Рассел Кроу: Жүжигчин хүн төгс байх учиртай
2014-06-16

Холливуудын нэрт жүжигчин Рассел Кроу “ABC” агентлагт сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр 2001 онд “Гладиатор” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.

.

-“Гладиатор” кино бол энэ цагийн шилдэг уран бүтээл. Би энэ уран бүтээлийг үзээд уйлж байсан. Жүжигчин хүний хувьд үзэгчдээс авах хамгийн өндөр үнэлгээ юу вэ?

-Эртний Грекээр жүжигчин гэх үгийг тодорхойлохдоо жүжиглэ, уйлуул, үх гэх утгатай. Бид нэг дүрд сонгогдсон бол гайхалтай сайн тоглох учиртай. Дараа нь чиний, таны тоглосон киноны тасалбарыг авахад хүргэ, тэгээд л жүжиглэлтээрээ уйлуулж, үхэх өдөр хүртлээ тэр дүрээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг эрхмийг мэргэжлийг жүжигчин гэдэг юм. Харин алиа салбадай шиг ийшээ ч нэг, тийшээ ч нэг үсрээд байхыг алиалагч гэдэг болохоос жүжигчин гэдэггүй. Миний бодлоор би өөрийгөө жүжигчин гэж хэлэхэд асуудалгүй гэж боддог. Таны нүд надаас яагаад гэж асууж байгааг харж байна л дээ. Үнэндээ 2000 онд дэлгэцнээ гарсан “Гладиатор” киногоороо энэ алдрыг хүртсэн. Энэ уран бүтээлийн хувьд зохиол, жүжиглэлт, уран бүтээлчид гээд л бүгд л төгс болсон. Тус уран бүтээлийн гол дүр Максимус Десимус Меридиусийн дүрд би тоглохын тулд би өөрийгөө бүрэн дайчилсан. Хүнийн чадвар яг л цэцэг ногоо шиг ургадаг. Рассел Кроу гэх хүн “Гладиатор” кинонд өөрийнхөө дотоод ертөнц, авъяас чадвараа бүрэн нээсэн гэж боддог.

.

-Өөрийгөө зүгээр ч нэг жүжигчин биш мэргэжлийн жүжигчин гэж хэлэх шиг боллоо?

-Мэргэжлийн гэх үг яг л далай шиг уужим. Би мэргэжлийн уран бүтээлч, би мэргэжлийн дуучин, мэргэжлийн сэтгүүлч гэж өөрийгөө хэлж байгаа бол төгс байх учиртай. Та миний хариултыг нэг л сайн ойлгоогүй бололтой. Жүжигчин хүн дэлгэцэнд төгс байх учиртай. Төгс байна гэдэг мэргэжилдээ мэргэжлийн байна гэсэн үг. Мэргэжлийн жүжигчин гэхээсээ мэргэжилдээ хэнээс ч тусламж авахгүй мэргэжлийн хүнийг намайг гэж хэлнэ.

_

-Цаг, минут тутам дэлхийн олон оронд жүжигчин гэх эрхэм мэргэжлийг сонгох хүүхдүүд яг тахал шиг газар авч байна. Та урлагт зүтгээд 30 гаруй жил боллоо. Тиймээс тэдний хувьд бурхан мэт хүндлэгдэх уран бүтээлч. Залуу хойч үедээ юу гэж хэлмээр байна?

-Хөөрхий хүүхдүүдийг тахалтай харьцуулсанд харамсч байна. Тэд мэргэжилдээ эзэн болохгүй бол тахал шиг, нийгмээс сөрөг энерги авах учиртай. Намайг жүжигчин мэргэжлийг сонгохоор сэтгэл шулуудсан үед аав минь “Номыг хайрласан цагт чи бяцхан будда болно. Бяцхан будда гэгээнтэн болохын тулд бусдын хайрыг татах учиртай. Гэгээнтэн хүн бурхан болохын тулд өөрийгөө эрдэм номоор гоёх хэрэгтэй. Би чамайг зүгээр ч нэг уран бүтээлч болгохыг хүсэхгүй байна. Чи танхим дотор сууж байгаа хүмүүсээс чадвар мэдлэгээрээ ялгарах хэрэгтэй” гэж зөвлөж байсан. Би ч гэсэн аавынхаа зөвлөгөөг хойч үеийн Оскарын шагналтнуудад уламжилж байна. Ном бол ертөнц гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

.

-Аавын ухаан яг л... үгээр илэрхийлж чадахгүй нээ?

-Тиймээ. Миний аав насаараа гагнуурчин хийсэн. Эгэл жирийн хүн эрдэмтэн болдог жишээг аав минь харуулсан.

.

-Төгс гэх үгэнд багтахаар жүжигчин хүнийг нэрлээч?

-Чарли Чаплин. Ямар ч кино шүүмжлэгч түүний уран бүтээлийг шүүмжилж чадахгүй. Тэдэнд шүүмжлэх эрх ч байхгүй.

.

-Та 1990 оны эхээр жүжигчний гараагаа эхэлсэн. Телевизийн олон ангит киноны дүр бүтээн улмаар Холливудад хөл тавьж, Оскарын шагналд гурван удаа нэр дэвшин 2001 онд Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн. Таны амьдралын нэгээхэн хэсгийн би цээжээрээ мэдэж байна. Та хүүхэд насныхаа тухай сонирхуулаач?

