Такси № 86
2014-06-18

Энэ өдрийн мэнд манайхаан. Оршилд өгүүлэхэд өнөөх өвөөтэй цөөнгүй уншигч ярьж биеийг нь асууж, очьё гэсэн байна. Сонин болгоход, өнгөрсөн нэг дэх өдөр над руу нэг гадаад утасны дуудлага ороод ирлээ. Авсан чинь өнөөх Юм Үз уншигч  шууд ярьж байна. Тэгсэн өвөө бас охинтой нь яриад миний дугаарыг аваад залгасан юм байна. Урьд нь огт харж байгаагүй танихгүй бүсгүйтэй хэзээ язааны юм шиг л ярьж хөөрч, дуу шуу болцгоолоо. ЮмҮз өвөөгийн гэр бүлд 50 долларыг бэлэн шилжүүлгээр явуулснаа хэлж намайг цуг дагуулж яваад авч өгөхийг “үүрэгдэв”. Тэгээд би өвөөг авч өчигдөр Голомт банкин дээр очиж өнөөх мөнгийг авч төгрөг болгож өглөө. Хэдийгээр АНУ-д үүрийн 3 цаг болж байсан ч хашир Юм Үз тохирсон ёсоор дахин ярьж мөнгө авах код аргачлалыг дахин зааварлаж хэлж өгсөн. “Өө энэ охин шөнө нойргүй хоночихлоо доо... Монголд мөд ирнэ гэнэ үү. Манайхаар ир гэж хэлээрэй” гээд бараг 100-аад мянган төгрөг атгасан өвгөн маань баяр талархлаа дамжуулсаныг хүргэе. Мөн Юм Үз бүх уншигч найз нартаа, сайн сэтгэлийн үзүүрт тос, тонголчууд бие биенээ дэмжиж тусалж байж босч ирнэ шүү гэснийг цааш түгээхийг хүсье.    

.

Бас нэг сонин нэмэхэд, өвөө рүү бас нэг уншигч залгалаа. Өвөө чих жоохон хатуу тул тэр дуудлагыг нь надад шилжүүлсэн юм. Гэтэл Нараа гэх уншигч залуу ярьж өвөөгийн дансыг лавлаж биеийг нь асуулаа. Тэгээд өөрөө хувийн эмнэлэгтэй тул хоёрын хооронд мөнгө төгрөг гэж байхаар нэг мөр эмнэлэгтээ хэвтүүлж тус хийх саналтай байгаагаа хэллээ. Өвөө ч “би яахав өнөө муу хөгшнөө хэвтүүлбэл” гэж байна лээ.

.

Өнөөх дансанд нь хэдэн төгрөг цугласныг өвөө өнөөдөр л эмнэлгээс гарч мэдэх байх. Тэгэхээр нь би буянт олныхоо тусын тухай уншигчиддаа мэдээлье гэж бодож байна. Ямар ч байсан өвөөгийн ач зээ хэд хоногийн памперстай, эмээ нь сүүний мөнгөтэй болсон байгаа нь лавтай. Олны буян хэнд хүрч байгааг харуулах үүднээс доор ач охиных нь зургийг орууллаа. 3 сартай Н.Болорсайхан охин гэж .../цагаан хэл ам хүрэх бий хурай... хурай.../

_

Ингээд өнгөрөгч өдрүүдийн “халтуур”-ын сонин хачнаасаа хүргэе.

_

1.Цалин нэмсэн гэнэ

Э/эхнэр/ -Одоо ингээд амралтын мөнгөө аваад амарлаа ч хоёулаа явж чадахгүй юм биш үү.

Н/нөхөр/ -Яагаад явчихна ш тээ.

Э -Зээлээ төлөөд хоол хүнсээ аваад мөнгө дуусах биш үү.

Найз -Та хоёрын амралтын мөнгө орчихож уу. Олигтой юм ордоггүй юм биш үү.

Н -400 хэд орсон байсан.

Найз -Өө минийх бол бүүр бага юм байна. Би чинь нэг сараас жинхэлсэн тэрнээс өмнө чинь гэрээгээр гээд яваад байсан. Тэгэхээр бага орно тэ.

Э -Цалин нэмсэн гээд гавьсангүй тэ?

Найз -Хэдэн хувь нэмсэн гэлээ?

Н -Есөн хувь нэмсэн гэсэн. Болоо л явчихаж байгаа биз дээ.

Х -Цалин нэмж байгаа газар овоо байна уу. Үндсэн цалин дээр 9 хувь юм уу?

Э -Тийн. 400 мянга дээр чинь яахав, 30-аад мянган төгрөг.

Найз -Багш нар чинь бас цалингаа нэмээ биз дээ, хавар билүү тэ. Тэгээд бусад нь будаа юм байна л даа.

Э -Тэгээд цалин нэмээд юм нь үнэд ороод байхаар нэмэргүй юм л даа. Тэр нэмэгдэл нь хоолны мөнгөндөө л эргээд явчихаад байна.

Н -Одоо нэмэх хэрэгтэй ш тээ. Хаашдаа л юмны үнэ ханатлаа өсөж байхад.

Найз - Чшшш, аяархан л даа чи одоо. Сэмхэн нэмнэ гээд байхад чинь ккк.

Н -Нээрээ цалин нэмнэ л гэвэл маргааш нь махны үнийг нэмчихнэ шүү тэ ккк.

Э -Хөөш хөөш энэ хашааг хараа. Нөгөө дээврийн төмрөөр хийчихсэн байна. Баагий энэ чинь цэвэрхэн юм биш үү.

Н -Өө энэ нэмэргүй нэг л салхинд хийсээд явчихна.

Э -Энэ ингээд л намайг юм хэлэхээр болохгүй бүтэхгүй. Өөрөө сэтгээд хийхгүй. Энэ жил бид хоёр хашаагаа битүүлэхгүй юм шиг байна аа.

Найз -ккк, урд тал нь онгорхой билүү.

Н -Цалингийн зээлтэй барахгүй л байна шүү. Энэ амралтаар хийе ээ...

_

Ах мод банзгүй хашаа битүүлчих арга юу байна, мэдэхгүй биз ккк .... заа энд  буунаа. Наана чинь траншейн нүх байгаа шүү, тойроорой ....

.

2.Наадмын хонины сураг

Өнөөх өвөөгийн гэрт мөнгийг нь хүргэж өгөх гээд өгсөж явтал Шинэ давхар гэдгийн дэргэдээс нэг залуухан шар хүүхэн тун яаруу гар өргөхөөр нь авчихлаа.

“Ахаа хойшоо яваад эргээд эндээ ирнэ ш тээ” гэж надад анхаарууллаа.

.

З/зорчигч/ -Гялс нэг итгэмжлэл аваад эргэж ирэхээс. Аавынхаа халамжийн хэдэн төгрөгийг авах гэсэн болдоггүй ээ. Эртээр ирэхдээ аваад ирсэн тиллер нь нэг харчихаад дахиж авчрах хэрэггүй ээ гэсэн байхгүй юу. Тэгсэн өнөөдөр авчир гээд. Бас шинэ тиллер байх шиг байна аа. Итгэмжлэхгүй бол болохгүй гээд. Манайх ойрхон л доо. Энэ 7-р хорооны арын гудамж.

Х -Ямар халамжийн мөнгө авах уу?

З -Хэвтрийн эмчилгээний мөнгө. Халамж ч гэж эм тарианы мөнгө. Манай аав харвачихсан байхгүй юу. Сард 52 мянгыг улиралд нэг 60-ыг авдаг юм. Банкин дээр ч хүн алга би ганцаараа байлаа л даа. За ахаа энэ гудмаар чигээрээ өгсөөд тэр өлзий хээтэй хаалга.

Х -Аав нь харваад удаж байна уу?

З -Хоёр жил болж байна. Тэр зогсож байна л даа гадаанаа.

Харвал гудамжны үзүүрт таяг тулсан нэлээн туранхай настайвтар эр хоёр гурван халамцуу нөхөдтэй ярьж зогсоо харагдлаа. Хүүхэн хашаа руугаа шурхийж ороод эргээд гараад ирлээ. Бид хоёр буцахдаа ийн хөөрөлдлөө.

Х -Аав нь яасан даралт өндөртэй л хүн байсан уу?

З -Тийн энэ нэг харвана шүү гэсээр байгаад л харвасан. Нэг ажил явдалд яваад ирээд л үдээс хойш нь тийм болчихсон.

Х -Ээ, тэр ажил явдал буруудсан юм биш биз дээ.

З -Харин тнх. Нэг их дуртай байгаагүй юм. Төрсөн дүү нь байсан байхгүй юу. Өө тэгээд яв яв гэснээрээ би л баахан юм сонссон. Өөрөө ч нэг их дуртай байгаагүй юм л даа. Би сая нөхрөөрөө хүргүүлсэн юм. Тэгээд үлдчихсэн чинь ингээд такси барих боллоо.

Та хойшоо явж байгаа юу. Тийм бол би мөнгөө авчихаад буцаад буучихья тэгэх үү.

Бид хоёр Капитал банкны салбар дээр ирж зогслоо. Хүүхэн гарч ирэхдээ хоёр шил пиво тэвэрсэн байсан нь анхаарал татлаа.

Х -Чамайг чинь банк руу орлоо гэсэн чинь юу вэ. Пиво архи болчихсон явна уу даа ккк.

З -Аан ккк, энд хажууд нь дэлгүүр байдаг юм. Хоёр пиво барьж орохгүй бол өнөө аав маань уурлана ш тээ. Харвасан хүн чинь аягүй аймаар ааш нь эвдэрдэг юм байна лээ. Энэ хэдэн төгрөгөө аваад тэтгэврийн 180-аа аваад гурил махаа нөөцлөөд тэгээд ууна шүү дээ. Аан ач нартаа бас нэг чихэр ундаа авч өгнө. “Хүнээс хулгайлж авч байгаа биш” гэж загнаад л авахуулна шүү дээ.

Х -Архи ч мөнгөнд хорон байх л даа тэ?

З -Аймаар. Нэг арван мянга за хариултанд нь нэг тамхи гэж байтал 50 мянга чинь байхгүй болчихно ш тээ. Арав арваар нь барьж гараад л. Осолдохгүй эмгэндээ нэг 100 мянгыг өгч байгаа юмаа зайлуул ккк. Тэрийгээ бол алдахгүй. Тамхиа боодлоор нь нэг нөөцөлж авна, тэр нь бас заавал. Сайхан ааштай байвал бид хэдэд нэгж аваарай гэж нэг хэдэн цаас өгнө. Тэгээд л пиво энэ тэр болоод дуусна даа ккк. Харвасан хүн ч ааш нь их өөрчлөгдөх юмаа. Уурлаад  л байх юм. Одоо ч бид нар дасчихжээ. Дахичихгүй байгаасай гээд л тааваар нь л байлгаж байна....

Х -Нөхөр нь юу хийж байна даа.

З -Манай хүн мах хийдгийн. Сая урагшаа Хархорин явсан. Наадмаар гүйлгэх хонины нүхээ хийнэ гээд л явсан. Манай хүн ч байнга л явах юм даа. Ирлээ явлаа гэдэг чинь шүү дээ.

Х -За тэгвэл наадмын хонь наашилж байгаа юм байна даа тэ.

З -Манай хүн нэг 20-оод л хонь авчирдаг юм даа...

Х -Хонь ер нь хэд хүрэх бол.

З -Мэдэхгүй ээ, унац мунацаа нэмээд нэг 30 цаас л гардаг ш тээ. Дор хаяж 200, 300 мянга хүрэх байх аа ...

.

Хүүхний сүүлийн үг болох наадмын хонины үнийн сураг толгой руу татаад авах шиг болоход хаалга хаагдлаа.

.

3.Улаан махны хулгай

Баянмонгол хороолол орноо гэсэн бондгор бор 3 хүүхэн суугаад л нэр төрөө цэвэрлэж авсан талаараа хөөрөлдлөө.

Ажил дээр нь хурал болж том асуудал буюу мах хулгайлаад байгаа урт гартай хүнийг илрүүлэх талаар ярилцсан байна. Махны хулгайн хардлагад манай 3-ын нэр нэг биш удаа гарч талцсан хэрүүл уруул болсон бололтой юм. Нэг нь их гомдомтгой бололтой бараг уйлах гээд байлаа.

.

Э/эмэгтэй/ -Шалгаад мөрдөөд дараа нь ярьж болно ш тээ. Шууд ойлгомжтой гээд над руу хараад яриад байгаа юм тэр Энхчимэг нь ёстой нээрээ ... /мэгшүүлэх шиг болов/

Н/найз/ -Аан үхсэн муусайн юмнууд. Эхнээсээ л бид гурвыг унагаахаар ярьсан байгаа байхгүй юу.

Н2/нөгөө найз/ -Хэд хэдэн удаа боллоо. Шалгаж ярь гэж дарга хэлсэн гэж Нааяа надад өчигдөр хэлж байсан юм. Тийм их мах дутаад байсан юм уу?

Н -Мэдэхгүй, хоол нь хүрээд л хүмүүс цадаад л байсан биз дээ.

Н2 -Эрдка дарга чинь орой нь залгаад яасийн ийсийн гээд. Би чинь нэг гартаа нөгөө жоохноо угжтай тэвэрчихсэн. Нэг гараараа сүүгээ зайлаад нөгөө гараараа утсаа барчихаад ккк. Тэгээд ярьж өгч байгаа юм чинь. Угжинд нь жоохон сүү халуун ус хийгээд хөргөөд өгөх санаатай зайлаад. Хүүхэд чихэн дээр уйлаад зарим яриаг нь ойлгоогүй “аанхан тийн” гэчихсэн чинь өнөөдөр чинь юу болов. Мах авснаа зөвшөөрсөн болов уу яав ккк.

Э -Намайг чинь юм хумаа бараагаа шидээд байдаг гэсэн ш тээ. Тэрүүхэндээ юмаа л ширүүн тавьж байснаас хүн рүү бол шидээгүй шүү.

Н -Би ч уур хүрэхээр шидэж л байдаг. Тэр яахав ярьж л байг. Энэ жил орсон улсаас л авч байгаа гээд байгаа юм шиг билээ.

Э -Залгаад хэлчих үү, Бат-Эрдэнэ захиралд хоолыг нь бага аягалж бай гэж Эрдка дарга хэлдэг гэдгийг.

Н -Баагий дарга ч гэсэн хоол ундны хов жив хөөгөөд л буруу ш тээ. Манай хуучин захирал бол тийм юманд ерөөсөө ордоггүй байсан тэ.

Н2 -Ээ яахав дээ. Үлдэгдэл зөвдөл мах захаар нь нохойн хоол хийе гээд бариад л гарчихсан байхгүй юу. Шөнө би чинь Санги ахтай таараад ккк. Нэг их тортой юм хум барьчихсан.

Э -Нохойны хоол бол яахав дээ.

Н2 -Ээ тэр чинь тэгээд гаднаасаа нялцайж шүүстээд нэг их мах шиг л харагдаж байгаа юм чинь. Тэгсэн Санги нэг их дуугардаггүй юм байж яриа өдөөд л нэг их сүрхий ард алхаад байсан байхгүй юу. Аягүй бол тэрийгээ хэлээ биз.

Э -Яадгийн хаягдал мах цөвдөл бөөгнүүлж авахад. Нохойдоо өгнө үү гэртээ иднэ үү тэ. Тэртэй тэргүй л тэгээд хаях л гэж байсан ш тээ.

Н -Би тэр өдрийн хоолыг 12 аяганд аягалж өгсөн, тэгээд яг таарсан. Тэгээд дараа нь дутчихсан юм уу.

Н2 -Тийм юм шиг билээ, би тэгэхэд дэлгүүр явчихсан байсан. Би бол тэр нохойн хоол аваад гарах ч ухаангүй ш тээ.

Э -Би л юм байна л даа. Нохойн хоол гэж нэг удаа л оройн гараан дээр авсан ш тээ. Харин Эрдка чинь өөрөө яс масыг нь цааш хийчихэж байгаа л харагддаг. Яривал яриад зууралдвал зууралдан ш тээ. Тэгээд миний долоо хоногийн цалин байхгүй болчихлоо.

Н -За за одоо гал тогооны зоорины кодыг өөрчилж байгаа гэсэн. Тэр нь амар. Гурвуулаа гэхдээ ёстой нэрээ авч гарлаа ш тээ. Тэр Санж манж чинь сүүлдээ гөлөлзөөд ирж байгаа биз дээ.

Э -Ер нь туслахаа л хийж байсан нь дээр юм байна. Би дахиж хоол тогоонд ойртох ч үгүй. Няравт хэлнээ. Хов зөөдөг гэнэ л биз. Угаасаа энд ийм л болох юм байна.

.

Н2 -ээ дуугай өнгөрсөн нь дээр байдаг юм даа. Бүгдээрээ л хулгайлаад ээлжлээд баригдаад л жил болгон л ийм юм болдог гэсэн ш тээ. Арматурынхан тэгж л байсан. Байнга л улаан махны хэрүүлтэй байдаг гэж. Тоох хэрэггүй юм шиг билээ  кккк...

.

Ийнхүү махны хулгайд сэрдэгдэж нэлээн шаналсан манай гурав барилгын компанийн гал тогооны ажилчид бололтой. Энэ барилгын хашааны өмнө зогсчих гээд буулаа. Урд суусан хүүхэн “ёооё балайр хэрүүл хийгээд хоол хийхээс ч дургүй хүрчихлээ, яаж гал тогоо руу орно оо” гэсээр буулаа...

.

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин