Такси №85
2014-06-13

Баасан гарагийн мэнд. Гадаа агаар халаад хүмүүс бас ажил явдалтаа түүртэж дотроо бухимдаад л. Янз бүрийн л бухимдсан яриа сонслоо. Хавар улирч сургууль төгсөлт бас элсэлт болоод өнгөрч байгаа юмдаг уу даа. Ойрын хэдэн өдөр суусан хүмүүс “жоохнуудыгаа” сургууль цэцэрлэгт бүртгүүлэх нүхээ ухсан талаар болон зарим сургуульд хулхидуулж мөнгө нэхүүлсэн талаараа нэлээн их гомдол санал ярьснаас хүргэе. Мөн нэмж хэлэхэд, энэхүү бичлэгт багш нарын талаар дурдагдах зарим нэг таагүй зүйл нь нийт ачлалт багш нарын нэр хүндийг харлуулсан хэрэг бус, байгаа үнэнийг л буулгаж байгаа хэрэг гэдгийг ойлгон уучлахыг хүсье. Харин энэ бичлэгийг боловсролын салбарын холбогдох хүмүүсийг мэдэх бол чих сонорт хүргэж цаашид гарах алдаа хэтрүүлгээс зайлсхийж бие бидээ туслахыг уриалах байна.

7

1. Уралдаант шалгалтад унасан 6 настан

За, Хан-Уул дүүрэгт 18-р сургууль гэж байдаг гэнэ. Гоц ухаантан бэлтгэдэггүй ч бас нэг гадаад хэлний энэ тэр гэсэн гүнзгийрүүлсэн сургалттай юм байна. Тэгээд шинээр орох 6 настнуудыг их дээд сургууль шиг элсэлтийн уралдаант шалгаруулалтаар өрсөлдүүлж авдаг журамтай гэнэ.

Энэ жил цэцэрлэгээс сургуульд орж буй хүүгээ энэ сургуульд оруулахаар зүтгээд бараагүй ээж ийн ярилаа.

6

Э/ээж/ -...Тэгээд тэр сургуульд нь шалгалт авдаг. Бараг бүх сургууль хүүхдээ бүртгээд дуусахад тэдний сургууль таг байж байснаа тулгаж байгаад бужигнуулдаг юм. Тэгээд хүүхдүүдээс шалгалт авдаг юм байна. Нэг заалан дотор аваад. Манай хүү чинь уг нь өөртөө итгэлтэй цоглог байсан байхгүй юу. Өөрийгөө танилцуул гэсэн чинь ёстой аягүй чанга заалаар нэг яриад. Тэгээд хариулаад яриад л байсан. Танай хүүхэд тэнцсэнгүйээ. 25 оноо авах ёстой. 14.5 оноотой л байна гээд. Тэгэхээр нь тэгвэл би хүүхдийнхээ шалгалтад хийсэн юмыг нь харья гэхээр үзүүлэхгүй тэгэх шаардлага байхгүй гээд.

Х -Тэгээд шалгалтаа яаж авдаг юм бэ дээ. Тест шиг бөглүүлэх үү, асуулт хариулт хийх юм уу?

Э -Өө тэгээд өнгийн юм асууна. Зураас юм хум дуурайлгаж зуруулаад тэгж мэгээд. Тэгээд бид хоёр чинь тиймэрхүү юмаар шалгалт авдаг гэхээр нь багш хөлсөлж гэрээрээ давтлага хүртэл авсан юм чинь.

Х -Тэр давтлага авсан багш нь хаанахын багш байсан юм бэ?

Э -Тэр сургуулийнх нь багш байхгүй юу. Бид хоёр чинь тэр багшдаа 50 мянгыг төлсөн. Бэлдээд л зүгээр их юм болсон.

Х -Тэгээд тэр давтлага өгсөн багш нь дараа нь тэнцсэнгүй гэхээр юу гэж байна?

Э -Харин тэр багш нь оруулаад өгье. Сая төгрөг өгчих гэж байгаа юм чинь. Тэгж шалгалт оноо моноо гэж унагаж байгаад мөнгө аваад оруулчихдаг юм шиг билээ. Манайд тэр сая төгрөг байхгүй юм чинь. 200 мянга гэсэн бол яахав дүүрч өгчихөөд оруулчихдаг ч юм билүү гэж бодож явсныг нь яана. Тэгсэн юун 200, шууд саяыг өгчих гэж байгаа юм чинь.

Х -Айхтар юмаа. Жоохон хүүхэд 1-р ангид оруулах гэж сая төгрөг өгөөд байвал яах болж байна аа.

Э -Тэд нар айхтар айхтар. Тэгж өрсөлдүүлдэг их учиртай юм билээ. Тэгээд нэг орно гээд зүтгэсэн эцэг эх чинь тэгээд хүүхдээ уйлуулаад хасуулчих гэхгүй. Яаж ийгээд оруулчих гээд л улайраад тэндээс өнөө хэд нь мөнгө хийгээд сурчихсан юм билээ. Тэгээд бүх сургуулиуд хүүхдээ бүртгээд элсэлтээ аваад байхад тэднийх эхлэхгүй байгаад байсан. Яасан, хэзээ юм гэхээр захирал хөдөө явчихсан байгаа гээд байсан. Тэгж байгаад бужигнуулж шалгалт авна гэхэд нь 480 хүүхэд бүртгүүлсэн байгаа юм. Тэрнээсээ 150 билүү хүүхдийг авна гэж байгаа юм. Яг хэд нь номоороо тэнцэж хэд нь мань шиг мөнгө нэхүүлсэн юм бүү мэд. Бас цэцэрлэг нь хаврын засварын мөнгө гээд нэхээд байх юм. Бас нарийн. “Танайх намар яах юм бэ хүүхдээ өгөх юм уу” гээд. Оруулна гэхээр өө тэгвэл засварын мөнгөө өгчих гээд.

Х -Хэдийг өг гэх үү?

Э -30 мянгыг өг гээд байгаа ш тээ. Хүүхэд сургууль цэцэрлэгт явуулна гэдэг чинь маний бардаг ажил биш болж байгаа юм байна...

6

2.    Намар хүүхдээ цэцэрлэгт оруулах батламжаа авсан уу, манайхаан

Өөрөөгөө багын багш хийдэг гэх эмэгтэй суухаар нь нөгөө хүүхний ярьсныг цухуйлгаж цэцэрлэг засварын мөнгө авдаг талаар яриа эхлүүлж үзлээ. Бас л сургууль цэцэрлэгийн хаврын засварын дарамтыг амсч яваа ээж байлаа.

7

Э/ээж/ -Тэр чинь бас их нарийн. Угаасаа нөгөө улсаас тэр урсгал засварт бага мөнгө өгдөг, тэр нь хүрдэггүй ш тээ. Тэгэхээр яахав эцэг эхээс нь тусламж авч болно гэчихсэн. Гэхдээ 10 мянган төгрөгнөөс дээш байж болохгүй гэсэн юм шиг билээ. Манай охины цэцэрлэг болохоор 25 мянга гэж байгаа байхгүй юу. 10-аар нь дотор заслаа хийнэ, 15-аар нь гадна засал тохижилт хийнэ гээд.

Х -Тэгээд тэр мөнгөний хэмжээ санаачилгыг нь багш ганцаараа гаргахгүй биз дээ?

Э -Эхлээд хурал хийгээд. Энэ бол эцэг эхчүүдийн санаачлага гэж байгаа юм. Тэгээд хэрвээ 25 мянган төгрөг өгч чадахгүй бол гадаа, нөгөө хашаан доторх талбай бий ш тээ. Цэцэрлэгийн тоглоомтой. Тэндээс талбай аваад засч болно гэж байгаа юм ккк. Тэгэхээр нь нэг залуухан ээжтэй яриад “хоёулаа талбай авчихья” гээд тэгээд би дотроо манай ангийн нэг хүүхдийн ээжээр засуулчихья гэж бодохгүй юу. Тэгсэн талбай засуулахаа болиод багш нь бүүр сүүлдээ мөнгөө нэхээд ккк. Манай охин чинь одоо 3 нас хүрч байгаа ш тээ. Тэгсэн хөөрхөн  унтах гэж байснаа гэнэт “ээжээ засварын мөнгө” гээд. Бүүр аймаар, жоохон хүүхдэд мартахгүй болтол нь цээжлүүлээд явуулчихсан. Тэгээд 25 мянгаа нэхсээр авчихсан ш тээ.

Х -Гэхдээ ийм тийм юм авсан гээд нэг тайлан цаас үзүүлж харуулна биз дээ?

Э -Өө сүүлд нь хүүхдүүд амраад эцэг эхчүүд хүүхдүүдээ авч тараад ирэх үед тав билүү зургаан эцэг эх үлдэх үед авсан юмнууд гээд биччихсэн мөнгөний дүнтэй цаас гаргаж ирээд за энэтэй танилцаад гарын үсгээ зурчих гээд. Бид хэдээр зуруулаад авчихаж байгаа юм чинь. Жоохон ам хэлтэй аав ээжүүд нь явчихсан. Над мад шиг дуугай ноомой хэдийг үлдээж байгаад зуруулаад ккк.

Х -Цэцэрлэгүүд тэгээд улсаас мөнгийг нь өгөхгүй бол бас л хэцүү юм даа. Хаврын хаварт мөнгө татах гэж.

Э -Тийн. Өө ханы эцэст билүү нэг цэцэрлэг бол алаад өгсөн. 30 мянган төгрөгөө тушаагаад намар цэцэрлэгт орох батламжаа аваарай гэсэн гэжийн ш тээ ккк. Аймаар байгаа биз дээ.

7

3.    Хоёр удаа ухаан орж хоёр удаа ухаан алдав

Хэвлэлийн компанид ажилладаг гэх нэлээн тохины залуу ажил дээрээ болсон таагүй явдлынхаа талаар хуучиллаа.

8

З/залуу/ -Халуунд хүмүүсийн даралт хөөрөөд унаж тусаад. Манай ажлын тогооч эгч ухаан алдаад хойшоо савж унаад сандаргалаа ш тээ.

Х -Түргэн тусламж дуудсан уу?

З -Өө тэр чинь хөгийн юм болоод. Би 103 руу залгаад. Тэгсэн бараг 2 цаг болов уу яав.

Х -Унадаг хүмүүс хэцүү байх шүү. Манийг багад их байсан санагддаг юм. Хүмүүс мэддэг болчихсон унадаг татдаг тэр энэ гээд л. Хөөрхий амьтдыг нэр хоч өгчихсөн.

З -Тийм үү. Манай энэ эгч үгүй байх аа. Гэнэт уналаа л даа. Тэгсэн 96-тай утаснаас нэг хүүхэн яриад танай хаяг энэ мөн үү гээд лавлаад байсан тэгээд бараг хоёр цаг болдог. Би нөгөө утас руу нь залгаад яаваа гэсэн чинь өнөө хүүхэн нь “Би мэдэхгүй, дуудлага энэ эмч, энэ тэртэй холбоогүй” гээд тэгээд утсаа авахаа байдагийн. Өө тэр хооронд нөгөө эгч чинь хоёр удаа сэрж хоёр удаа ухаан алддаг юм даа. Манайхан нэг хэсэг тойрч байснаа салхи агаар тавиач болоод хэсэг бужигнаалаа ш тээ.

Х -Тэгээд түргэн ирээд ухаан орсон уу?

З -Өө үгүй. Би чинь авч явтал нь хажууд нь байлаа. Бас нэг дараа төлбөрт утастай шүү юм болохоор нөгөө 96-тай дугаар луугаа байн байн залгаж энэ тэр. Эмч нь ирээд “та нэрээ насаа хэл дээ” гээд байдаг нөгөөх нь байхгүй. Ам нь мурийгаад ч байх шиг харагдсан. Харвасан байхаа зайлуул. Тэгээд аваад явсан. Овоо гайгүй хоолтой сайхан зантай аниа л даа. Түргэний машинуудыг олон болгож болдоггүй юм байх даа. Хүлээлгэх бол бас л овоо юм аа. Түргэн биш тааваараа тусламж гэмээр ккк. Бөглөрөө түгжрэл, унаа машин дутуу гээд юм юм л байдаг байх л даа. Гэхдээ энүүхэн  3-р цахилгаан станцын энд ирэхэд хоёр цаг гэдэг бас л....

7

4.Уншигчийн хүсэлтээр

Энэ удаад уншигч Жамуухын сэтгэгдэлд үлдээсэн Найрамдал зуслангийн замын талаар оруулж байна. Өчигдөр Орбитод хүн хүргээд гэнэт Жамуухын сэтгэгдлийн санаж дээшээ өгсөж давхиж үзлээ. Үнэхээр асуудал бас байна шүү. Дээр шөнө нэг залуутай тохирч Найрамдал зуслангийн наана нэг хүн хүргэж өгч байсан. Тэгэхэд шөнө хөдөлгөөн сийрэг жоохон давхих гэсэн ухсан нүх овоолсон шороо, хагархай гарч ирээд тэрэг тараачих гээд байсан. Өдөр явж харлаа үнэхээр хурдан засаж янзлахгүй бол болохгүй л санагдлаа. Хурдан бөглөөд таглаад авахгүй бол аваар осол гарах, машин тэргээ эвдэх нөхцөл бий болсон байна лээ. Тэгээд тэр аманд чинь хоосон газар гэж байхгүй болсон юм байна ш тээ. Ам бүр барилга бүтээн байгуулалт хийж байна. Энэ зам ер нь тэгээд нөхөөд ч бараг мөнгөний гарз болж байгаа юм биш үү. Нөгөө барилгад шавар шороо зөөж байгаа том даацын “Hоvо” машин тасралтгүй явж байна лээ шүү. Тэд нар чинь жинхэнэ зам эвдэж байна. Нөхсөн ч энэ том тэргүүд хоёр гурав дайраад л нөхөөс нь ховх үсрээд тарах юм шиг санагдлаа. Дээр үеийн, хүүхдийн автобус хааяа явж, дугуйн уралдаан болдог байсан зам биш болсон байна лээ. Маш их хөдөлгөөнтэй урсгал бий болж байгаа харагдлаа. Ингээд их юм бичвэл дарга нарт заасан томорсон болох байлгүй дээ. Мэдэж тооцож л байгаа байх л даа. Гэхдээ одоо нээрээ хүүхэд явдаг замыг нэг сэргээж нөхөөсөө хурдан хийж авахгүй бол эрсдэл байна шүү. Намайг тэнд явж байхад нэг Ланд 80 жижиг тэргийг араас нь мөргөөд замаас гаргачихсан байна лээ. Ойрхон явж байхад нь өнөөдөх жижиг тэрэг нь гэнэт тоормозлоод жоохон дарсан юм шиг билээ. Тэгээд нөгөөдөх нь хойд булангаас нь мөргөөд замаас гаргачихсан юм шиг харагдсан. Хүний мууд дурласан юм шиг гээд зургийг нь авч чадсангүй. Тэрүүгээр явдаг хүмүүс бол өчигдөр харсан л байх. Цагдаа хүлээж байгаа бололтой нэлээн удаан зогсч харагдсан. Энэ замын талаар сануулж сэтгэгдэл бичсэн иргэн, эчнээ танил уншигч “Жамуух”-даа талархья. Тэгээд өөрийн буулгасан хэдэн зургийг орууллаа.

7

5

Төгсгөлд өвөөгийн тухай

Өвөөг мөн өчигдөр эргэж очлоо. Өөрийнх нь хэлснээр халуун сав цай, уут цайны боов, тамхи зэргээр эргэлт оруулав. Одоо бид хоёр ёсорхохоо больсон. Хэзээ язааны ах дүү хоёр шиг болсон шүү дээ. “Халуураад байсан чинь хоёр уушигандаа хатгаатай байсан юм байнаа” гэж өвөө хэлж байна лээ. Эмчилгээ нь таарч байгаа бололтой царай зүс нь сүрхий засарсан харагдана лээ. Хоёр ачтай юм байна. Нөхрийгөө “бишдэж” санаа сэтгэл хувирсан тул охин нь сая төрсөн нөгөө багыгаа хадам аав ээждээ өгье, тэгээд ажил төрөл хийж амьдралдаа нэмэр больё гээд байгаа гэнэ. Нялх юмыг ээжээс нь салгах хэцүү, бас охиноо гэрт гундаагаад байхыг хүсэхгүй. Ийм нэг шийдэх асуудалтай тулгараад байгаагаа ярьсан. Харин миний зөвлөсөн ёсоор нэг данс нээлгэсэн байна. Түүнийг нь утасны дугаарынх нь хамт доор үлдээлээ. 

6

С.Нямжав. Төрийн банк-101100317429. Утас нь 88249759

Хүрэлийн саналын тухайд тэгж байгаад нэг ярилцаж бодьё. Ямартай ч санаандгүй  явж байгаад өвөө болон түүний гэр бүлд сайхан сэтгэлийн тус дэм өгөх бололцоо бий болгосон ба үүнийг дэмжиж санаачилсан сайхан сэтгэлд эгэл олон уншигч нартаа дахин талархья.

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Аялал зугаалгаар уул усанд явахдаа анхаарал болгоомжтой нар салхи, бороо шуургыг тооцож яваарай. Дараа уулзталаа түр баяртай, манайхаан.

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин