Хатан ухаан монголын улс төрд хэрэгтэй байна
2011-12-10

Монгол улс эрт дээр үеэс төрийн үйл хэрэгтээ хатадыг оролцуулж ирсэн нь тэдний оюун ухаан, эрдэм мэдлэг, дадлага туршлага, зөөлөн сэтгэл төр түшилцэхэд хэрэгтэй байсныг илтгэж буй биз ээ. Та бидний бахархал болсон Чингис хааны эх Өүлэн хатан нөхрөө нас барсны дараа хэрхэн Их Монгол улсыг бутрааж, тараачихалгүй хүү Тэмүүжиндээ уламжлуулан өгч байгаа, мөн Мандухай сэцэн хатан Монголын нэгэн цагийн төрийг хэрхэн удирдан залж байсныг бид олонтаа үзэж, уншиж байсан. 1204 оны Улсын их чуулганаар Чингис хаан есөн эмэгтэй сайдыг эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчүүд гэж сайшаагаад Хэрэйд аймгаас олзлогдсон Солонгоо охины ой ухааныг хотол даяар гайхан магтаж, уудам мэргэн хэмээн цоллоод малгай, хоолойвч, эрхээр шагнасан тухай “Хөх судар”-т тэмдэглэсэн байдаг. 1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Гилъям Де Рубрук Монголын эмэгтэйчүүдийн ажилсаг, эрэмгий, зоригтойг тэмдэглэхдээ “...Нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчүүдээ дайнд мордсон нөхцөлд ар талын бүхий л үүргийг гүйцэтгэдэг” гэж бичсэн байдаг. Өнөөдрийн нийгмийн тухайд эмэгтэйчүүд шийдвэрлэх түвшинд оролцох оролцоог нэмэхийг шаардаж байгаа нь тэдний эрин үе ирснийг илтгэж байна. Эмэгтэйчүүдийг төрийн үйл хэрэгт оролцуулан, төрийн шагналаар шагнаж байсан ёс жаяг Богд хаант Монгол улсын үед ч мөрдөгдөж байжээ. Үүний нэг жишээ бол феодалын нэгдсэн Монгол улсад хааны хатад нь төрийн их хуралд оролцдог, зөвлөх эрхтэй байснаар үл барам хаан нас барсан тохиолдолд төрийн хэргийг гардан хатан хааны үүргийг гүйцэтгэж, дараагийн хааныг сонгох хүртэл төрийн эсрэг хуйвалдаан, бослого тэмцэл гарах аюулыг сэрэмжлэн зайлуулж, төрийн дотоод их ажлыг зохион байгуулаад зогсохгүй, гадаад улс гүрэнтэй харилцах дипломатын дэг ёсыг ч биелүүлж байсан тухай түүхэнд өгүүлсэн байдаг. Тухайлбал: Өгөдэй хааны Наймалжин хатан 1241-1246 он хүртэл 5 жил, 1248 оноос Гүег хааны хатан Огул Хаймиш 2 жил төр барьж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн. Энэ бүхнээс дүгнэхэд эртний Монгол улсын үед эмэгтэйчүүд төрийн эрх барилцаж байсан, тэднийг хамгаалсан төрийн хатуу чанд хууль үйлчилж байсан. Мөн тэдний нэр төр алдар хүндийг ихээр дээдэлж, оюун ухааныг нь харамгүй үнэлж төрийн үйл хэргийг хүртэл удирдуулж байсан нь харагдаж байна. “Ардчилал бол ард түмний засаглал мөн” хэмээн Америкийн ерөнхийлөгч агсан А.Линкольн  хэлсэн. Манайхан ч энэ үгийг их л иш татаж ярих дуртай. Гэвч ардчиллын хэв маягаар яваад 20-иод жил болж байгаа Монгол улсын засаглал үнэхээр ард түмний засаглал болж чадаж байгаа билүү. Монголын хүн амын  талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл одоогийн УИХ-д гэхэд хэд байгаа билээ. Гуравхан шүү дээ. Өөрөөр хэлбэл 73:3 гэсэн харьцаа гарч байна, энэ харьцааг ядаж 66:10 болгочихвол хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгэмд бага ч болов хүрч эхлэх байх. 1950-1990 онуудад АИХ-ын депутатуудын 24 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 1990 оноос хойш сонгуулиас сонгуульд шилжих тусам эмэгтэйчүүдийн УИХ дахь төлөөллийн жин буурчээ. Ардчилсан орон болсноос хойш УИХ дахь эмэгтэйчүүдийн хувь 10 хувьд хүрсэн нь одоохондоо эмэгтэйчүүдийн хувьд хамгийн өндөр хувь болоод байна. Гэтэл Герман улсын төрийн эрх барих байгууллагуудад 40 хувь Шведэд 35 хувь, Шотландад 40 хувь, Угандад 50 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэтэл манайд хэдэн төрийн эрх барих байгууллагад хэдэн хувийн эмэгтэйчүүд ажиллаж байгаа талаар хэлэхээс ч “ичмээр” юм. Олон улсын парламентын холбоонд мэдээллээ өгсөн 133 орноос Монгол улс 125-д орж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Улс төрийн амьдрал дахь эрэгтэйчүүдийн давамгайллыг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд ардчилал хөгжсөн орнуудад “Сонгуулийн босго”-ыг ашигладаг бол үүнийг манай улсад одоог хүртэл хуульчлаагүй л байна. Одоо яригдаж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа бага ч гэсэн /уг хуулийн ажлын хэсгийнхэн эмэгтэйчүүдийн квот 20 хувь, намуудын босго 5 хувь байх саналыг оруулаад байгаа/ тусгах гэж байгаа нь сайшаалтай. Гэвч эмэгтэйчүүдийн  квот болон сонгуулийн босгыг хэдэн хувь байхаар тусгах нь олны анхаарлыг татсан хэвээр. Хэдэн хувиар тусгах нь одоо УИХ-д сууж байгаа эрэгтэйчүүдийн эр зоригоос ихээхэн хамааралтай болоод байна. Эмэгтэйчүүдийн оролцоо нь хүн төвтэй хөгжлийн гол чиглэл бөгөөд улс орон хөгжихөд хүний хөгжил чухал үүрэгтэй. Эмэгтэй хүн гэдэг хамгийн нандин болоод үр хүүхэд төрүүлж, хань нөхөртөө халамж хайр бэлэглэж, аз жаргалыг гэрэлтүүлж байдаг эрхэм хүмүүс билээ. Тэр ч утгаараа ээж байхгүй байхад айлын гэр эл хуль болсон байдаг. Ээжийг ирэхэд  хүүхдүүд нь аз жаргалаар дүүрэн болдог гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Өнөөдөр Монголын хүн амын 51,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба их дээд сургуулиудын оюутнуудын ихэнх нь эмэгтэйчүүд байна. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээс илүү боловсролдоо анхаарч тууштай зүтгэдэг нь харагдаж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсрол, мэдлэгийн хувьд дутахгүйг хэлж байгаа юм. Бид жинхэнэ ажил хэрэгч, боловсрол өндөртэй эмэгтэйчүүдээр хүчээ сэлбэх цаг нь болсныг нийгэм хэлээд байна. Эмэгтэй хүн “хатан ухаан”-аараа аливаад хандаж хатууг зөөллөж, бурууг зөвтгөж байсан түүхтэй. Энэ л хатан ухаан монголын улс төрд хэрэгтэй байгаа учир одоо эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих цаг иржээ.  Ингэж гэмээнэ авлигад идэгдсэн, хууль хэрэгжихгүй байгаа хамаг л муу муухай бүхний “эх үүсвэр” болоод байгаа төр маань цэвэрлэгдэж бидний ирээдүй гэрэлтэй гэгээтэй болно. Монголын түүхэнд хатад эмэгтэйчүүдийн үзүүлсэн нөлөө асар их байсан бол одоо үед эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлж, төрийн эрх барих байгууллагуудад тэдний оролцоог нэмэгдүүлвэл монголын хөгжил цэцэглэлтийн шинэ үе одооноос эхлэх бүрэн үндэстэй. Ингэснээр авлигал, ёс бус үйлдэл багасна гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс шийдвэр гаргах түвшинд тэгш эрхтэйгээр оролцох ёстой хэмээн харуулж байгаа нь улс төрийн амьдралд аль нэг хүйс нь давамгайлахгүйгээр тэгш оролцоог хүсч байгаа нь ажиглагдаж байна. Энэрэнгүй, хүмүүнлэг, ажилч хичээнгүй үнэнч шударга гэсэн шинжүүдийг эмэгтэй улс төрчдөд,  харин эрх мэдэлдээ бардсан авлигад өртөмтгий гэсэн шинжүүдийг эрэгтэй улс төрчдөд илүүтэй илэрдэг гэж олон нийт үзсэн байна. Ийнхүү эмэгтэй улс төрчид эерэг дүрээр олон нийтийн дунд үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд хандах эерэг хандлага давамгайлж байгаа нь сайшаалтай. Ингэснээр эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллахыг үгүйсгэх биш харин ч таатайгаар хүлээн авсан, улмаар эмэгтэй нэр дэвшигчид сонгуульд амжилт авчрах таатай үндэс суурийг бий болгож байгаа юм. Тэр тусмаа эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжээд эхэлсэн нь сайхан. Арга билгийн ухаан гэдэг шиг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо ямар ч шатанд тэнцвэртэй байж л хөрсөнд буусан зөв шийдвэр гардаг. Бид нэг нэгнийхээ дутууг нөхөж ажиллавал Монгол сая нэг хөгжлийн хурдцыг нэмэх ихээхэн ач холбогдолтой. Эмэгтэй хүний мэдрэмжээр асуудалд хандах тэр л орон зай манай УИХ-аас гарч буй хууль тогтоомжид дутагддаг. Эрчүүд давамгайлсан парламент татвар, батлан хамгаалах гэх мэт салбарын хуулиудыг илүүтэйгээр баталдагийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон байвал нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа ядуурал, архидалтын эсрэг болон боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм рүү хандсан шийдвэр олноор гардаг учиртай гэнэ. Уян хатан асуудалд жижиг гэлтгүй гярхай ханддаг энэрэнгүй шударга гэх мэт эмэгтэй хүнээс л гарах тэр зан улс төрийн хатуу бодлогыг зөөллөж, илүү оновчтой болгож өгдгийг олон улсын туршлага баталж байна. Энэ л замаар явбал монголын төр эрүүлжиж, эрүүл таатай орчинд амар амгалан, сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ.              
Shuud.mn
Сонин хачин
hatan
2011-12-12