгос, хятад хүнд байдаггүй. Энэ ганцхан монгол эр хүний цусанд байдаг юм. Энэ үзлийг нь жинхэнэ ойлгуулаад, бидний ярьдгаар толгойг сэнхүүлээд өгвөл тэр хүн өөрийгөө хайрлах үзэлтэй болно. Өөрийгөө хайрласан хүн гэр бүлээ, цаашлаад эх орноо хайрлана. Тэгэхээр энэ үзэл дээр ажиллаад өгөхөд болно. Одоо манай залуучууд чинь 8, 9 жил бидэнтэй хамт явж байна. Гэр оронтой амьдралтай улсыг заавал нэг газар аваачаад хорих шаардлагагүй байна ш тээ. Хүмүүс чинь янз бүр. Тиймээс бид чадахгүй юмаа чадахгүй л гэдэг. Тэр агуу хүмүүсийн ажлыг бид хийж чадахгүй. Бидний ажлыг ч тэд хийж чадахгүй. Тиймээс энэ соён гэгээрүүлэх ажлыг үгүйсгэж болохгүй юм. Хүний төлөө ажиллаж байгаа хүмүүс нэгнийгээ дэмжиж хайрлахгүй юм бол өөр хэн биднийг хайрлах юм бэ гэсэн үзэл санаа бидэнд байдаг. Энэ нь эргээд манай залуусыг маш сайхан сэтгэлтэй болгож байна.

Х -Архидалтын цаана маш их эмгэнэл, харамсал байдаг байх. Та 20 жил уухад юу мэдэрсэн бэ?

Ц -Юу ч мэдээгүй. Хамаг юмаа л дуусгадаг юм байна лээ. Би чинь Голланд руу өлөн гаргаж, Тянжин рүү зэс гаргадаг байлаа ш тээ. Буянгийн Жагаатай чинь адилхан л бизнес хийгээд л, бизнесийн ертөнцөд амьдарч явлаа. Зах зээлийн эхэн үед 150 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан чинь нэг мэдэхэд л энэ мөнгө юу ч үгүй болсон. Бүр орох оронгүй гудамжинд гарсан. Тэгээд байхад чинь л сэрэхгүй байгаа юм даа. Тэгэж л чаддаг ундаа байгаа юм.

Х -Аймаар юм аа. Тэр үеийн 150 сая мөнгө шүү. Бүгдийг нь архинд өгчихсөн гэхэд. Хүнийг нээрээ алдаг ус шүү, энэ архи.

Ц -Одоо би яагаад энэний төлөө тэмцээд байдаг гэхээр хоёр шалтгаантай. Энэ сайхан Монгол оронд төрсөн ядарч яваа нэгнээ зөв замд нь л оруулчих юмсан гэж. Өөрөө зовлонг нь үзсэн хүний хувьд. Нөгөөх нь болохоор би ээжийгээ амьд байхад архинаас гарч чадаагүй байхгүй юу. Би ээжийнхээ хойноос маш их буян хийхийг боддог. Энэ утгаараа зовсон нэгэнд тус болох юмсан гэж боддог байхгүй юу. Ядаж л Гандангийн нэг буланд ядарсан нэгэнд зориулсан буяны хоолны газар байгаасай гэж боддог байхгүй юу. Тэгсэн хэрнээ ийм юм хийж болохгүй гээд тагтаа тэжээгээд байдаг. Би тэгээд нэг өглөө ер нь хүүгээ архинд алдсан зовсон ээжүүдэд хүүг нь архинаас гаргаад өгвөл өөрийн ээждээ буян болсноос өөр ялгаа юу байхав гэж бодоод. 4 сайхан найзтайгаа нийлээд энэ Эрүүл, идэвхтэй амьдралын клубыг байгуулсан юм...

6

Бид хоёрын архидалтын хар мөрийн тухай халуун яриа өрнүүлж 21 клубын гадаа ирж явтал буудлаас нэлээн донхойсон халамцуу өндөр эр гар өргөлөө. Ойртоод ирвэл ажлын хувцас өмссөн сайхан өндөр эр. Нэлээн архинд нухлуулсан төрхтэй бас их бухимдалтай байх шиг санагдлаа. Тэгээд толинд намайг харцаараа нэг сайн айлгаж аваад “Ялалт явья” гэж товчхон хэллээ.

5

Х -Яаруу явна уу?

З/зорчигч/ -Өө гэрээсээ гараад явж байна.

