Орон нутгийн замд 195 хүний амь нас хохирчээ
2011-12-13

Хөдөө орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэргийн нөхцөл байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн  байна. Энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 1747 гарч ослоор 301 хүн нас барсан. Зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн олонхи нь буюу 195 нь хөдөө орон нутгийн замд осолджээ. Гарч байгаа гэмт хэргийг байдлаас харахад ихэвчлэн улсын чанартай, төв, шулуун замын  аймгуудыг дайран өнгөрдөг зам дээр осол их гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд гарч байгаа хэргийн тоо нь бусад аймгаас өндөр байна. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн замд хоёр том осол гарсан юм. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ний 17.30 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын  Их-Овоо гэдэг газар Hyundai Excel маркийн  25-08 СЭА улсын дугаартай автомашин жалга мөргөж,  жолооч,  46 настай  С нас барж, зорчигч,  таван настай Б хүнд гэмтсэн хэрэг гарсан байна. Мөн 10-ны 12.00 цагийн орчимд Төв аймгаас Улаанбаатарын чиглэлд явсан Toyota Cresta 31-24 УНЛ дугаартай  автомашины жолооч нь Hyundai Accent  61-69 УНБ автомашинтай мөргөлдөж,  гурван зорчигч хүнд гэмтсэн юм. Орон нутагт босоо, хөндлөн тэнхлэгийн засмал зам тавигдах болсонтой холбогдон автомашины хурд ихсэж, осол их гарах болсон. Мөн орон нутгийн замд гарах осол буурахгүй байгаа нь жолоочийн сахилга бат, ухамсар, хариуцлага зэргээс их хамаарч байгаа юм. Ялангуяа халтиргаа гулгаа ихтэй байга энэ үед жолооч нар орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин