Улаанбаатар
50 тэрбумын дэмжлэг
2014-6-30

Хөгжилтэй, хөрөнгө чинээтэй, мөнгөтэй улс болохын тулд Монгол Улс төмөр зам тавих, үйлдвэржилтийг хөгжүүлэх том зорилго урдаа тавьчихаад багагүй хугацааг үдлээ.  Улс орны хөгжлийн гарц, эдийн засгийг түлхэх хүч хэмээн тодорхойлогдож байгаа “Шинэ төмөр зам” төсөл  зургаан жил гацсан бол  Сайншандын аж үйлдвэржилт  шаваа тавьснаас хойш гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийгдээгүй л байна. Ажил яагаад урагшлахгүй байгаа шалтгааныг зарим улстөрчид санхүү, мөнгөтэй холбон тайлбарладаг.  Монголын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж,  хөгжлийг түргэтгэхэд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн тооцоолж буй дээрх төслүүд үнэхээр хөрөнгө мөнгөний боломжгүйгээс өнөөдрийг хүртэл чөдөрлөгдөж байгаа юу гэсэн нэг асуулт сүүлийн үед улс төр, эдийн засагт өрнөж буй үйл явдлаас улбаалан тавигдаж байна. Өөрөөр хэлбэл,  хөгжил дэвшилд хүргэх  гүүр хэмээн дүгнэгдэж, хонгилын үзүүр дэх гэрэл болон харагдах болсон дээрх төслүүдэд төр засгаас хэрхэн дэмжлэг үзүүлж байсан бэ гэх асуултад  улстөрийн аливаа нэгэн хийрхэлээр хандалгүй эдийн засгийн бодит мэдээлэл, тоо баримтад түшиглэн хариулах гээд үзье.

6

6

Монгол Улсын Засгийн газрын 2012 онд гаргасан  тогтоолын дагуу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд  гүйцэтгэсэн ТЭЗҮ болон бусад ажлын  зардалд  55 сая доллартай тэнцэх төгрөгийг олгохыг Хөгжлийн банкинд даалгасны дагуу эхний ээлжинд 22.5 сая ам.долларыг салбарын яамны дансанд шилжүүлсэн байдаг. Дээрх хөрөнгөөр хийсэн ажлын задаргааг харахад ТЭЗҮ-ийг боловсруулахад хуулийн зөвлөхөөр ажилласан “Sidley” компанид хоёр сая 898 мянга, “MDS” компанид 300 мянган, техникийн зөвлөхүүдэд гурван сая, санхүүгийн зөвлөхүүдэд 1.5 сая, тодруулбал,  “Liberty partners”  компанид гэхэд л 489 мянга, “BNP Paribas” компанид  646 мянган ам.долларыг шилжүүлсэн байдаг.  “Liberty partners”  компани нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын компани бөгөөд тэрбээр төмөр замын бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийн багт ажиллаж байжээ.

6

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулга гишүүнийг өрөөндөө дуудаж уулзахдаа “2008 онд Баттулгыг Зам, тээврийн сайд болоход “Ийм ийм ажил хийнэ шүү” гээд өрөөндөө дуудаж хэлж байсан даа. “Хүрз барьж чадах хүн болгоныг аваачиж даланг нь бариулъя. Тавь тавин км, 100, 100 км-ээр нь хувааж өгөөд төмөр замыг босгоотох. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гэсэн. Одоо юу ч байхгүй” хэмээн зэмлэсэн билээ. Төрөөс баримтлах төмөр замын бодлогын дагуу “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар сохор зоос ч өгөөгүй, “Хойд эх мөнгө өгсөн бол би талхаа авах байсан” гэх Б.Батзаяагийн яриаг дээрх баримт үгүйсгэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд сохор зоос ч өгөөгүйгээс ажил хийгдээгүй гэдэг тайлбар хэр үнэн эсэхийг дээрх баримтууд нотлох биз ээ.

6

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах, нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон байр суурийг эзлэж байгаа Сайншандын шавыг тавьснаас хойш таван жилийг үджээ. Нүүрсээ угаана, боловсруулна, ган үйлдвэрлэнэ, газрын тосоо өөрсдөө боловсруулдаг болно гэж сүүлийн таван жилийн турш гоё мөрөөдөлдөө хөтлөгдсөн монголчууд энэ хугацаанд юу хийвээ.  Ямар ч байсан дээрх төслийг урагшлуулахын тулд Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх эхний ээлжинд найман тэрбумын санхүүжилтийг төрөөс гаргажээ. Энэхүү найман тэрбум төгрөгийг мөн л баахан зөвлөх компаниудад олгоод дууссан байна.

6

 Тодруулбал, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулсан бөгөөд энэ ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад даалгасан байдаг. Үүний хүрээнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээ зэрэгт найман тэрбумыг Хөгжлийн банкаар дамжуулан олгосон  байна.  Тухайлбал,  Суурьшлийн бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөг “Гоби Травел” компаниар хийлгэж эхлээд 85 сая, дараа нь 57 сая төгрөгийг ажлын хөлсөнд өгчээ. Мөн хуулийн зөвлөхөөр ажилласан “Легал Полиси” компанид гэхэд эхлээд 181 сая,  241 сая төгрөг өгсөн байдаг.  “2012 оны сонгуулийн дараа “Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлаа Баттулга хий. Үйлдвэр, хөдөө аж ахуйн ажлыг  чи сайн хариуц” гэж хэлсэн. Одоо тэгээд Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна? Тэнд чухам юу хийв? Саяхан би Сайншандтай холбогдоход Иргэдийн хурлын дарга нь “Алтанширээ суманд газрын асуудлыг шилжүүлэх шаардлагатай байна. Усны асуудал хүндрэлтэй байна. Сонгож авсан газар нь цэвдэг ихтэй юм” гэж хэлсэн. Ядаж энэ мэт зүйлийг судлаад, асуудлыг шийдэх хугацаа байсан шүү дээ. Энэ бүх боломж өөрт чинь байсан шүү” хэмээн Ерөнхийлөгч зэмлэсэн бий. Улс орны нийгэм эдийн засгийн чухал төслүүд хэмээн үнэлэгдэж байгаа төмөр зам болон Сайншандын төслийг урагшлуулахын төрөөс эхний ээлжид 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн. Харин энэ ажлын үр дүн хаана байна?

6

6

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: News.mn

Shuud.mn
Сонин хачин