-Би 1964 онд Шинэ Зеландын Веллингтон хотод төрсөн. Аав минь Австрали хүн бол ээж минь Англи хүн. Намайг дөрвөн настай байхад гэр бүл минь Австрали руу нүүсэн. Би бага наснаасаа л телевизийн олон ангит кинонд тоглож, бяцхан Рассел Кроу дүр төрхийг дэлгэцнээ мөнхөлсөн. 10 жил Австралид амьдрахдаа 20-оод олон ангит кинонд тоглосон яг л өсвөрийн од болоод байх үед гэр бүл минь Шинэ Зеланд руу нүүсэн. Аав намайг физикийн мэргэжилтэн болгохоор Шинэ Зеландын их сургуулийн харъяа коллежид оруулсан ч 16 насандаа хөгжимчин, жүжигчин болох мөрөөдөлдөө автан сургуулиа орхисон. 1980 оны дундуур рок-н-ролл хөгжмийн урсгалаар дуулж, охидын зүрхэнд тэсрэлт хийж явлаа. Миний хүүхэд нас гайхалтай өнгөрсөн.

_

-Тэгэхээр 4 настайдаа жүжигчин болсон гэсэн үг үү?

-Үгүй. 1986 онд мэргэжлийн жүжигчний хувиар Австралийн телевизийн олон ангит кинонд тоглосон. Үүний дараа жүжигчний ажлаа үргэлжлүүлэн “Цусан тангарагтай ах дүүс” кинонд дүрээ мөнхөлсөн. Би 21 насандаа Австралид эргэн ирж, Драмын жүжигчний дээд сургуульд сурах өргөдлөө өгч, жүжигчний ангид элсэн орсон юм. Телевизийн олон ангит “Хуулийн дагуу амьдрах” кинонд дүр бүтээсний дараа 1990 онд анх удаагаа бүрэн хэмжээний кинонд тоглосон. Кино найруулагч Жорж Огилвиегийн “Хөндлөн” кинонд тоглосны дараа “Цусан тангараг” кинонд тоглосон. Тэр үед найруулагч нар намайг их үнэлж, уран бүтээлдээ тоглуулахыг их хүсдэг байсан. Би тэр үед жилд л гэхэд 12 кинонд тоглож, Австралийн кино ертөнц шижир алт шиг гялтагнаж байлаа. /Инээв/

.

-Анхны шагнал?

-1992 онд телевизийн олон ангит “Цагдаагийн ажиллагаа” кинонд тоглож Австралийн кино хүрээлэнгийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Энэ бол миний анхны шагнал.

_

-1991 онд тоглосон “Баталгаа” киногоороо шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнийхээ дараа Холливууд руу явсан гэгддэг. Холливуудын анхны сэтгэгдэл?

-Хүйтэн байсан. Бүгд намайг дээрээс доошоо хараад, найруулагч нар намайг “савангийн дуурь” хэмээн дууддаг байсан.

_

-Яагаад “савангийн дуурь” гэж нэрлэдэг байсан юм?

-Олон ангит кинонд байнга тоглодог болохоор. /Инээв/

_

-Холливуд таныг гомдоосон бололтой?

-Тийм шүү. Би Дензел Вашингтонтой хамт “Чадвар” кинонд, 1995 онд Шэрон Стоунтой хамт “Хурдан ба үхэл” кинонд тоглосны минь дараа л Холливуудын найруулагч нар намайг нэрээр минь дуудах болсон шүү. Нэрээ буцаан авахын тулд зогсолтгүй хөдөлмөрлөсөн. /Инээв/

_

-“Инсайдер”, “Гладиатор”, “Сайхан сэтгэл” гэсэн гурван киногоор гурван жил дарааллан Оскарын шагналд дэвшсэн уран бүтээлч бол та. Ийм уран бүтээлч лав Холливуудад байхгүй?

-Сайн мэдэхгүй байна.

_

-“Аль-Каида” бүлэглэл таныг барьцаалахыг хүсч байгаа тухай Холбооны мөрдөх товчооны ажилтан мэдэгдэж байсан. Тиймээс та хэдэн сарын турш тусгай хамгаалалтад байсан?

-Би энэ хэргийн учрыг ерөөсөө ойлгоогүй. Яагаад “Аль-Каида” бүлэглэл намайг сонирхох болсон нь гайхмаар. /Инээв/

_

-Гладиатор нь 2000 онд бүтээгдсэн, нэрт найруулагч Ридли Скотт найруулж, та болон Жоакин Финик, Конни Нильсен, Оливер Рийд, Дерек Жакоби, Джимон Хунсу, Ричард Харрис, Ральф Мөллер, Жон Шрапнел, Ричард Харрис нарын тоглосон түүхэн кино. Уг кинонд Кроу хаан эцгээ алж, титмийг нь булаасан Коммодусыг эсэргүүцэн тэмцсэн генерал Максимус Десимус Меридиусын дүрийг бүтээсэн. Боол болсон Максимус гладиатор болж, Коммодусаас гэр бүлийнхээ өшөөг авч буйгаар гардаг?

-Энэ киноны тухай нэг л зүйлийг хэлэхэд “Агуу”. Би зураг авалт дуусаад 5-6 сар Максимусын дүрээс гарч чадахгүй, маш их зовж, тамирдсан. Толинд өөрийгөө бус Максимусыг байнга харах сүүлдээ аймшигтай санагдаж эхэлсэн шүү.

_

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин