Монголчуудыг хагалан бутаргах ээлжит захиалга
2014-06-24

Сэтгүүлзүйд мэргэжлийн бус хүмүүс орж ирсэн нь ямар эмгэнэл дагуулж болохыг саяхны нэгэн захиалгат нэвтрүүлэг тодорхой харууллаа. 100 чухал сэдэв хэмээн онцлон нэрлэсэн эл цуврал нэвтрүүлгүүдийг “Hero entertainment” бэлтгэдэг. Өмнө нь “Хүүхдийн парк” сэдвээр хийсэн нэвтрүүлэг нь мөн л захиалгат хийрхэл байсан талаар хэвлэл мэдээллийнхэн шүүмжлэн хэлэлцэж, мэргэжлийн бус хүмүүс Монголын сэтгүүлзүйг гутаан доромжилж буйд харамсаж буйгаа илэрхийлж байсан. Хэрэв мэргэжлийн хүн бол нэг тал руу илэрхий хэлбийсэн, нийгмийг талцуулсан байдлаар аливаа асуудлыг хөндөхөөс ёс зүйн талаасаа зайлсхийх учиртай билээ. Энэ талаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ил тод хэлсэн нь ч бий. Гэвч мөнгөнд амташсан тус студийнхэн  монголчуудыг хагалан бутаргах, дотоодын самуун дэгдээх зорилготой дараагийн захиалгат нэвтрүүлгээ Монгол HD телевизээр цацсан нь тусгаар тогтнолын тухай байлаа. Энэ сэдвийн дор монголчуудын хоёр хөрштэйгөө харилцах дипломат бодлогыг илэрхий гуйвуулан, геополитик гэсэн нэрийн дор олон улсын харилцааг бүдүүлгээр хөндсөн нь учир мэдэх олон хүний дургүйцлийг төрүүллээ.

.

Уг нэвтрүүлэгт өгүүлснээр Монголын төрд өндөр алба хашиж буй олонх хүн Хятадын эрлийз, хурлийз юм байх. Эх орноо худалдаад өөрсдөө гадаад руу дүрвэх гэж байгаа мэт ойлголт төрүүлэх зорилго агуулсан аж.

.

Н.Алтанхуягийн Засгийн газар болон түүний нэр бүхий сайдуудыг гутаан доромжилж, улмаар эцэс төгсгөлгүй дотоодын үймээнд турхирах агуулгатай уг нэвтрүүлэг магадгүй 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээнийг дэгдээсэн нууц эзнийг илчилж байж ч болох.

.

Монголчууд төдийгүй дэлхий нийт эдийн засгийн хүндхэн үеийг туулж байна. Европын улс орнууд санхүүгийн энэхүү хямралыг хүч хавсран туулж байгаа бол Япон улс эдийн засгийн эрчимтэй бодлого хэрэгжүүлж хүнд үеийг ардаа хийсэн. Олон улсын зах зээл дээр ашигт малтмалын үнэ ханш урд байгаагүйгээр унаж, энэ салбар дээр тулгуурлан хөгжлөө тодорхойлоод байсан монголчууд дотоод нөөц бололцоондоо найдахаас аргагүйд хүрлээ.            Нэгэнтээ нүүрс, төмрийн хүдрийн том хэрэглэгчтэй геополитикийн хувьд хөрш болсных, эхний ээлжинд урагшаа түүхий эдээ зөөхөөс өөр аргагүй байдал үүслээ. Хуруугаа ч хөдөлгөлгүй гар хумхин суухын оронд түүхий эдээ эргэлтэнд оруулж, улмаар санхүүгийн чадамжаа дээшлүүлэн боловсруулах үйлдвэрүүд барих бодлого баримтлах нь эхний гарц болоод байна.

.

Хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулан, сүүлийн жилүүдэд мөстөж цантсан хөршийн холбоогоо сэргээж, аль аль талтайгаа адилхан найрсаг байдлаар хамтрах нь монголчуудын оршин тогтнох үндэс болохыг төрийн төвшинд ойлгож эхэллээ.

.

Газар нутгаа үүрээд нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш, юуны төлөө хүчирхэг хоёр орны дунд оршин тогтнодог билээ, хүч бололцоог нь ашиглан хөгжилд хүрэхийг эрмэлзэх шаардлагатай болоод байна. Гуравдагч хөрш хэмээн тив алгасч гүйгээд “Rio Tinto” “Mak Maxon”-д амаа таглуулахаас хэтэрсэнгүй. Тиймээс ч Засгийн газар эхний ээлжинд хөл дээрээ босохын тулд, тулах тулгууртай байхын тулд нүүрсээ зарахыг чухалчилж байна. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тавд бичигддэг Хятад улс Монголын нүүрсээр дутах нь юу л бол. Нөгөө талаар ой мод, ашигт малтмалын нөөцөөрөө Хятадыг ардаа орхидог Орос улс Монголын баялгаар ангаж цангах гэвэл бас л эргэлзээтэй. Урагшаа төмөр зам тавих гэхээр Хятадуудтай хардан, нэгнийгээ эрлийз хурлийзаар нь дуудан бослого гаргахаас буцахгүй юм болно. Хойд хөрштэйгөө харилцаагаа сайжруулах гэсэн тэмүүллийг мөн л Оросын эрлийз, орос эхнэртэй гэхчлэн иймэрхүү байдлаар нухчин дараад байх уу? Тэгвэл нөгөө хөмөрсөн тогоон доторх хөөрхий бидний улс болж үлдэхээс өөр сонголт үгүй.

.

Сүүлийн арав шахам жил төмөр замын царигийн асуудлаар хэрэлдээд амжилт олсонгүй. Ихийг хийж бүтээнэ хэмээн их найдлага хүлээлгэсэн Х.Баттулга сайд маань ч хийсэн юмгүй ширээнээсээ өөрийн хүсэлтээр огцорлоо.

.

Ямар нэгэн байдлаар бид өмнөх асуудлаа шийдэх ёстой. Хятадуудыг муулаад, танхим нэгт нөхдөө хятадын эрлийз хэмээн нэрлээд байгаа нөхдүүд өөрсдөө Оросын талыг баримталсан, оросын эрлийз үр хүүхэдтэй улс уу? Ийм асуултыг тавихаас өөр аргагүй байдалд дээрх нэвтрүүлэг хүргэлээ. Тэгвэл Монголын эрх ашиг хаана нь байгаа юм бэ? Хагаран бутарч, хоорондоо хэрэлдэн хэмхэлдэж, хөнжилдөө багтахгүй хөлөө жийлцээд мөнхөд ядуу хэвээр хоцорвол эвдрэл зарлаад байгаа энэ нөхдийн бах ханах уу?

.

Хүн үндсэрхэг үзэлтэй байж болно, гэхдээ ард түмнээ захиалгат аллагад уриалан дуудаж, хагаралдуулан эвдэж, бие бие рүүгээ буу шагайхад хүргэх нь өөрөө түүхийн том эмгэнэлд хүргэж ч болох юм. Гадны захиалга, гадаадын том гүрний явуулга гэж ёстой үүнийг л хэлнэ.

.

Д.Удвал

Shuud.mn
Сонин хачин