Засгаас илүү баялаг бүтээгчид нэр хүндтэй
2014-06-16

Туушин групп Хятадын томоохонд тооцогдох BANK of CHINA-гаас Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраар нь дамжуулан 25 сая ам.долларын зээл авахаар болсон нь манай баялаг бүтээгч үндэсний компаниудын нэр хүнд гадаад орчинд таатай байгааг харууллаа. Иймэрхүү хэмжээний зээл тусламж өмнө нь улсын нэр хүндийн бталгаагаар орж ирдэг байсан юм. Цаашлаад эрчим хүч, боловсруулах салбарын 40 гаруй  үйлдвэр, дэд бүтцийн салбарын компани энэ банкнаас гурван тэрбум хүртэлх ам.долларын зээл авах хүсэлтээ илэрхийлжээ. Мэдээж тэдний шалгуур өндөр. Эдийн засгийн байдал түгшүүртэй байгаа энэ үед их хэмжээний зээл төлөх аж ахуй нэгж ховор л байх болов уу.

.

Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад зээл олгох сонирхолтой байгаагаа BANK of CHINA-гийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн мэдэгдэж байсан нь ямар ашиг сонирхол цаанаа агуулж байгаа нь тодорхой. Морьтны хишиг явганд гэгчээр Монголын аж ахуйн нэгжүүд ч хөрөнгө мөнгөний гачаалаас гарна. Валютын урсгал энэ маягаар тэжээгдээд эхэлбэл нөөц нэмэгдэнэ. Эдийн засгийн хямралын гол шалтгаануудын нэг нь хөрөнгө оруулалт багасч валютын нөөц шавхагдсантай холбогддог.

.

Иймэрхүү хөрөнгө оруулалт Засгийн нүүрээр бус баялаг бүтээгчдийн авсан зээл хийгээд бүтээн байгуулалтаар орж ирвэл хэтэвчин дэх мөнгө маань нэмэгдээд зогсохгүй “чанартай мөнгө” байх болно. Яагаад гэвэл төр өөртөө байгаа бүхнээ үнэгүйдүүлдэг байхад баялаг бүтээгчид өөрт байгаа бүхнээ улам арвижуулан цэцэглүүлдэг. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд мөнгө хамгаас хэрэгтэй байгаа. Үйлдвэржилт бүтээн байгуулалт, дэд бүтэц гээд хийхээр санаачилсан, төсөл хөтөлбөр боловсруулсан баялаг үйлдвэрлэгчид мөнгөгүй суучихаад байна. Уутны амыг нээж, хааж байдаг төрөөс өчнөөн гуйгаад амаа алгадуулж хоосон гуяа ганзагладаг болохоор тэр. Тэгээд ч өнөөхөндөө төрийн халаасанд юу ч үлдээгүй.

.

Гэхдээ асуудлыг хэдэн талаас нь харах хэрэгтэй. BANK of CHINA бол хоёр их наяд 33.78 тэрбум ам долларын нийт активтай хүчирхэг банк. Монголд салбараа нээх сонирхолтой байгаагаа тавьж байлаа. Хэрвээ тэд ороод ирсэн бол Монголын банкны зах зээл бүрэн нөлөөнд нь орох байлаа. Монголын  мөнгөний урсгал хаашаа эргэх нь ч бараг тодорхой. Салбараа нээгээд бага хэмжээний хүүтэй, эргэн төлөх нөхцөл нь хөнгөлөлтэй BANK of CHINA руу аж ахуйн нэгжүүд хошуурна. Эцэст нь тэднээс хамааралтай болно. Өрсөлдөх чадвар сул банкны систем өөрөөрөө оршин тогтнох аргагүй болно. Дээрээс нь зээлэнд дуртай төр засаг манийгаа барьцаалаад баахан зээл авах өндөр магадлалтай. Дараа нь яадаг билээ хоосон хүнээс хоёр чихийг нь авахгүй юу гээд хэрэлдээд суучихна. Хүчирхэг банк ийм найдваргүй нөхдүүдээс яаж мөнгө салгах аргаа сайн мэднэ. Олон улс даяар шившиг болгоно. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр хөрөнгө оруулагч нараа яаж хөөж гаргалаа даа. Тэрэн шиг наашаа гэх хөрөнгө оруулалт зогсоно.

.

Болгоомжтой олон талаас нь байдлыг харж чадвал боломжийн найдвартай мөнгөний эх үүсвэртэй болж болох дүр зураг харагдаад байгаа юм. Туушин шиг  томоохон аж ахуйн нэгжүүд BANK of CHINA-гийн Япон дахь салбараар дамжуулан авч байгаа шиг зээл аваад байвал Монгол руу цувах валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болно.

.

Нутагтаа салбарыг нь байгуулахгүй гээд зүтгээд байгаа нь овоо дориун болж байгаа банкны систем эвгүйдэх гээд байгаа юм шүү дээ. Япон бол өөрөө том зах зээл Хятадын хэдэн ч BANK of CHINA-гийн салбар орж ирсэн өлхөн багтааж шингээнэ. Манайх бол их мөрний усан дахь хэтэрхий мэргэн жараахай л гэсэн үг. Айж явбал аминд тустай. Гэхдээ бас айж эмээн суусаар нэгэн чулууны дор насыг барах уу гэдэг бас өөр асуудал. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн боломжийг олон талаас нь харж тунгаах хэрэгтэй байна даа. Ямартай ч төр засгаас илүү баялаг бүтээгчид нэр хүндтэй байна. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг тэд маань сайн мэддэг. Тэд хэзээ ч тоононоос өлгөөтэй махыг хэзээ унаж ирэх бол гэж горьдож цаг бардаггүй улс. BANK of CHINA-гийн боломжийг зөв ашиглах л учиртай. Араас нь олон олон компани зээл авна. Харин үүнд төр ямар зохицуулалт хийх вэ гэдэг нь сонин байна.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин