Ниргэсэн хойно нь хашгирдаг тогтолцоо
2014-05-13

Монгол улсад одоо хэрэгжиж буй хуулийн заалтаар ирэх оны улсын төсөв арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагддаг. Төсөв захирагч нь дараа жилийн нэгдүгээр улиралд багтаж тайлан гаргадаг бол Үндэсний аудитын газар хянаад ирэх жилийн төсвийг баталж байх үед танилцуулдаг ажээ. Хоёр жилийн дараа аудитын дүгнэлттэй нь танилцаж мэдээлэл авахад уг төсвийн мөнгийг захиран зарцуулж, ажил хэрэг болгосон эрхмүүд болон гүйцэтгэгч нартай холбоотой алдаатай тооцоо, мөнгө төгрөг идэж уусан “но” нь илрэхэд  хариуцлага хүлээх хүн байдаггүй гэнэ.

ы

Учир нь хариуцлага хүлээх албан тушаалтан, дарга нар нь хэдийнээ ажлаа сольсон аль эсвэл тушаал дэвшсэн зэрэг олон шалтгаанаар эзэнгүйдсэн хэрэг болон үлддэг байна. Ийм л тогтолцоо өнгөрсөн 20 гаруй жил Монгол Улсын төсвийг захиран зарцуулагч, дарга даамлуудад үйлчилж, төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг хэллэг бий болсон гэлтэй. Үнэндээ дарга болохоороо л үнэтэй машин унаж, эдэлж хэрэглэдэг нь өөрчлөгдөөд ирдэг нийтлэг дүр зураг олон бий. Гэвч дансны аргаар иддэг “нууц увидас”-ыг илрүүлэх арга нь  болхидуухан буюу хоёр жилийн дараа байгааг яалтай ч билээ.

й

Тиймээс “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг” байдлыг зогсоохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд “Шилэн дансны тухай”  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод ”Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилготой байсан. Хуулийг батлагдснаар төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцаа зохицуулагддаг болох байв.

ы

Гэтэл Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн дийлэнх нь дэмжсэнгүй. Хэлэлцүүлгийн явцад гишүүд төсөв тунгалаг байх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд заавал тусад нь зохицуулах хуулийн төслийг шаардлагагүй, “Шилэн данс” гэж нэрлэж байгаа нь оновчгүй байна гэх зэргээр шүүмжилж ч үзсэн. Ажлын хэсгийн зүгээс “Шилэн данс гэх эдийн засгийн хэллэг олон жил хэрэглэгдэж байгаа, олон улсад хэллэг болчихсон үгээр нэрлэсэн юм” хэмээн тайлбарлаж байлаа. Гишүүд уг хуулийн агуулгыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн ч тухайн хуулийг батлахтай холбоотой өөр ямар хуулиудад өөрчлөлт орохыг тусгаагүй, бүрдэл дутуу хэмээн үзсэн тул уг хуулийн төслийг төсөл санаачлагч буюу Ерөнхийлөгчид буцаах болсон юм.

ы

Харин хууль санаачлагчдын зүгээс уг хуулийн төслийг боловсруулахад дутуу дулимаг хандсан зүйлсийг засч сайжруулан УИХ-д дахин өргөн мэдүүлэх гэнэ.  Шилэн гэдэг үгийг  гэрэлтдэг гэдэг утгаар ойлгох нь зөв. Иргэдэд нээлттэй ил тод байх гэсэн утгатай нэр болохоос хагарч үйрдэг шил биш. Шил шиг тунгалаг төр, төсвийн хөрөнгийн зарцуулалт нь нээлттэй, олон түмний хяналтанд байж чадвал хэлсэн хийсэн нь хэрхэн хэрэгжиж байгааг харах боломж нээгдэнэ. Төсвийн байгууллагын санхүүгийн гүйлгээг олон нийтэд дэлгэн тавьснаар жилийн дараах тайлан тэнцлийн үеэр гарах маргаан хэл ам эрс буурах нь тодорхой. Төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болно. Хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдэнэ.

Цахим болон цаасан хэлбэрээр байгууллагын самбарт ил тод харагдах нь хэн нэгэн дарга даамлыг “хардлагын нүдээр” харах ч шаардлагагүй болох юм. Ингэж чадвал улс эх орон, нийгмийн амьдралд зориулсан ажил үйлчилгээ хэрхэн хэрэгжиж байгааг мэдэж, хангалттай мэдээлэлтэй болсон иргэдийн төрдөө итгэх итгэл ч сэргэх нь гарцаагүй. Нөгөө талаар “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр ажлаа өгсөн дарга “асан” нарын ажлыг дүгнэх гэж хоёр жилийн дараах аудитын дүгнэлтийг хэлэлцэж, Төсвийн гүйцэтгэлийг хянаж хариуцлага хүлээх эзэнгүй сууж байх нь зөв тогтолцоо юу. Энэ асуудалд эрхэм төрийн түшээд минь нухацтай хандаж, “Шилэн дансны хууль”-ийг Монгол түмний эрх ашигт бүрэн нийцүүлнэ гэдэгт итгэж байна.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
үнэхээр тайван амгалан ард түмэн шүү. атомын бөмбөг тэсэлнэ гэж байсан ч гэсэн тайван амгалан байх улс. өөсрдийнхөө төлөө хяналт хийдэг болоосой. төсвийн мөнгийг шат шатан даа байнга л идэж байхад тоодоггүй. нэг бодлын бид нар өрөвдөлтэй юм даа
2014-05-14
cummed:
энэ хуулийг батлавал ард түмэнд хэрэгтэй болохоос уих-ын гишүүдэд унах юм үгүй тул батлахыг дэмжсэн этгээдүүд цалингаараа амьдар
2014-05-13