Төр та зохицуулах үүрэгтэй
2014-06-13

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээ хүчээр гэдгийн жишээ шинэхэн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын мах, сүү, гурилын үнийг буулгана гэсэн энэ үгнээс ил тодорхой харагдлаа. Засаг хэлсэндээ хүрсэнгүй. Яаж ч хүрэх вэ дээ. Эрэлт нийлүүлэлтийн алтан зарчим дээр тогтдог зах зээлийг төр хэзээ ч хүчээр барьж чадахгүй. Барих гэж оролдох юм бол хямралын үндсийг тавьж байна аа гэсэн үг. Инфляци жилийн туршид 8 хувьтай байна гэсэн нь эхний гуравхан сарын дотор л биелэгдсэн. Цаашид өсөх нигуур буй. Салбар хариуцсан сайд ахиад хүчээр барихыг оролдлоо. Бүр үнэ ханшийг нь хазаарлана буулгана гэдгээ ил цагаан мэдэгдэж байгаа нь хямралын гүнзгий шат руугаа дөтлүүлсэн хэрэг болж байна. Эдийн засгийг хүчээр бус эрчимжүүлэх хөдөлгөөн хийх нь энэ засаг төрд ашигтай юмсан. Эдийн засгийг олон тулгуурт байлгаж үйлдвэржүүлж солонгоруулах нь ойрдоо ашиг орлого авчрахгүй ч баргийн үнийн шуурганд хийсчихээд байхааргүй тулгууртай болно. Бодлогоо зөв тодорхойлсон хэрнээ хэрэгжүүлэх арга зам дээрээ энэ мэтээр төр гацаад байвал хар бараан хачин л дүр зураг зурагдана. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр нөлөөгөө өгсөн эсэх нь нэн тодорхой. Үр дүнгээ өгсөнгүй.

6

Алдарт Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотойгоор валютын нийлүүлэлт ихэсч төгрөгийн ханш чангарах нь тэрүүн шиг худлаа юм байхгүй гэдэг шиг боллоо. Харин ч эсрэгээрээ мөнгөний ханш шалдаа унасан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ алгуурхан боловч тун хорцтойгоор нэмэгдлээ. Цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй болохоор амьжиргааны төвшний уналт нийтийн дунд үнэнхүү дарамт болж байна.

6

Цаг уурчдын мэдээлж байгаагаар зундаа олон жилийн дунджаас 2-5 хэм дулаан байх нь. Тэдний хэлсэн үнэн бол зун гантай байна гэсэн үг. Ингэхээр газрын гарц муудна. Байгаль дэлхий өнөөхөндөө гайгүй л байна. Гэхдээ цагийн араншингаар мах сүү, гурилаа нөөцөлдөг манайхны хувьд аргагүй том асуудал.  Дагаад үнэ өснө. Иргэдийн халаас хоосорч, хоолоо ч авч дийлэхгүй болох дүр зураг.

5

Эдийн засаг хүчирхэгжиж, хөгжлийнхөө үсрэнгүй замд орж байна гэж хангалттай ярьж бичлээ. Өндрөө авсан хөгжил эргээд унахдаа хамгийн их өвдөлт мэдрүүлнэ. Өнөөдөр инфляци хоёр оронтой тоо руу эрчимтэй дөхөж байна. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүллээ гэхэд хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгө гарна. Дагаад л инфляци суга өснө. Цалингийн нэмэгдэл бодит нэмэгдэл болж очихгүй нь нэгэнтэй тодорхой шүү дээ. Нэмэхгүй байя гэхэд амьжиргааны төвшин шалан дээр уначихаад байна. Ёстой хоёр үзүүртэй зүү шиг. Амаргүй бодлого Н.Алтанхуягийн засагт бодитоор нүүрлэв. Хэрвээ цалин тэтгэврийг нэмлээ гэхэд хувийн хэвшлийнхэн хохирогч болж эцэстээ хүнд цохилтод орж, босохын аргагүйгээр унана. Цалингаа нэмэгдүүлж чадахгүй тэд ажилчдынхаа орон тоог цомхотгох нь тодорхой. Төрийн албыг бодвол зах зээлийн алтан зарчмын дагуу дээд зэргийн хэмнэлттэйгээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн тэр жишигт таацуулж ажилтан ажиллагсдынхаа цалин хөлсийг яриад байгаачлан 30 хувиар нэмэх гэхээр олж байгаа ашиг орлого нь эрс хумигдаад ирнэ. Цомхотгоё гэхээр хамгийн цомхон, чадварлаг, үр бүтээмжтэй баг ажиллаж байдаг. Хэн нь ч хэнийгээ орлохын аргагүй хөдөлмөрийн нарийн хуваарьтай ийм л баг 30 хувь цалин нэмэх Засгийн шийдвэрээр чадавхигүй болж доройтох аюул нүүрлэнэ. Ацан шалаанд орсон ажил олгогч цалингаа таацуулж нэмэхийн тулд нүдээ аниад л нэг хэсэг хүмүүсээ цомхотгоно. Ажилгүйдэл тэр хэрээр өсөөд явчихна. Эцсийн бүлэгт эндээс баялгийг хэн бүтээж байгаа билээ. Хэний өгсөн мөнгөөр төсөв бүрдэж, төрийн албаныхныг тансаглуулж байна вэ гэх асуулт гарч ирнэ.

6

Монголын 2.9 сая хүнээс 144 мянга нь төрийн албан хаагч. Ахадсан тоо биш гэж үү. Төрийн албан хаагчийн сул орон тоог үгүй хийх замаар цалинг нэмж яагаад болохгүй гэж. Монголд өнөөдөр хамгийн өндөр хангамж эдлэж байгаа хүмүүс бол 144 мянган төрийн албан хаагч. Хүүхэд нь сургуульд сурна. Төр даана. Орон сууц барина. Төр хөнгөлөөд албан хаагчид нь орно. Зээл тусламж ирнэ. Тэдний гарын салаагаар урсана. Нэг ч баялаг бүтээдэггүй эдгээр хүмүүст ийм л эрх ямба, халамж, хангамж эдлүүлдэг. Тэд талх исгэхгүй, тариа хураахгүй, байшин барихгүй, эрдэнэс олборлохгүй, хивс нэхэхгүй, хүнс нийлүүлэхгүй, зам засахгүй. Монголын нийт ажиллах хүчний дөрөвний нэг. Дөрөвний гурвын бүтээсэн баялгийг дөрөвний нэг нь үгүйрүүлж байна. 140, 150 мянгаараа тоологдох ийм олон төсвийн “залгигчид” хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу.

6

Төрийн албаныхныг цомотгох тухай яриа дэлгэхээр ажлын бүтээмж муудаж, хүнд суртал, хээл хахууль ихсэн гэж мэдэмхийрэх олон хүн бий. Тэдэнд хэлэхэд, дуугай тэжээлгэж чадахгүй бол хувийн хэвшлийнхэнд эрхээ шилжүүлээд зайгаа тавьж өгөх хэрэгтэй юм шиг. Төр бизнес эрхлэгчдээс бус хууль тогтоомж хэрэгжүүлэх үүрэгтэй аппаратаа цомхон чадварлаг болгох учиртай. Иргэний нийгэмд хариуцуулаад хийлгэчих асар олон ажил байна. Төрийн албаны гурван мэргэжилтэн хийдэг ажлыг нэг нь л чадварлаг хийгээд явж чадна гэж тэд ярьж байгаа. Хийлгэ л дээ. Төр харин хяналтаа л тавьдаг юм байгаа биз. Түүнээс данхайсан энэ бүтцээрээ хувийн хэвшлийнхнийг мөлжөөд өөрсдөө ч дээшээ гарахгүй өрөөлийг ч татаж унагадаг тамын тогоогоороо дээрэмдээд л байвал цааш явахгүй. Зуун яамаанд жаран ухна гэгчээр нэг яаманд хоёр сайд, нэг даргад дөрвөн орлогчийн хэрэг баймааргүй юм. Хөдөлмөрийн бүтээмжийг зөвөөр тооцохгүй бол эдийн засаг хэзээ ч өөдөө гарахгүй. Үүнийг төр өөрөөсөө эхлэх учиртай. Төр зах зээлийг удирдаад, хэн нэгэн сайдын амнаас гарсан үгийг хэрэгжүүлэх гэж сууж байгаа модоо хөрөөдөөд байвал яавч энэ улс сэргэж өндийхгүй. Бизнесийн орчин таатай болохгүй, баялаг хуримтлагдахгүй байгаагийн гол учир шалтгаан ТӨР таны буруу. Өөрөөсөө шинэчлэгд, баялаг бүтээгчдээ бүү бухимдуул. Макро эдийн засгийг ханцуй шамлаад босгох гэж оролдох бус бодлогоороо зохицуул. Та нарын хийх ёстой ажил бодлого боловсруулж нийтийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бололцоог хангах юм шүү дээ.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин