Зуун онооны 100 хоног
2014-05-26

Энэ оны гуравдугаар сарын байдлаар манай улсад 152.1 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байх ба энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 52 хувиар буурсан гэж Монголбанкнаас мэдээлж байсан. Гэхдээ байдал тийм яадгаа алдчихаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай 81 компани шинээр бүртгүүлсэн ба гадаадын компаниудын зүгээс 637 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн талаар “Bloomberg TV” мэдээлж байна. Мэдээг багцалж харвал эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийе гэсэн Солонгос, Японы болон Европын компаниуд саналаа ирүүлсэн аж. Мөн энд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 25.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд бүрдүүлж байгааг онцлон хэлье. Монголын салхины эрчим хүчний салбарт Солонгосын 10 орчим компани хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. 2014 он гарсаар гадаадын компаниуд макро түвшинд 100 мянган ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Гэвч эдийн засагт эргэлт хийж сэхээхэд энэ байтугай их ногоон хэрэгтэй байгаа.

а

Өнгөрөгч 7 хоногийн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Экспортыг дэмжих хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тодорхой хэсгийг шийдвэрлэхээр тогтсон. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгох учиртай 100 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс олгохоор шийдвэрлэжээ. Үүнд хязгаар бий гэнэ. Хоёр тэрбум төгрөгнөөс дээшгүй санхүүжилт хүссэн ба арилжааны банкуудаас нягталж зээл олгохоор шийдвэрлэсэн төслүүдэд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Экспортыг нэмэгдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын хүрээнд гарч ирсэн 579 төсөл байгаа. Засгийн газрын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд экспортыг дэмжих 131, импортыг орлох 757 орчим, бусад 200-аад төслийг иргэд ААН-үүдээс ирүүлжээ. Энэ нь эх орондоо үйлдвэрлэх бүтээх өдий тооны санал санаачлагууд болоод бодит боломж бидэнд байна гэсэн үг. Төрөөс үүнийг дэмжиж санхүүжүүлэх хөрөнгө 341 тэрбум орчим төгрөгт яригдаж байна.

ө

Засгийн газарт иргэд ААН-үүдээс ирүүлээд байгаа экспортыг дэмжих чиглэлд хамаарах төслийн 61 хувь нь малын түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл байгаа юм байна. Нөгөө талд импортыг орлох төслүүдийн 30 хувь нь барилгын материал үйлдвэрлэл, 26 хувь нь хүнсний бүтээгдэхүүний төсөл байна. Манай иргэд ААН-үүд хийж чадахгүйдээ бус хөрөнгө мөнгө бодлогын бодит дэмжлэг байхгүйдээ гар хумхин сууж байсныг энэхүү өөрсдөө хийе бүтээе гэсэн мянга хол давсан санал санаачлага, төсөл харуулна. Төр иргэдийн эдийн засгийн бодит сонирхлыг өдөөж, татварын таатай орчин нөхцөлийг бий болгоод өгвөл монголчууд гадны хөрөнгө оруулалт царайчилж, уул уурхайг шүтэн баялгаа цөлмүүлж уйлагнан суугаа байдлыг халж чадна гэдгээ ийнхүү илэрхийлж байна. Иргэд ААН-үүдэд хөрөнгө мөнгөний дэмжлэг байвал орчин үеийн техник технологийг суурьшуулж, инноваци хийн дотоодын хэрэгцээгээ хангаж, гадаад зах зээлд өрсөлдсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах нь мэдээлэл технологи хурдацтай хөгжиж глобалчлагдаж байгаа ертөнцөд тийм ч үлгэрийн мэт сонсогдохоо больсон.

ө

Төр хямрал болоод назгайрлаасаа аль болох хурдан салж намын хэргээс төрийн хэргийг дээгүүр тавьж тунгалаг орших зүгт хандах аваас иргэдийн дарамт хөнгөрч улс орон өөдлөн хөгжих замдаа орох юм. Энэ бол сүржин үг биш. Жанжин Сүхбаатарын цогтой үгийн нэг хувилбар ч биш юм. Мянга мянган иргэн бизнес эрхлэгчийн өөрсдөө хийе бүтээе гэж төрд ирүүлсэн байгаа олон зуун төсөл санаачилгад шингэсэн үг юм. Төр олны энэ үгийг олж харж тусгаж авах ёстой. Өнгөрсөн жилүүдийн авилгажсан төсвөөс хулгайлагдаж цагаан захтнуудын гараар дамжин гадаадын банк, офшор дансанд орж байсан мөнгөний урсгалыг бизнес эрхлэгч иргэд рүү чиглүүлж өгсөн бол өдгөө дор хаяж экспортыг дэмжих 131, импортыг орлох 757 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг эхлүүлчих л байж дээ гэсэн харуусал гол зурна. Өнөө маргаашдаа бид уул уурхай дагасан хөрөнгө оруулагчдаас доллар босгож эдийн засгаа сэхээж болно. Өнө холдоо бол идэх хоол, өмсөх зүүхээ өөрсдөө бэлдэж, өрөөлд бараа таваар зардаг болж байж л бид хараат бус эдийн засагтай тусгаар улсын жишигт ойртох юм. Үүнийг бүгд мэдэж хэлж ярьдаг ч, хийж бүтээх бодит боломж хөрөнгө мөнгийг жирийн хүн, бизнесменүүдийн гарт атгуулж байсан төр үнэндээ байсангүй. Үүний хариуцлагыг өнөөдрийн парламентад суудалтай улс төрийн намууд хүлээх ёстой ба алдаагаа засахад оройтоогүй гэдгээ иргэддээ харуулах цаг одоо ирээд байна.

а

Ирэх намар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүнгээр юу хийсэн бэ гэж Засгийг дүгнэхийн цаана ерөөсөө энэ улс төрийн намуудад төр улсаа авч явах суурь чадвар байгаа эсэхэд ард түмэн үнэлэлт өгөх юм. Наадмын төвөргөөнтэй долоодугаар сар, найр хуримын зартай наймдугаар сарыг дуусахад эдийн засаг сэхэж энэ төрд итгэх олны итгэл сэргэсэн байхыг бүгд л хүлээж байна.

а

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
an iihan:
ta nar chadnaa uls ornoo saikhan bolgooroi
2014-05-26
.......:
ан эх орныг маань дампууруулж байна.
2014-05-26