Улаанбаатар
Суарес: Тэр байгаагүй бол би энд ирэхгүй байсан
2014-6-20

Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Луис Суарес шигшээ багийнхаа жирийн нэгэн бэлтгэлийн үеэр гэнэт өвдгөндөө гэмтэл авч, гай газар дороос гараад ирэх нь тэр. Уругвайн телевизээр гол од нь гэмтэж, 4-6 долоо хоног эмчлүүлэх, гам барих шаардлагатайг дурьдахад “Тэгвэл Дэлхийн аваргад тоглохгүй юм байна шүү дээ!” гэж олон мянган уругвайчууд урвайжээ.

_

Маргааш нь Луис Суаресийн хэвтсэн эмнэлгийн үүдэнд олон зуун хөгжөөн дэмжигч цуглаж нэрийг нь дуудан хашгиралдаж эхэлсэн байна. Шигшээ багийн төлөөлөгч олны өмнө гарч “Суарес Дэлхийн аваргын өмнө эдгэнэ ээ” хэмээн тайвшруулсны хүчинд цугласан олон тарсан юм.

_

Гэхдээ үнэндээ тийм хялбархан эдгэчихээр, бас амлачихаар гэмтэл биш байлаа. Ингээд улсынхаа хамгийн сайн мэргэжилтэнд хандсан нь 66 настай Вальтер Феррейра юм. Уругвайн хөлбөмбөгт 15 жил зүтгэж буй мэргэжилтэн Вальтер Феррейра цагтаа Рекоба, Соса, Фонсека нарыг хөл дээр нь босгосон ачтан аж. Суаресийг бүрэн эдгээхийн зэрэгцээ тоглолтод гарах хэмжээнд хүргэхэд Феррейра тусгай график гаргасан байна. Ингээд 10 хоногийн дараагаар зааланд биеийн бэлтгэлээ эхэлж, 15 хоногийн дараагаар хөнгөхөн гүйж, 16 дахь хоногтоо бөмбөгтэй харьцаж эхэлсэн нь гайхамшиг байжээ. Эмч нарын хэлсэн хугацаанаас гурав дахин богино хугацаанд ийнхүү Суарес эдгэсэн байна. Харин хэр эдгэснээ өчигдөр Английн хаалганд дубль хийгээд харуулчихсан.

_

Тоглолтын дараагаар Суарес хүний ачийг мартдаггүй гэдгээ харуулж “Эхнэр, хоёр хүүхэд минь миний амьдралын хамгийн чухал хүмүүс. Одоо тэд нар дээр минь бас нэг чухал хүн нэмэгдсэн нь Вальтер Феррейра. Дэлхийн аваргад тоглох боломж олдсны 90 хувь нь түүний гавьяа” гэж Суарес мэдэгдээд байна.

_

Английг хожчихоод хувцас солих өрөөнд орсныхоо дараагаар Суарес баярласандаа нулимс унагаад утсаа гаргаж ирэн бичлэг хийхдээ “Тэр байгаагүй бол би энд ирэхгүй байсан. Уучлаарай, миний сэтгэл хөдлөөд байна” гэж уйлан хэлсэн аж.

_

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин