Европын холбоо 8 сая еврогийн тусламж үзүүлнэ
2011-01-17

Монгол Улсын гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд гадаад бодлогод нэгдмэл зарчим баримтлан ажиллах зорилгоор Гадаад харилцааны яамнаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт-семинарыг зохион байгууллаа. Сургалт-семинарт ГХЯ-ны нийт удирдлага болон бусад яамдын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн удирдлага, ажилтнууд оролцсон нь энэхүү арга хэмжээний цар хүрээг тэлж, ач холбогдлыг өндөрсгөж буйг онцолж байв.

Түүнчлэн манай гадаад харилцаа өнгөрсөн онд амжилттай хөгжиж, Монгол улсын хөгжлийг түргэтгэх, түүний аюулгүй байдлыг хангахад гадаад таатай нөхцөл бүрдүүлэх үндсэн чиг үүрэг, стратегийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадлаа гэж үзэж байгаа юм байна. Тус яамны дэд сайд Б.Болор өнгөрөгч 2010 онд гадаад харилцаанд гарсан ололтыг ийн хэллээ.

“Өнгөрөгч онд зарим улстай тогтоосон манай харилцаа чанарын шинэ түвшинд гарлаа. Тухайлбал Япон улстай харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцлоо. Одоо түүний агуулга нь юү байх, түүнийг хоёр тал хэрхэн ойлгож байгааг тодотгон тохирох ажил хийгдэж байна. ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чиглэлд Ерөнхий сайдын өнгөрсөн оны эцсээр хийсэн айлчлалын үеэр олон томоохон тохиролцоо, нэгдсэн ойлголтод хүрлээ. Өмнөд хөрш БНХАУ-тай манай төрийн тэргүүн, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын хийсэн харилцан айлчлалын дүнд харилцаа улам шинэ дээд түвшинд гараад байна.

Европын Холбоотой харилцаа, хамтын ажиллагаа бодит агуулгаар баяжсан жил болов. “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулах цуврал хэлэлцээ амжилттай болж бүх асуудлаар тохиролцон оны эцэст үзэглэлээ. Энэ нь хамтын ажиллагаанд өргөн боломж нээгдэж байна гэсэн үг юм. Европын стандартыг нутагшуулах явдал манай гадаад харилцааны өнгөрсөн оны нэг онцлог чиглэл байв. Энэ зорилгод дэм болгон ЕХ 8 сая еврогийн тусламж үзүүлэх болсон.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн анхны жил байснаараа өнгөрөгч он мөн онцлог байв. Хөтөлбөрийн нийт 381 арга хэмжээнээс давхардсан тоогоор 139 нь салбарын болон орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд орж тодорхой хэмжээгээр хэрэгжиж эхлээд байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум долларт хүрч өнгөрсөн оныхоос 53.5 хувь өссөн дүн гарлаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт анх удаа нэг жилд тэрбум доллароос давж гарлаа.

Цөмийн салбарын гадаад үйл ажиллагаа манай салбарын хувьд шинэ чиглэл байв. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр АНУ, Япон, Энэтхэгтэй санамж бичиг, БНХАУ-тай Агентлагын түвшинд санамж бичиг, Францтай хамтын ажиллагааны хэлэлцээр, ОХУ-тай “Дорнод уран” ХХК байгуулах Гэрээг тус тус байгуулав.

Гадаад харилцааг эрдэмжүүлэх, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх ажлууд хийгдэж байна. Энэ зорилгоор Яаманд Сургалт судалгааны төв байгуулж ШУА болон хэд хэдэн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллав.

ЭКСПО-2010 Шанхайн үзэсгэлэн Монгол Улсын хөгжил, түүх соёл, ёс заншлаа суртчилан таниулах том боломж олгов. Манай павильоныг 2,3 сая хүн үзсэн гэсэн дүн гарсан.

Монгол Улсын олон талт хамтын ажиллагаан дахь оролцоо өссөний гадна олон улсын энхийг сахиулах үйл хэрэгт бодитой тус дэм үзүүлдэг боллоо. Өнгөрсөн онд хэд хэдэн энхийг сахиулах ажиллагаанд манай 800 гаруй хүнтэй баг оролцсоныг тэмдэглэхэд таатай байна.

Шинэ цагийн дипломат алба үүссэний 100 жилийн ойд бэлтгэх ажил манай үйл ажиллагааны бас нэг чухал чиглэл байв. Энд олон том, тодорхой ажил төлөвлөн одоо ид хэрэгжүүлж байна.

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гадаад харилцааны үр өгөөжийг улам өсгөн нэмэгдүүлэхэд энэ харилцаанд оролцож байгаа бүх субъектүүдийн нэгдмэл байдал, уялдан зохицуулсан нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал болж байгааг тэрбээр цохон тэмдэглэж байсан.

Shuud.mn
Сонин хачин