Х -Жаахан ууж дээ хө тэ. Хэр их уув. Яасан найз руугаа яваа юм уу?

З -Үгүй ээ гэр лүүгээ.

Х -Чи энэ 21-төвийг мэдэх үү. Тийшээ хардаа.

З -Мэдэхгүй.

Х -Нэг ороод үзээрэй, их зүгээр юм билээ... Жаахан ярьж хөөрөлдий л дөө. Хөгшин нь чамаас мөнгө авахгүй ээ. Замдаа буулгая. Ажил төрөл хийдэг үү. Юу хийж  байна даа?

З -Чи ямар олон үгтэй юм бэ?

Х -За за болий доо. Би зүгээр л чамтай ганц нэг юм ярья л гэсэн юм.

Манай залуу намайг толинд тун ч зуунгуй харж “Тийм үү. Би Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд байна. Мэдэх үү, намайг чи” гэж бүүр айлгалаа. Би ч дороо агшиж  “Өө мэдэхгүй мэдэхгүй юм байна” гээд Цогоо ахтайгаа яриагаа үргэлжлүүллээ.

Х -Цогоо ах, танайх хүн албан ёсоор цалинжуулж байлгах уу. Дандаа сайн дурын улсууд уу?

Ц -Цалинжуулах мөнгө байхгүй ээ. Түрээс өндөр болохоор.

Энэ үед манай халмаг зорчигч над руу муухай харсан чигээр ярианд оролцож “Би чамаас асууя л даа. Монгол эр хүн хаачсан юм бэ” гэлээ.

Х -Харин нь ээ хө.

З -Чи яг Монгол уу?

Ц -Монголоор ярьж байгаа биз дээ хөө, тэгэхээр Монгол доо.

З -Чи тэгээд яг 100 хувь Монгол байж чадах уу?

Х -Мэдэхгүй л дээ.

З -Ээжийгээ хаана явсныг чи мэдэхгүй ш дээ.

Ц -Чи ямар мэргэжилтэй билээ хө?

З -Би Гаалийн ерөнхий газрын ............ хурандаа хүн байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын хамгаалах хүч. Би гэрээсээ гараад нэг бүтэн хонож байна.

Ц -Яасан гэр бүлтэйгээ муудалцсан уу?

З -Яахав дээ тийм юм байдаг ш дээ.

Ц -Архи уух чинь гэр бүлээс их шалтгаалж байна уу? / хэд хэд асуултыг давтуулав/

З -Чи маш гүнзгий юм асууж байна.

Ц -Эр улс байна. Гүнзгий л юм яръя л даа. Олон сайхан эрчүүд архинаас гараад эргээд гэр бүлээсээ болоод уугаад байх юм аа. Тэрэнд л эмзэглээд байна.

З -Би ойр зуурын юм бодлоо л доо. Тэгээд миний хамгийн их эмзэглэж байгаа юм гэвэл Монголынхоо төлөө уйлжийн даа /уйлж байна гэх шиг болов/

Х -Монголынхоо төлөө уйлах юм их болж байна хөө.

З -Чи тэрийг мэдэхгүй. Энэ бол их нандин ухаан. Хар хайрцагны бодлого алга болчихоод байгаа учраас, миний хүү чи бол мэдэхгүй за юу. Бид нар социализмын үеийн улс. Бид үхэх юм бол тэгээд бүх юм болох гэж /эхлэх гэж/ байна ш дээ. Чи бол яахав дээ надад хэн илүү юм өгөх нь үү гээд л яваа.

Ц -Тэгээд одоо энэ Монгол үндэстнийг хэн аврах вэ. Бид 3 юм биш үү?

З -Би тийм юм хэлээгүй... /арын суудлаас манай зочинд дөхөн сууж/ Хөөш хө хоёулаа цуг ойрхон цайны газар сууж юм уух уу, ярилцах уу?

Ц -Би завгүй явна л даа.

З -Чи бид 2 завгүй гэж хэлбэл Монгол Улс хаачих юм бэ?

Ц -Би завгүй ажилтай яараад явж байна. Тэгээд нэг Монгол эр хүн яараад явж байна гэж бодоод өөрийг чинь ав гэж хэлээд авчихсан байхгүй юу. Би ер нь замдаа их хүн хүргэж өгдөг юм.

З -За албан ёсоор танилций. Намайг Пүрэвдэлгэр гэдгийн. Москагийн МГУ төгссиймаа. Чи гэвч хэн билээ?

Ц -Намайг Цогтсугар гэдэг.

З -Хоёулаа уулзах хэрэгтэй байна.

Ц -Уулзъя гэвэл утас өгч болно. 98989899 гэдэг утсаар холбоо тогтоогоод сайхан ярилцаж болно. Гэхдээ би эрүүл хүнтэй ярьдаг юм аа. Энэ зовлонгоос гарч болно. Арга зам бий шүү гэдгийг л хэлье

З -мхм. Ойлголоо. Энэ хүний утсыг миний хүү бичээд өгчих за юу.

Х -За

З -Би одоо гэр лүүгээ явж байна. Оросуудтай уулзаад явжийна. Нэгэнтэйгээ ойлголцохгүй хулхидаад яваад байгаа байхгүй юу. Манай байр энэ 6 дугаар байр байхгүй юу.

Х -За тэгвэл ингэсгээд буулгачих уу.

5

Тэнгис кино театрын эсрэг талд ирж зогслоо. Зочин маань замын зочноо гаргаж өгөхөөр буулаа.

5

“Би бууж чамайг гаргаж өгөхдөө нэг үг хэлнэ” гэлээ.

З -Тооцоо хэд гарсан?

Х -Хэрэггүй  ээ хө. Мөнгөөр яахав?

З -Мөнгөөр яахын бэ. Чи яасан баян юм бэ?

Х -Баян биш ээ хө, зам дагуу болохоор хүргэж өглөө.

З -Айн баян юм биш үү, хэхэ.

Х -Цаад хүн чинь төлж байгаа юм. Болгоомжтой яваарай хө.

Манай хүн зорчигч эртэй хэдэн минут үг солилцож утасны дугаар бичсэн цаасыг атгуулаад буцаж суулаа.

Х -За  юу гэдэг хэдэн үг хэлэв?

Ц -Ямар ч байсан эргээд уулзаарай гэж хэллээ.

Х -Таньж байна уу таныг?

Ц -Таньдаг юм. Нэг удаа тусламж гуйж ирж суугаад, ахиж ирээгүй юм. Гэхдээ би энэ олон 1000 хүний тогтооно гэдэг чинь их хэцүү л дээ. Саяын хүнийг харахад ярьж чадахгүй нэлээд шоконд орж л дээ. Нэг сонирхож ирчихээд ахиж ирэхгүй явчихдаг хүмүүс цөөнгүй.

Х -Рояал тв билүү нэг хүмүүсийг байрлуулаад архинаас гаргадаг нэвтрүүлэг хийж байсан. Тэндээс харахад оргочихоод байдаг юм шиг билээ.

Ц -Хэцүү л дээ. 7 хоногийн дотор хүний аливаа амьдралыг шийднэ гэж байхгүй ш дээ. Маш олон жил орно. Бид 10 гаруй жил явж байна. Одоо ч гэсэн архидалтыг бүрэн эмчилсэн гэхэд хэцүү. Хүмүүсийн ууртай догшин зан чанар чинь одоо л зөөлөрч байна. Өмнө нь өөрсдийхөө тухай хар мэдээлэл энд тэндээс сонсвол бачимдаад боож үхэх гээд хэвлэлийн хурал хийдэг байсан бол одоо инээгээд л өөдөөс нь магтаж байх жишээтэй. Саяын залуу л гэхэд оросод сургууль төгссөн гэж байна шүү дээ. Эд чинь өөрсдийгөө архичин гэж боддоггүй. Өндөр боловсролтой, би агуу хүн учир ийм архины сургалтад суухгүй гээд л хальт мэдээлэл авчихаад л явчихдаг. Дээд сургууль төгссөн хүмүүсийн нэг ийм дутагдал байгаа юм. Гэтэл өнөөдөр 7 дугаар анги төгссөн хүн архины асуудлаа шийдүүлчихээд бидний мэдээгүйг ч мэдээд л явж байна. Тиймээс боловсрол гэдэг харьцангуй ойлголт. Гэхдээ энэ хүнд нэг юм байгаа биз, жаахан оюунлаг мэссэж өгчингүүт хоёулаа сууж ярилцъя гээд. Уг нь бол яг эрүүлээр ярьдаг газар нь “Залуус 21” байхгүй юу. Ярих гээд байна аа л гэдэг чинь энэ хүнд нэг юм байна гэсэн үг. Энэ чинь асар хүнд өвчин шүү дээ. Олон удаагийн сургалтад сууж, болох талаас нь хөөцөлдөж явж байж энэ асуудлын ард гарна ш тээ.

Х -Гэхдээ гэр бүлийн хүрээнд нэг нь жаахан ийм юм руу орчих гээд байдаг ш дээ. Тэд нарыг ийшээ л явуулж баймаар юм байна даа тэ?

Ц -Тийн. Хөдөөд нэг залуу архинаас гарчихаад эргээд бидэнд гомдоллоод ирлээ. Яасан гэсэн чинь “Манай эхнэр согтуу ирээд. Чи намайг 15 жил зовоосон. Одоо би чамайг зовооно гээд надад агсам тавиад байна” гээд. Одооноос тэгээд бид гэр бүлээр нь оюун санааны үйлчилгээ үзүүлье гэж байгаа юм. Архи уудаг хүн гэдэг чинь гудамжинд гарсан хэдэн хүнийг хэлэхгүй ш дээ. Монголчуудын 51.5 хувь нь архины хамааралтай болчихоод байна ш дээ.

Х -Надаас өгсүүлээд байна даа. Би чинь сул цаг гарвал амралтын өдрүүдээр 2 пиво уучих гээд байдаг юм шүү дээ.

Ц -Тийн. Одоо тэр чинь 7 хоногтоо 3 болно. Тэгээд л өсөн нэмэгдэнэ. Түүнээс биш анх ууж сурангуутаа л өдөр шөнөгүй уудаг болохгүй. Би БХИС-д офицер байхдаа гурвуулаа нийлж суугаад 1 шил архи бардаггүй байлаа. Ууж байгаад бие хачин болоод ирэхээр за больё. Энийг өөр юманд дараа хэрэглье гээд далд хийчихдэг байсан. Тэгээд л тэр чинь бага багаар нэмэгдсээр байгаад л шил шилийг уусан ч зогсохгүй цаашаа явсан. Ийм аймшигтай түүх байна.

Х -Хэр агсам байсан бэ?

Ц -Цэргийн хүн чинь их дайчин ширүүн. Тэр нь архитай нийлэхээрээ догшролгүй яахав дээ. Тэр муу гэр орныг чинь тараагаад хаячихна ш дээ.

Х -Сайхан л юм л даа. Өөрөө энэ хорт зуршлаа хаяж чадаад, эргээд хүмүүсийг гаргах гээд явж байна гэхээр.

Ц -Өөрөө энэ зовлонг нь мах цусаараа мэдэрсэн болохоор. Архи уусан хүний цаана тэр хөөрхий ээж яаж зовж байгааг, тэр эхнэр хэрхэн бүлтгэнэж байгааг, хөөрхий хүүхэд яаж сэтгэл санааны гуниг гутралд ордгийг мэднэ. Тэд чинь бүгд л Монгол хүмүүс шүү дээ. Миний монголын хойч ирээдүй, үзэсгэлэнт бүсгүйчүүд, сайхан ээжүүд байгаа. Энэ хүмүүсийг би зовоохгүй байхын төлөө архины нууцыг бид олсон юм. Тэр нууцыг би саяын хүнд яримаар байна гэдгээ хэлсэн. Энэ сайхан оюун санааны нууцад нэвтэрч чадвал ийм боловсролтой залууд маш том боломж бий гэдгийг л аминчлан хэлсэн юм. Тэгээд намайг таньж байна лээ...

5

...Бид хоёр ийн 2 цаг орчим хамт яваад Залуус-21 клубынх нь үүдэнд ирж салах ёс хийлээ. Сэтгүүлч Наран мөн орж ирж ярианд нэгдлээ.

Энэ хорвоод байгаа сайхан бүхнээ архинд булаалгаж, дараа нь алдсан бүхнээ олж чадсан ч эрүүл саруул ээждээ үнсүүлэх гэж сэтгэл дотроо хайсаар байгаагаа ярихад нь би ч аавыгаа бодож сэтгэл огшлоо. 

6

Үнэхээр бахархмаар эр юм. 20 жил толгойг нь ороосон  архины донг хаяж 12 жил эрүүл саруул сэтгэж амьдарч. 20 жил хамгийн их уйлуулсан ханиа хорвоогийн жаргалтай эмэгтэй болгож чадсан тухайгаа сэтгэл хөдлөн өгүүллээ. Энэ үед л түүний нүдэнд зорилгодоо хүрч зовлон бэрхшээлийг ялсан эр хүний баяр очтохыг би ажиглалаа. Бизнес талаасаа түүний ажиллуулж байгаа клуб ямар байдгийг би сайн ойлгосонгүй. Сар бүр 10 саяын түрээс байрандаа өгдөг гэхээр хүнд л санагдлаа. Санаа зөв бол заяа зөв гэдэг болохоор болгоод л яваа бололтой.

Гандангийн уулзварын баруун хойд талд гаднаас нь харахад даржин харагдах хоёр давхар саарал байшин бий болсныг бид бараг бүгд л мэдэх болсон байх. Харин түүн дотор огт танихгүй хэн нэгнийгээ архины хар сүүдрээс аварч амьдралтай нь, гэр бүлтэй нь гэрэлд гаргах гэсэн нэгэн эр сар бүр 10 саяын түрээс төлөөд сууж байдгийг би л хувьдаа мэддэггүй байсан юм. Энэ халтуурынхаа дараа олон зүйлийг мэдэж авлаа.

6

“...Дэлхийд хаана алкохолгүй цэнгээний газар байдаг юм гэж асуудаг. Заавал дэлхийн улс орныг дууриах ёстой гэж үү. Яагаад Монголд ийм архигүй цэнгээний газар байж болохгүй гэж би хариулдаг. Зарим нэг мөнгөтэй хүн танайх ашиг олохгүй ш дээ гэдэг. Нээрээ ашиг олдоггүй. Бизнесмэнүүд мэддэг юм байна. Үнэн юм байна. Архи зарж л ашгаа олж авдаг юм билээ. Гэхдээ монголын залуу үе архигүй болох нь ашиг биш үү. Нэг ч гэсэн ээжийн сэтгэл амар тайван байгаа нь ашиг биш гэж үү. Нэг ч гэсэн хүүхдийн, эхнэрийн нүднээс нулимс гарахгүй байгаа нь ашиг биш гэж үү...” гэж тэр биднээс асуусан юм.

Архи хэмээх хар мөрт автсан нэгийгээ бөө лам руу бус энэ Залуус 21 клуб руу авч очоорой гэж төгсгөлд уриалья. Та зүгээр нэгэн байлаа ч ороод гараарай. Ганц ундаа аваад уучихаарай. Таны ундаанд төлсөн тэр мөнгө архинаас монголоо аврахад тань хандив болох юм билээ. Мөн Их хурлын эрхэм гишүүд улстөрчдийг ч энэ клубээр орж ундаа уугаад гарахыг уриалмаар санагдлаа.

66

“Нөхөж болдоггүй юм гэж байдаг юм билээ...” гэж манай зочин хэлсэн. Үнэн юм билээ. 27 жил хамт хөтлөлцөн амьдарсан аавыгаа юугаар ч нөхөж чадахгүй, хайсаар яваагаа энэ ярианаас би мэдэрсэн. Архи ууж муу аавыгаа амьдад нь их уйлуулж зовоосноо ч саналаа.

Бүгдээрээ амьдын хагацалгүй, алаг үр, гэр бүлийнхээ нүдэнд  нулимсгүй байхын төлөө архинд “ҮГҮЙ” гэж хэлцгээе...

5

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...авто тээвэр, аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-21
eeee:
tani ajild amjilt husie uneheer talarhaj bna bi odii boltloo arhi amsaj ch uzeegui gehdee arhinaas bolj humuus hichneen hund bdald orj ger bul ur huuhed hi zobdogiig medne
2014-05-15
зочин:
манай улс ард иргэдээ дэмжихгүй байна.иргэн бүрийг ажилтай болгох хэрэгтэй.гадаадад гудамжинд хоол хийж зараад мөнгө олж байна.манайд яагаад тэгж болдогүй юм.хүн бүрт өөрийн хэмжээнд тохирсон бизнесийг чөлөөтөй нээгээд өгчихвөл архи уугаад бачуураад явах хүн бх уу? хэн ч сайхан амьдралын төлөө тэмүүлдэг биздээ.завгүй хүн архи уухгүй.архи ууна гэдэг завтай хүний ажил шүүдээ.
2014-05-13
зочин:
яг үнэндээ оросод дээд сургууль төгссөн хүмүүс,заавал дээд гэхгүй техникүм .бас тмс төгссөн хүмүүсийг хараад байхад эрчүүд нь архичин,хүүхнүүд нь тамхичин байдагиймдаа.бага залуудаа гадаадад ээж ааваасаа хол гээд бас загнуулах хүнгүй дураараа байсны гай.оросууд үнэн алкашууд штээ.
2014-05-13
зочин:
архи уух,тамхи татах гэдэг сэтгэлийн юм байгааштээ.бас уруу татдаг болчимгүй найз нөхдийн балгаар уудаг гэж бодож байна.янз бүрийн сонирхолтой арга хэмжээ зохиовол залуус энэ төвд их ирнэ дээ.бас олны танил хүмүүсийн лекцийг сонсгох болон яаж мөнгө олох вэ? яаж бизнес хийж хөл дээрээ зогсох вэ? гэх мэтчилэн сонирхолтой хичээлүүдийг заавал маш олон залуус цугларна даа.ялангуяа хотын залуус ийм зүйлд идэвхтэй хандана шүү.
2014-05-13
saruul:
exnii xyn bid 2 yag adil ym naiz noxod jaaxan xondii bdag ynen shyy uudag xymyys ni ilyy olon naiztai bx shig
2014-05-12
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, сайн уу.
2014-05-11
zochin:
olon hun arhinaas garval mongol uls hugjliin 1 shat ahij bn gesen ug. amjilt husie.
2014-05-11
ганбаа:
эхнэр хүнийг бэлтгэх дамжаа нэмээд байгуулчихвал архинаас гарах эрчүүдийн тоо бүр их нэмэгдэнэ дээ.
2014-05-11
zaluu:
hudlaa gar gesen manai huurai ahig bas zaldsan baagiidaa
2014-05-10
залдаг гар-т:
энэ хүн худал хэлээгүй танай сумын архичидын толгойд сайн үг тогтодгүйн гай ш дэ хүнээсээ болно уу гэхээс энэ хүн чадлаараа ухуулна харин танай архичид довноосоо хальж харж чадахгүй байгаа тул эргээд гашуун хар усаа гудраад дашийн шоог ойлгосон уу
2014-05-10
zaldag gar:
ta manai sumaas baahan arhi uudag hunig arhinaas gargana geed hudlaa bailee ted neg n ch garaagui
2014-05-10
tanknz:
сонирхолтой мэдээ.
2014-05-10
зочин:
бид нар еерсдийгее хуураад л явдаг. би ч алийгаа алдсан архичин биш, зvгээр даруухан соелтой хэрэглэгч энэ тэр гээд л хуурдаг байхгvй юу. ер нь нэг настан буурал хэзээ ч зовлонг туулах гэж архийг бvv хэрэглэ, жаргалаа хуваалцах гэж бага зэрэг хvрт хэлж байсан нь одоо болтол тархинд минь байна. сайн vйлс дэлгэрэх болтугай, монголынхоо ирээдvйд ийм сайхан "херенге оруулалт" хийж буй таньд амжилт хvсье! 76 малын нэг нь ч гэсэн очиж vзээсэй билээ.
2014-05-10
зочин:
амьдралын маань нэгэн хэсгийг сануулчихлаа. архи ууж агсан тавьдаг аавтай байх хэцүү шүү.
2014-05-09
toloo:
amjilt hvsey hvn ooroo hicheevel arhi naas garch chadan shvv dee hamgiin gol ni seteliin hattai baih heregtei
2014-05-09
хүрэл:
өмнөтгөлийг нь уншаад сэтгэгдэл бичсэн надад ийм асуудал байхгүй болохоор энэ сэдэвт тийм ийм гэх үг алга гэхдээ нийгэм нэг л гундуухан байна ажилтай хүн амьдралаа л бодно уу гэхээс баар сав хэсэж балгаж явах сонирхолгүй байдаг юм чөлөөт цаг гарвал гэр бүлээрээ хотоос гараад л жийчихнэ шдэ тэрнээс илүү сайхан амралт хаана ч байхгүй сайхан явалт болж алдаж эндэж яваа олон хүмүүс уншаад ухаараад тэр нийгэмлэгт элсээд амьдралын заяа мөрөө тэгшлээсэй гэж хүсэж байна амжилт аль алинд нь
2014-05-09
undesten:
bi lav arhi tamhi hereglehgui 34 nasalj bn,gants gem n naiz nuhud l hovor bdag yum.gehdee uuriin tuluu ,ger buliinhee tuluu amidrah bolohoos naiz nuhudiin tuluu amidrah bishdee.
2014-05-09