Герман Ганатай тэнцэж, Клозе Роналдотой эн зэрэгцлээ
2014-06-22

Герман-Ганын тоглолтын өмнө Андре Айю “Манай багийнхан талбай дээр амиа тавих болно” гэж мэдэгдсэн нь хоосон сүржин үг биш байлаа. Эхний тоглолтдоо Португалыг 4:0-ээр бут ниргэж, хүч чадлаа гайхуулсан Йоахим Лёвийн багаас Ганын шигшээ огт эмээсэнгүй. Тэд тоглолтын явцад бүр гоолоор илүү гарч, Германыг сандаргасан юм.

1

Сүүлийн хэдэн сарын турш Месут Озилыг тэмцэл муутай, залхуу гэсэн шүүмжлэл ихэд түгсэн бол энэ удаад турк гаралтай залуу тун сайн тоглож, Кроос, Гетце, Мюллер нар ч хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээж байсан тоглолтыг үзүүлж байв. Германы шигшээ эхний үед гоол оруулах хэд хэдэн боломжийг алдсан. Гэвч гоол ороход багахан зүйл дээр өм дутаад байлаа. Нэг бол Мюллер хөндлөн дамжуулалтад арай хүрэхгүй хоцрох юм уу, Хедира яг Даудегийн гарт бөмбөгөө өгч байв.

1

Хоёрдугаар үед тоглолт улам хурц болж ирлээ. 51 дэх минутад Мюллерийн хөөргөж өгсөн дамжуулалтыг Гетце мөргөсөн нь өвдгөнд нь ойн Ганын хаалганд орсон. Гэвч Африкийн баг тун удалгүй Аффулын дамжуулалтаар Андре Айю мөргөж гоол оруулснаар тоог тэнцүүлэв.

Үүнээс есөн минутын дараагаар ганачууд бүр илүү гарав. Асамоа Гьян торгуулийн талбайн баруун талаар нэвтэрч ороод Нойерийн алсын буланд ончтой цохьсноор 2:1 болчихлоо. Хоёр баг үүний дараагаар талбайн төвд бөмбөг нухахаа больж, харилцан довтолцож, үзэгчдэд тун сонирхолтой тоглолтыг үзүүлсэн. Ялангуяа Мирослав Клозег талбайд гаргасан нь улам сонирхолтой болгов. Клозе ч талбайд гармагцаа өөрт нь итгэж тоглуулсны ачийг хариулж булангийн цохилтыг мөргөж буулгаж өгсөнд хөл тавьж, 2:2-оор тэнцүүллээ. Ингэснээр Клозе Дэлхийн аваргын түүхэн мэргэн буучдын жагсаалтад Роналдотой 15 гоолоор эн зэрэгцэв. Одоо ганц гоол оруулахад л Клозегоос ганцаархнаа манлайлах болно.

1

Герман - Гана 2:2

Гоол: Гетце, 51, Клозе, 72 — А. Айю, 54, Гьян, 63

Германи: Нойер, Боатенг (Мустафи, 46), Мертезакер, Хуммельс, Хеведес, Лам, Кроос, Хедира (Швайнштайгер, 70), Езил, Гетце (Клозе, 70), Мюллер

Гана: Дауда, Аффул, Менса, Бойе, Асамоа, Рабиу (Баду, 77), Мунтари, Боатенг (Ж. Айю, 52), Атсу (Вакасо, 73), А. Айю, Гьян

Шар хуудас: Мунтари

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин