50 тэрбумын зөв, буруу
2014-06-10

Ерөнхий сайд хойд халаасандаа хийчихсэн байсан 50 тэрбум төгрөгөө яаж “үрсэн” талаарх тайлагналаа УИХ-д тавилаа. Энэ нь хууль тогтоох байгууллага нь хууль зөрчиж тавигдсан мөнгөний зарцуулалтыг хянан хэлэлцсэн хэрэг. Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд өөрийн багцдаа 50 тэрбум төгрөгийг суулгаж үүнийгээ өөрөө мэдэн зарцуулах онцгой эрхтэй болсон. Гэхдээ энэ 50 тэрбумын зарцуулагдаж ирсэн зам мөр тийм ариун байгаагүй гэсэн хардлага ихтэй. 2013 онд “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293.1 сая төгрөг, “Бумбардай” комикс есөн цуврал номын 255.6 сая төгрөгийг өнөөх тэрбумаас санхүүжүүлсэн байсан нь хэл ам дагуулсан. 20-хон мянган төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан төрийн бус байгууллагад 200 гаруй сая төгрөгийн санхүүжилт өгч  үүгээрээ Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хувьцаа эзэмшдэг телевизүүдийг санхүүжүүлсэн гэсэн хардлага шүүмжлэлд Ерөнхий сайд өртсөн. Оргүй ч юм биш л байсан. Улсын төсөв төлөвлөгөөнөөс үл хамаарч өөрийн мэдрэмж болоод хүслээрээ зарцуулж болох 50 тэрбумыг хорхойтон дагах нүд, унацтай зарцуулчих ашиг сонирхол Ерөнхий сайдын эргэн тойронд нь их л байгаа. Ийм талын хардлагатай байгаагаа чуулган дээр сөрөг хүчнийхэн илэрхийлэхэд Ерөнхий сайд их л эмзэглэж байгаа харагдсан. Ер нь бол татвар төлөгчдийн ийм их хэмжээний мөнгийг өөрийн багцад хийсэн бэлтэй сайдыг элдэв хардлага дагана гэдгийг тооцож тайван байх хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ 50 тэрбумд иргэдэд хаялгатай туссан зөв ч бий, бас онцлон хэлэх буруу ч байгаа харагдана.

5

Өнгөрсөн жилийнх шиг телевизийн цуврал нэвтрүүлэг, комик ном хэвлэх зэргээр тансагдуу цацсанаа бодвол энэ жил арай өөрөөр, иргэдийн аливаа үйлчилгээ тусламжийг авах орчин нөхцлийг сайжруулахад түлхүү зарцуулсан байна. Үүнээс энэ жилийн хувьд 50 тэрбумын зөвдсөн нь илүү харагдана.

5

...Гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцгаар хангахад 1.929 сая төгрөг, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү зах, худалдааны төв барихад 9.768 сая төгрөг... жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс өгөх эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт  эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөг гэсэн төсөвт ажлуудыг бол ЗӨВ гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ бүх ажлын төсөв санхүүжилтийг яам тамгаар нь дамжуулж, тендер уралдаан болгож олон шатлалтай, олон дэлсээч цагаан захтнуудын гараар оруулсан бол юу ч болж мэдэх байсан. Яармагт байгаа төрөх эмнэлгийн байр шиг, 3-р цахилгаан станцын хашаанд хог болон үлдсэн 17 тэрбумын хөрөнгө шиг болох байсан нь үнэн байх. Гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн багцын мөнгөө үнэхээр зөв харж мэдрэмжтэй зарцуулбал шууд бүтээн байгуулалт, биет юм болж иргэдэд ээлээ өгч байгаа сайн тал энд байна.

5

Улсын нийслэл Улаанбаатарынхан Нарантуул зах дээрээ идэр есийн хүйтэнд хөлөө дэвсэлж зогсдог бол баруун хязгаар Өлгий хотын иргэд дулаан зааланд  худалдаа арилжаагаа хийх болж. Энэ таатай орчин нөхцөл давуу талыг өвлийн хахирт хөдөө аймагт 6 цаг гадаа зогсож үзээгүй гишүүд ойлгохгүй дэмий зүйл гэж байгааг бид ойлгож байна.

5

11 аймагт  эрүүл мэндийн оношилгооны төв бий болсоноор иргэдийн халаасанд идэх талх өмсөх зүүхийн хэчнээн мөнгийг зардал бус хэмнэлт болгон үлдээж байгааг одоохондоо тооцох аргагүй. Хөдөөний иргэд аймгийн төвдөө оношоо олохгүй өвдсөөр талийх вий дээ гэх айдаснаасаа өдөр өдрөөр салж байна. Орон нутгийн эмнэлгийн оношилгоо үйлчилгээ хэзээ ч байгаагүй богино хугацаанд, хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтаар хурдан босч ирлээ. Ийм ажлыг төсвийн төлөвлөлтөөр хийх гэвэл юу болж, хэдэн төрийн тэрбумтан төрж, мөн хэдэн дутуу барилгын балгас үлддэгийг бид мэднэ.

6

50 тэрбумд энэ мэт олон ЗӨВ байгаа ч бас цөөнгүй БУРУУ бий. Юун түрүүнд Ерөнхий сайд  ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөгийг өөрийн багцдаа хуваарилж байгаа нь төсвийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэсэн МАН-ын бүлгийн шүүмжлэл үнэн юм. 2014 оны төсөвт эрх баригчид олонхоороо хүч түрэн энэ багцийн 50 тэрбумыг баталсан нь ч үнэн. Зорилго нь ариун болохоор арга нь ямар ч байж болно гэсэн зөвтгөл ардчилсан төрд байж болохгүй.

6

Эхнээсээ задаргаа хийгдэж төлөвлөгөөнд суугаагүй гэнэт хийгдсэн ажлуудын ард асуудал, асуултууд бас босч ирнэ. Төрийн хөрөнгө мөнгөөр боссон өмч тухайлбал Өлгий, Увс аймгуудын худалдааны төв захын битүү барилга обьект хэний өмчлөлд байх уу. Аймаг орон нутагтаа хэн энэ төвийн хөрөнгийн бүрэн бүтнийг хариуцаж, урсгал засвар хийх хөрөнгийг гаргаж татвар төлөгчдийн мөнгөөр боссон обьектийг хамгаалж тордож байх бэ. Төрийн энэ өмч хөрөнгөөр бизнес хийн иргэдийг “паразитлаж” хөлжих намын нөхөд, отго жинстэй дарга нар бий болохгүй гэх баталгаа бий юу гээд биеэрээ бэрхшээлийг туулсан хүмүүсийн тавих асуулт, хардлага цөм үндэслэлтэй. Төсвийн хөрөнгөөр ийм хэмжээний  бүтээн байгуулалт хийчихэд ард нь цохих завших бас түмэн боломж бий болдгийг мэдэх хүмүүс нь чуулганы танхимаас асууж байгаа тул үүнд эмзэглэх хэрэггүй юм. Гэхдээ 50 тэрбумын зарцуулалт зөв ч дараа нь гарах үр дагавар олон “буруу” бий болохоос бултах гэх нь зохимжгүй. Наад зах нь дараа дараагийн Ерөнхий сайд бүхэн өөрөө мэддэг их мөнгийг хасах биш өсгөх гэж оролдох ба энэ нь гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд төсвийн хууль болон бусад заалт тогтоомжийг зөрчиж болдог буруу жишиг тогтоохыг үгүйсгэх аргагүй.

 5

Нэмж хэлэхэд, 11 аймгийн оношилгооны төвүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаа талаар таагүй мэдээ сонсогдсон. Учир нь шинээр байгуулагдсан Оношилгооны төвийн урсгал зардал нь төсөвт суугаагүй тул хүндрэл бий болж байгаа хэрэг. Дуран аппаратны хэвийн ажиллагаанд хэрэглэгдэх урсгал зардлын мөнгийг төсвөөс л гаргана. Үнэтэй чадалтай аппарат хэрэгслийн дагалдах хэрэгслийн дагалдах зүйлс нь мөн л үнэтэй ховор байх юм. Гэтэл энэ мөнгө эрүүл мэндийн төсөвт суугаагүй төлөвлөгдөөгүй зардал, байхгүй мөнгө гэсэн үг. Салбарын сайд нь хэчнээн шавхаж ард түмнээ бодох гээд төсөвт суугаагүй мөнгийг нөхөж суух бас хэцүү. Юутай ч 23.696 сая төгрөгийн төсөвт өртгөөр 11 аймагт баригдсан  оношилгооны төв ажиллаж эхэлснээр хот руу эмчлүүлэхээр ирэх хүмүүсийн тоо 60 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байгаа нь цаанаа иргэн, өрхийн зардал мөнгийг төдий хэрээр хэмнэсэн гэсэн үг. Энэ мэт иргэд өөрсдөө өмөөрөх “зөв” энэхүү Ерөнхий сайдын 50 тэрбумд их байна. Гэхдээ энэ нь хэдэн буруугаа зөвтгөөд бай гэсэн үг бас биш.

6

Өрхийн тэргүүн өөрөө мэдээд зайлшгүй хэрэгтэй зүйлд хэдэн төгрөг зориулдаг байг л дээ. Зорилго санааг нь дэмжээд байж болох юм гэж эвлэрье. Гэхдээ ингэхийн тулд ядаж үүнийгээ зохицуулсан хууль журам гаргаж батлах хэрэгтэй юм.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин