Хорватууд айхгүй, автобус өрөхгүй
2014-06-12

Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын нээлт хэзээ ч супер шоу шиг болдоггүй. Учир нь нээлт дээр Женнифер Лопес дуулна уу, болино уу хөлбөмбөг сонирхогчдод төдийлөн сонин биш. Харин нээлтийн эхний тоглолт ямар болох нь сонирхол хамгийн ихээр татдаг.

6

Энэ удаад Дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн шигшээ Хорватын шигшээтэй нээлтийн тоглолтод учраа таарсан. 1950 онд эх нутагтаа Дэлхийн аваргыг зохион явуулаад шувтаргын тоглолтод Уругвайд 1:2-оор хожигдож, олон сая иргэдийнхээ голыг харлуулсан түүх өнөө ч халуунаараа байгаа. Тэгвэл 64 жилийн өмнөх тэрхүү бүтэлгүйтлийг мартагнуулж, Дэлхийн аваргын алдрыг заавал элэг нэгтнүүдийнхээ өмнө хүртэх ёстой гэж бразилчууд үзэж байна.

6

Бразилийн шигшээгийн хагас хамгаалагч Виллиан “Бразилийн ард түмэн эх нутагтаа Дэлхийн аварга болох хүслээ 64 жил турш зүрхэндээ хадгалж ирлээ. Ийм ард түмнийг шагнах ёстой” гэж хэлсэн байна. Харин шигшээн дасгалжуулагч Луис Фелипе Сколари “Бид энэ тэмцээнийг их удаан хүлээлээ. Бидний цаг ирсэн. Дэлхийн аварга болно оо” гэж ам гарчээ. Сколаригийн хамаатан саднаас ойрын нэг долоо хоногийн хугацаанд хоёр ч хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж, сэтгэл санааны хувьд тийм ч сайн биш байгаа. Гэхдээ л тэр шигшээгийн баазаасаа холдолгүй Хорваттай хийх эхний тоглолтод багаа бэлдсээр таарсан байна.

6

Бразилийн өрсөлдөгч хорватууд олны анхаарлыг гойд таталгүй бэлтгэлээ базааж дуусгалаа. Энэ багт хагас хамгаалалтад Лука Модрич, Иван Ракитич хэмээх хоёр тун авьяаслаг тоглогч бий. Мөн довтолгоонд “Байерн”-ий Марио Манжукич гарна. Ракитич хэдхэн цагийн өмнө “Барселона”-д очихоор болсон нь түүнийг ид ирэн дээрээ явааг илтгэнэ. “Уг нь би Ракитичийг “Реал”-д ирээсэй гэж хүсч байлаа. Гэвч “Барселона”-гийнх болчихлоо” гэж Модрич хэлсэн байна.

7

Өнөөдрийн тоглолтын тухайд бол Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Нико Ковач “Бид бразилчуудаас айж, хаалгандаа автобус өрөхгүй. Бид цагаан тугаа тийм хурдан өргөхгүй шүү” гэж хэлжээ. Нико Ковачийн өмнө Хорватыг удирдаж байсан Билич “Ялагдашгүй багийн тухай үлгэр орчин цагт үгүй болсон шүү дээ. Тиймээс Хорватын шигшээ айх хэрэггүй, арагш суух хэрэггүй. Адилхан л хөлбөмбөг тоглох ёстой” гэсэн байна.

6

Хорватын шигшээд бразил гаралтай нэг хөлбөмбөгч байгаа нь довтлогч Эдуардо да Силва. Тэрбээр Бразилийн хаалганд бүр гоол оруулбал баяраа тэмдэглэх эсэхээ бодож суугаа юм байна. “Эхлээд гоол оруулчих хэрэгтэй л дээ. Харин гоол хийчихээд баяраа тэмдэглэх эсэхээ ёстой хэлж мэдэхгүй байна. Төрөлх эх орныхоо эсрэг Дэлхийн аваргад тоглоно гэж бодож явсангүй. Хэрвээ манай шигшээ эхлээд гоол оруулчихвал Бразилийн багт хэцүү болно доо” гэж Эдуардо өгүүлжээ.

6

Хорватын шигшээгийн ахлагч Дарио Срна “Хэрвээ Бразилтай сайн тоглочихвол эх орон минь биднээр бахархах болно” гэжээ.

7

Тэгвэл Бразилийн шигшээ багийнхан өрсөлдөгчийнхөө талаар төдийлөн нарийн зүйлс ярьсангүй. Тэд энэ Дэлхийн аваргын мэргэн бууч болох магадлал өндөртэй гэгдэж буй 22 настай Неймарын талаар их ярьж байна. “Неймар Бразилийн шигшээд хэрэгтэй. Гэхдээ түүнгүйгээр ч бид Дэлхийн аварга болж чадна” гэж Дэлхийн таван удаагийн аваргуудын туслах дасгалжуулагчаар ажиллаж буй Карлос Альберто Паррейра өгүүлсэн байна.

6

Тэгвэл Неймар өөрөө “Би мэргэн бууч болохоос илүүтэйгээр Дэлхийн аварга л болмоор байна” гэжээ.

7

Неймар хоёр хоногийн өмнө бэлтгэлийн үеэр бага зэрэг бэртэл авсныг дуулсан Английн шигшээгийн алдарт довтлогч асан Гари Линекер “Бурхан минь, тэр л биш шүү. Түүнийг л битгий гэмтээгээрэй” гэж фэйсбүүктээ бичсэн юм. Үнэхээр Неймаргүй бол Бразилийн шигшээ гялалзах зүйлгүй болчихож мэдэх юм.

6

Неймар энэ Дэлхийн аваргаар торгуулийн цохилт, чөлөөт цохилтыг гүйцэтгэх гол хүнээр томилогдсон. Тэгээд ч дөрвөн жилийн өмнөөс л “Неймар ирэх Дэлхийн аваргаар эрийн цээнд хүрчихвэл бид Дэлхийн аварга болох найдлагатай” гэж бразилчуудын дийлэнх нь найдаж, хүлээсээр өдий хүрсэн.

6

Хорваттай хийх тоглолтын талаар Виллиан “Тэдэнд алдах юм байхгүй. Тиймээс хүндхэн тоглолт болно. Дэлхийн даяар энэ тоглолтыг үзэх болохоор тэд өөрсдийгөө харуулахыг хичээнэ” гэж ам нээжээ.

6

Ийнхүү Дэлхийн аваргын эхний тоглолт эхлэхэд хэдхэн цаг дутуу байна. Улаанбаатарын цагаар 04:00-д Бразил-Хорватын шигшээ баг Сан-Паулу хотын “Коринтианс Арена”-гийн зүлгэн дээр гарч ирэх болно.

6

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин