Такси № 84
2014-06-11

Өдрийн мэнд манайхаан. “Такси №83”-д үлдээсэн сэтгэгдэл коментийг уншаад, наашаа хандсан бүх хүнд баярлаж хөөрөв. Уншигчид маань уулзаагүй ч хоорондоо бие биенээ мэдэх болж, үл таних нэгэнд нийлж дэм тус больё гэж байгаа нь үнэхээр сайхан. Алс холоос уншдаг Шумахер нарын залуус мөн Бимаа, Зорге, Батаа, Munk ,Bodol, 38-тай аав, Юм үз, Хүрэл гээд бусад үл таних олон мянган “иргэн”, “зочин” уншигч нартаа гэгээлэг санаа оноо, сэтгэл бүрийнх нь төлөө баярласнаа хэлэх байна. 

Та бүхний санал сэтгэгдлийн талаар болон өөрийхөө бичлэгийн талаар би өвөө эмээ хоёрт хэлсэн байгаа. Тэр хоёр нэлээн сонирхож  бас яагаад өөрт нь хүмүүс туслах гээд байгааг гайхаад байх шиг санагдсан. Нөгөө айхтар өвөө маань бие нь ойр ойр чилээрхээд нэг дүү нь зардал мөнгийг нь гаргаж 1-р хороолод хувийн эмнэлэгт хэвтүүлсэн байна лээ. Утсыг нь тавих зөвшөөрлийг яг аваагүй байгаа болохоор энэ удаа түдгэлзүүллээ. Би маргааш /пүрэв гарагт/ өвөөг эргэж очихоор ам өгсөн бөгөөд ингэхдээ өвөөд дахин сайн тайлбарлаад үүний дараа та бүхэнд утас холбоог нь үлдээе.

Ингээд ээжлит бичлэгээ доор буулгалаа. Таалал орштугай.    

.

1. Хоёр жил гүрийчихвэл

Таксины орлого, замын татвар энэ тэр гээд 300-аад мянган төгрөгөө төр болоод компанид орлого болгож тушаачихаад санаа сэтгэл нэг тиймэрхүү гэлдэрч явтал нэг цэрэг хувцастай залуу гар өргөж харагдлаа. Машин амардаг өдөр таарчихаад гэсээр урд суусан 40 гаран насны намхавтар эр Холбооны ангид алба хаадаг гэнэ.

Манай эр хөдөө алба хааж нэлээн удсан ба анх Ехсел машинтай байсан тухайгаа хууч хөөрлөө. Цасан шуурганаар эхнэр хүүхэдтэйгээ гарч давхиад л. Тэгээд айлаас зам асуухаар  “ямар машинтай хэдүүлээ яваа юм” гэхээр нь ингээд л эхнэр хүүхэдтэйгээ ехсел машинтай явж байна гэхээр гайхаад л ямар тэнэг зоригтой юм бэ гэдэг байсан шүү. Ехсел ч бас л явдаг машин шүү. Намайг замд явж байхад чинь залуучуууд гоё гоё машинтай шавар цасанд суучихсан. Яасан гэхээр дайрч чадахгүй. Болохоо байх шиг болохоор нь нэгтээ /нэгдүгээр араа/ татаад л баахан хаазлаад тэгээд доошоо ухуулаад суучихна. Хоёрт нь хийгээд хаазаа сайхан тааруулаад байхад чинь баргийн шавраар машин гарна шүү тэ...

.

Х -Чи хөдөө хаана байсан бэ хөө?

З/зорчигч/ -Баянхонгорын говийн нэг сум.

Х -Хөдөө цэргийн хүн амар. Хоол хувцсанд мөнгө үрэхгүй зардал багатай амар л гэдэг дээ.

З -Хцс, хот руу нэг дарга дуудахад л хамаг мөнгө байхгүй ш тээ. Хэдэн сарын цалингаараа л явна. Сумаас аймаг орно. Айлд ч хононо, буудалд ч хононо. Тэгээд дахиад цаашаа хот руу унаанд сууна. Амьтан хүнд мах сүү авна. Хотод ирээд хүн амьтан дагаж идэж ууна, таксидна, ууна тэгээд нэг мэдэхэд тав зургаан зуун мянга байхгүй. Хаачсан бүү мэд. Хотынхон бол тийм мөнгө үрээд сурчихсан байгаа юм чинь тоохгүй. Хөдөөний мань мэт бол шоконд ороод таг гацчихаж байгаа юм чинь.

Х -Хөдөө юмны үнэ бараг хотынх шиг болсон гэсэн үү?

З -Хөдөө үнэтэй ш тээ. Цалин цагтаа орж ирэхгүй санхүүжилт хийгдээгүй байна аа гээд л гүрийлгээд байна. Цэргийнхний цалинг бол ёс юм шиг унжиж удааж байгаад хийнэ ш тээ. Тэр хооронд яахын. Нөгөө дэлгүүрээсээ бичүүлээд л сайхан зээл авна. Өнөө хэд чинь арай үнэтэй бичээд бас заримдаа нэмээд юм хийчихнэ. Дараа нь зээлэхээ бодоод таг дуугай л авч байгаа юм чинь. Хөдөөд амьдрал байхгүй ээ. Аргагүй явах газаргүй, нэг бол мань шиг тушаал дагасан цэргийнхэн л хүчээр тогтоно.

Х -Хүүхдүүд одоо бүгд хотын сургуульд орсон уу?

З -Өө тэр хөдөөний сумын сургуулийн сургалт гэж. Одоо манай хүүхэд чинь энд сургуульд ороод 2 жил болчихлоо. Тэгэхэд багш нь одоо болтол танай хүүхэд нээрээ горьгүй ээ гүйцэхгүй байна л гээд байна ш тээ. Тэнд байхдаа хотынхоо хүүхдүүдээс хэдэн сар жилээр хоцорч байдаг юм бүү мэд.

Х -Уг нь тэнд байхдаа гайгүй сурлагатай байсан юм уу?

З -Гайгүй, бараг л тэргүүний гэх гээд байсан. Ээ тэгээд л тэнд чинь багшаа андахгүй бараг л ууж иддэг найзууд бие биендээ юм хэлж шаардах юм байхгүй ш тээ.

Х -Хотод сайхан л байна уу?

З -Өө яахав би одоо нэг хоёр жил болчихвол суулаа даа. Та байж л бай гэвэл байж л байна. Суу гэвэл сууна даа тэгээд.

Х -Одоо сумд гэхдээ гайгүй болж хөгжиж байгаа л гэх юм.

З -Хэцүү хэцүү. Нэг хэсэг цахилгаан гэрэлгүй байлаа ш тээ. За тэгээд л хэрэггүй юм билээ. Тоггүй харанхуйд суух улс чинь орой юу хийх үү архи л ууна шүү дээ. Нөгөө Азийн чоно билүү хүн хордуулдаг. Тэрийг чинь түлэгдтэлээ ууна. Яаж хордоод үхцгээчихгүй байдаг байсан юм.

Манай анги чинь тэр үед гэрэлтэй. Тэгээд нөгөө сумын архичид ажилгүй дуракууд эргэлдээд салахгүй.  Ахлагч офицер нарыг чинь уруу татаад л. Тэгээд нэг цахилгаантай болсон чинь арай дээр зурагтаар ядаж сонирохолтой юм гараад. Бас яахав нэг үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдээд ирж байгаа юм. Гэхдээ л сум бол сум шүү дээ. Цөөхүүлээ уйдсан улс өвлийг бол архи л ууж барна...

Х -Хотод одоо суурьшаад бэхжээд авсан уу?

З -Өө яахав нэг муу Фит-тэй болсон. Хөдөө чинь машиндаа юм хийгээд тордоод байдаг. Хотод чинь угаалгаж ч амжихгүй байна ш тээ ккк. Хотын хүн завгүй гэж үнэн байна аа ... тэр залуу гар өргөөд байх шиг байна. Би энд буучихья даа. Чи чинь харин тэргээ сайхан угаалгасан байх шив. За баяртай...

 :

2.Хамар тэгшлүүлэхэд 100 мянга

Найзуудтайгаа ууж идээд эцэст нь нүдээ таглуулж, хамраа нээлгээд салсан нэг залууг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч таарлаа. Найзууд л ууж идсэн бололтой юм. Тэгээд хоёр нь хоорондоо маргалдаж зодоон цохион болохоор нь дундуур нь ортол манай хүнийг аягаар нүд хамрынх нь дунд буулгачихаж. Нөгөө найзынх нь ч тархи толгойг хага цохисон гэнэ. Андаа хайрладаггүй арчаагүй согтддог эр байсан бололтой. Гэхдээ ганц удаа гээд цагдаа шүүх бололгүй өнгөрсөн гэнэ. Харин зодооноос хойш хоёр хоноод нүднийх нь хавдар буугаад иртэл шал мурий хамар тодроод ирсэн гэнэ. Тэгээд ажлаа тараад эхнэрийнхээ шахалтад орж гэмтэлд үзүүлэхээр явж байгаа гэж товч ярилаа.

.

Бид хоёр 21 цагийн үед очиход гэмтлийн эмнэлгийн өнөөх өвчтөн ордог гол хаалга пиг хүнтэй давчуу хонгил бүгчим агаартай угтаж авлаа.

Ядахад өнөөх зургаа авахуулдаг өрөөг нь яг үүдэн талын хаалганд оруулчихсан юм байна. Тэгээд аль яс нь хугарч юу нь гэмтсэнийг рентген зургаар харуулж батлах гэсэн хөнгөнөөр гэмтэж бэртэгсдийн оочер дараалал яг үүдэндээ бөөгнөрчээ.

Элдэв зургийг илэрхийлсэн яриа хөөрөө гэдэг чинь энд ёстой нэг өрнөдөг юм байна. Түр гадаа гартал цагдаагийн дүрэмт хувцастай хоёр ажилчин нэг хүүхэнтэй ярилцаж байна. Хүүхэн машинд шүргүүлсэн бололтой юм.

:

Х/хүүхэн/ -...Би зам дээр унасан тэгсэн тэр жолооч шилээ буулгаж “урдахаа харж яваач” гэчихээд хөдлөөд явчихсан.

Ц/цагдаа/ -Өөр харж байсан хүн бий юу?

Х -Уг нь байсан ш тээ.

Ц -За чи зургаа авахуулчих. Тэгээд чиний мөргүүлсэн газарт чинь очиж үзлэг хийнэ. Чамд машин бий юу?

Х -Ахыгаа дуудвал ирэх байх аа.

Ц -За тэгвэл цагийн дараа тэр мөргүүлсэн газраа очоод хүлээж байгаарай...

Манай залуу зургаа авахуултал хүлээхийг хүссэн тул би дотогш орлоо. Хоёр эмч зэрэгцэн суугаад “ийшээ бол доо яасан гэнээ, энд өвдөж байна уу, яаж байна” гэх зэргээр өвдсөн хавдсан хөх эрээн нүүртэй болсон хазганасан ярвайсан хүмүүсийг шуурхай үзэж тэг ингэ хэмээн зөвлөгөө өгч байна.

Тэгтэл гадаа түргэний тэрэгний дохио дуугарч түрдэг тэрэг түрсэн сувилагч бололтой хүүхэн гүйн хаалга чиглэлээ. “За алив хүмүүсээ хоёр тийшээ хана руугаа болоод зай гаргаад өгөөрэй. Алив алив энэ хүмүүс хойшоо л доо” гэж уцаарлах аргадах хоёрын завсарт хэлсээр хаалгаар гарав. Хүмүүс ч дуулгавартай нь аргагүй хоёр тийш болж ханарлаа.

Тэгтэл  30-аад насны ухаангүй болсон нэг залууг түрсээр орж ирээд хүлээн авахын өрөө рүү авч орлоо.

Гадаа ар гэрийнхэн нь бололтой 3 залуу, нэг хүүхэн тойрон зогсож ярилцаж байна. Залуугийн найз нь бололтой нэг эр болсон хэргийн талаар гэрийнхэнд нь ярьж буй бололтой.

З/залуу/ -“...тэгээд нөгөө Оогий нь шууд листэн төмрөөр хүзүү рүү нь цохьчихсон. Тэгээд шууд ойчоод өгсөн.

Ах -Над руу 4 цагийн үед  ярьсан юм. Цалин буугаад нөгөө хэдтэйгээ уугаад байж байна. Түлхүүр байгаа юу гэсэн юм.

Хажуудах эмэгтэй нь нулимсаа арчин сууснаа ярианд оролцлоо.

Э/эмэгтэй/ -Тэгээд нөгөө хэд нь яасан ?

З -Баагийг тэндээ ойчоод өгөхөөр Оогийг нөгөөдөх нь аваад булан тойроод алга болсон. Түргэн дуудчихаад араас нь очиж харсан чинь худгийн урд дахиад нэг архи тавьчихсан сууж байсан. Тэгсэн нь цагдаа хүрч ирээд бариад гавлаад авсан. Оогийг нь аваачаад хийчихсэн байхаа.

Ах -Тэр новш одоо уух болгондоо хүн хар зодох юм аа. Дээр тэр бригадынхаа нэг залууг  бүлчихсэн гээ биз дээ. Тэгэхэд нь явуулах байсан байхгүй юу.

Хүлээн авахаас өнөөх залууг түрсээр гарч ирэхэд ярилцагч 4 ухасхийн босч очлоо.

Ах -Хааш нь авч явж байна, миний дүү?

Сувилагч “Тархи нугасны мэс засал руу аваачина. Хагалгаанд оруулна” гэж товч хариулав. Ухаангүй хэвтэх залуугаас архины үнэр ханхийж байлаа.

Би коридорт байх сандал дээр суулаа. Хажууд бас л хэн нэгэнтэй гөвшилцсөн бололтой 20-оод насны нэг залуу нүүрээ даран ёолон тонгойж сууна. Хажууд арван жилийн сургуулийн бололтой нэг хүү ээж ахтайгаа бас л нэг зодоон ярьж суулаа.

Э/ээж/ -Би энэнд хэлээд байсан байхгүй юу. Шууд багш нартаа хэлж бай гэж.

Ах -Аа бас хэцүү л дээ. Багш нар тэр бүр тоохгүй. Тоогоод ч яах юм бэ загнаад л өнгөрнө.

Хүү -Тнх, манай нөгөө хөдөө ангид нэг хүүхэд байсан ш тээ, тэрэн шиг бол. Дээд ангийнх нь банди нар зодоод тэгэхээр нь багшдаа хэлээд. Багш нь бөөн юм болоод. Гараад явж байхад нь өнөө хэд нь дахиж ирээд “чи яасан их ольдог гар вэ” гээд зодох гээд. Тэгсэн өнөөдөх чинь дахиад л шууд “багшаа энэ дахиад зодох гээд байна, цагдаа дуудаачээ” гэж орилж гүйгээд. Дахиад зодох гээд ирэхээр нь дахиад л “багшаа алах гээд байна” гэж гүйж очоод тэгсээр байгаад өнөө хэд нь оролдохоо больсон ш тээ хэхэхэ.

Э -Тэр нь дээр ш тээ, өөр яах юм бэ....

Манай залуу оочерлож байгаад зургаа авахуулж барьсаар гарч ирээд хүлээн авахын эмч рүү дахиад орж байгаа харагдлаа. Би дагаад орлоо.

Гурав орчим насны хүүгээ тэвэрсэн, царай нь хачин болсон аав зогсож байна. Сувилагчид хүүд нь юу болсныг ярьж байна.

 А/аав/ -...Манай хүү харин тоглож байгаад хашааны банзны нэг зайгаар толгойгоо оруулчихсан. Хоёр банзны хооронд толгой нь гацаад. Тэгсэн хавьд байсан жоохон хүүхдүүд гаргах гэж татаад тэгээд нэг өвгөн ирж авсан гэж байна. Тэгэхдээ хүзүүг нь гэмтээчихсэн юм уу уйлаад халуураад.

С/сувилагч/ -Харин хүзүү нь гэмтсэн юм шиг байна. Одоо эмч үзнэ, та түр гараад хүлээж бай тэгэх үү...

Ёооё энд бүгдээрээ битгий шаваад бай тэгэх үү. Үзүүлэх хүнийг нэг л хүн дагаж ор л доо. Бүгдээрээ ингээд шавчихаар яаж эмч нар үзлэгээ хийх юм бэ... Хөөе та хэнтэй явж байгаа юм. Тэр хүн чинь дээшээ хагалгаанд гарчихсан ш тээ. Дээшээ 3 давхарт оч л доо, тэндээсээ асуу. Та хэн билээ ...

Х -Би таксины жолооч тэр нэг залууг хүлээгээд.

С -Та гараад хүлээчих ээ, үзүүлэх хүмүүс нь ч багтахгүй байгааг харж байгаа биз дээ.

Тэгтэл эмч нарыг бүчсэн олны дундаас манай залуу гараад ирлээ.

З -Хамар хугарсан байна гэнэ ээ. Нэг аппарат хийгээд засна гэж байна. Гэр рүүгээ ярьж мөнгө авчруулахаас.

Х -Өө тийм үү, тэгвэл бага дээр нь янзлуулсан дээр. Тэгэхгүй бол дараа косметик хагалгаа гээд сая төгрөг болно шүү.

З -Энэ эмч ч яахав 100 мянга л болно гэж байна л даа. Тэгвэл янзлуулчихдаг юм билүү. Эмч нь хүлээж бай нэг завандаа янзлая гэсэн. Удах юм шиг байна. Та ажлаа боддоо гэлээ.

:

Давчуу коридорт бараан зураглалтай гэмтлийн эмнэлгийг орхиж би гарлаа. Хэлэхэд рентген зургийн өрөөгөө хүлээн авахын үүдний ордог хаалганаас холдуулахгүй бол яг үүдэн хэсэгтээ 3 метр хүрэхгүй зайд их ачаалалтай үедээ 20-30 хүн оволзоод ирэхээр хэн бачуурч уурлахгүй байх билээ дээ. Тэгээд энд чинь найранд дуулах гэж мөнгө өвөртөлсөн хүмүүс ирэхгүй. Яс шөрмөсөө гэмтээсэн өвдсөн зовсон шаналсан хүмүүс л ирж байгаа шүү дээ.

:

3.Кондуктор “чамайг даа”

Хойшоо зусланд найзыг хүргэж өгөхөөр “дайчлагдан” Салхит өнгөрөөд давхиж явтал 50 орчим насны хоёр эмэгтэй гар өргөлөө. Халуунд нэлээн залхаж ядарсан байрын хоёр хойно сууж нэг буудал яваад буучихья, буруу газар буулгачихаж гэж учирлалаа.

_

Н/найз/ -Би юугаа мэдэх вэ, тэр нэг хүүхэн чинь учиргүй буугаач хөдөллөө гээд байхаар чинь.

Х -Та хоёр Шадивлан дээр буух байсан юм уу, их доор буусан байна ш тээ.

Э/эмэгтэй/ -Тийн буугаад гүүр лүүгээ жоохон уруудаад оччихдог газар байхгүй юу. Тэгсэн доор буучихаж.

Х -Цонхоор нь сайн харж асууж байж буухгүй, микрод явсан юм уу?

Э -Үгүй ээ, энэ явж байгаа том автобусанд. Хөөе хүүхдүүдээ. Энэ зусланд явж байгаа том автобусанд чинь өндөр насны нөгөө үнэгүй явах үйлчилнэ биз дээ.

Х -Нийтийн тээврийнх бол үйлчлэх ёстой доо.

Н -Өө тэгвэл энэ автобус үгүй гэж байна.

Э -Энэ мөнгөө өгөөд, би үнэмлэхээ үзүүлсэн байхгүй юу. Тэгсэн “зусланд энэ чинь хамаагүй мөнгөө өг” гээд загнаад. Би тэгэхээр нь улс тэргүй тэргүй та нарт бид нарын өмнөөс төлж байгаа. Юу яриад байгаа юм гээд тулаад. Тэгсэн бүр аймаар нэхэж байснаа хаана буух юм гээд. Тэгээд хэлсэн чинь тэгвэл буугаач буудал чинь өнгөрчихлөө хэрүүлч авгай минь гээд... тэгэхээр нь уулгамч юм шиг буучихсан чинь, шал худлаа буудал дээр буулгачихаад явчихаж.

Х -Ээ ямар муухай хүүхэн бэ?

Н -Тэр кондуктор хүүхэн нь залуухан л охин байсан. Тэгээд худлаа бид хоёрыг мөнгө өгөхгүй гэхээр буулгачихаж байгаа юм.

Э -Энэ хувийн компанийн том автобуснууд дандаа ингэж хөгшид хүүхэд ад үзэж байна. Хэлэхээр тоохгүй. Засаг захиргаатай хууль дүрэмтэй юм гэж алга болцийн байна оо. Бат-Үүл нь энэ хэдийгээ нэг шалгамаар юмаа. Дандаа дээрэлхэж явна. Энэ том автобусныханд юм хэлж чадахаа байсан юм байна оо.

.

Зуслангийн байшингаа эргэнгээ найздаа бас харуулж гайхуулчих санаатай явтал айхтар ааш муутай кондуктортай таарч элдвээр хэлүүлж буруу газар бууж гомдсон хоёр хөгшнийг бид хоёр дөхүүлж өгөөд цааш явлаа. Зуны дэлгэрт зусланд ч нэг тааваар нь байлгачихгүй хэдэн хөгшчүүлээ гомдоож мөнгө нэхэж байдаг тэр кондукторыг “Ну погоди”, чамайг даа...

.

Үргэлжлэл бий...  Ажлын амжилт манайхаан.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин