Суарес Английн шигшээг сөхрүүллээ
2014-06-20

Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдэг мэргэн бууч Луис Суарес “гурван арслан”-гийн хаалганд хоёр гоол оруулснаар Уругвайн шигшээ багтаа хэсгээсээ гарах найдлага бэлэглэлээ. Англи, Уругвай хоёулаа эхний тоглолтдоо хожигдсон тул халз тоглолтдоо хэн хэн нь заавал хожихын төлөө зүтгэсэн. Гэвч хүнд цаг үед цохилт даах чадвар үнэхээр муутай гэдгээ Английн шигшээ дахин харууллаа. Харин уругвайчууд гэмтэл нь бүрэн эдгэсэн шилдэг довтлогч Луис Суарес нь эргэж ирмэгц өөрсдөдөө итгэлтэй тоглож эхлэв.

1

Оскар Табарес Коста-Рикад хожигдсон багтаа дөрвөн өөрчлөлт сэлгээ хийсэн бол Рой Хожсон Италийн эсрэг тоглосон багаа өөрчлөлгүй, тэр чигт нь гаргалаа. Гэхдээ Руниг зүүн жигүүрийн хагас хамгаалалтад бус харин яг довтлогчийн арын буюу 10 дээр гаргасан юм. Ингэснээр Стерлинг баруун жигүүрт, Уэлбек зүүн жигүүрт тоглохоор болсон.

Английн шигшээ багийн довтолгоо хэвийн харагдаж байсан бол хамгаалагчид, төвийн хагас хамгаалагчдын байрлал эргэлзээ төрүүлж байлаа. 15 дахь минутад Фил Жагиелка бөмбөгийг торгуулийн талбайгаасаа гаргах гээд Кристиан Родригест 20 орчим метрийн зайнаас аюултай цохилт хийх боломж олгосон. Харин азаар Родригес хөндлөвчийн дээгүүр цохилоо. Дараа нь Суарес Каванид дамжуулалт өгсөн ч “ПСЖ”-ийн довтлогч мөн хаалга оносонгүй. Суарес хоёр ч удаа булангийн цохилтоос гоол оруулчих дөхсөнийг Жо Харт арай гэж хаалаа.

1

1

Жеррардын хөөргөсөн дамжуулалтыг Руни мөргөсөн ч бөмбөг хөндлөвч онов. Нэгдүгээр үеийн төгсгөл рүү уругвайн хөлбөмбөгчид хурдан сөрөг довтолгоо хийж, Каванигийн хөөргөж өгсөн бөмбөгийг Суарес мөргөж Хартын хаалгыг мялаав. Хоёрдугаар үе эхлээд 52 дахь минутад Кавани тоглолтын хувь заяаг шийдчихэж болохоор байсан ч Хартын алсын буланд онох гээд чадсангүй. Дараагаар нь Руни долоон метрийн зайнаас хаалга руу цохьсон ч Муслера хааж чадлаа.

1

Хожсон сэлгээ хийж, Лаллана, Баркли нарыг талбайд гаргаснаар довтолгоогоо хүчирхэгжүүлэхийг хичээв. Ингээд 75 дахь минутад Жонсон баруун жигүүрээр өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд нэвтрээд хөндлөн дамжуулалт өгснийг Руни гоол болголоо. Английн шигшээгийн гол довтлогч Рунигийн дэлхийн аваргад оруулсан анхны гоол энэ байв.

Тэнцүүлж чадсан Английн шигшээ хожихын төлөө зүтгэж, гоол оруулчихаж чадахаар харагдаж байсан ч багийн ахлагч Жеррард Каванитай тэмцэлдэхдээ бөмбөгөө арагшаа мөргөсөн нь Суарест дамжуулалт болон очив. Суарес олдсон боломжийг алдалгүй Хартын хаалганд хоёр дахь гоолоо оруулсан. Ийнхүү Английн шигшээ дахиад азгүйтэж, хожигдлоо. Одоо тэдэнд хэсгээсээ шалгарах онолын л боломж үлдээд байна. Италийн шигшээ Коста-Рика, Уругвайг дараалан хожоод, англичууд өөрсдөө Коста-Рикаг  хожиж чадсан тохиолдолд хэсгээсээ хоёроор гарах багахан боломж бий юм.

1

Уругвай - Англи 2:1

Гоол: Суарес, 39, 85 — Руни, 75

Уругвай: Муслера, Перейра, Годин, Хименес, Касерес, Родригес, Аревало Риос, Гонсалес (Фусиле, 79), Лодейро (Стуани, 67), Кавани, Суарес (Коатес, 87)

Англи: Харт, Жонсон, Ягелка, Кэхилл, Бэйнс, Жеррард, Хендерсон (Ламберт, 87), Уэлбек (Лаллана, 71), Руни, Стерлинг (Баркли, 64), Старриж

Шар хуудас: Годин — Жеррард

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин