Говь-Алтайн засаг дарга О.Амгаланбаатарыг АТГ-д шалгуулахаар болжээ
2014-07-03

УИХ-ын гишүүд болон төрийн өндөр томоохон албан тушаалтнуудын үйлдэл ард түмний нүдэн дээр ил байдаг болохоор тэднийгээ шахаж, шүүмжлэх нь их. Харин дунд шатанд гарч байгаа хууль бус үйлдэл, төсвийн хөрөнгийг шамшигдуулах явдалд олон нийт, хууль хяналтын байгууллагын хараа хяналт сул байгаагаас тэдний энэхүү үйлдэл улам өөгшин цэцэглэж байна гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон.

s

Ард түмний хараа хяналтаас далдуур засаглаж яваа газартаа хууль ёсыг хөсөрдүүлж, төсвийн өмч хөрөнгөнд дур зоргоороо хандаж яваа нэгэн бол Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар юм. Түүнийг засаг дарга болсноос хойш энэ аймагт хууль үйлчлэхээ больж бүх зүйлийг О.Амгаланбаатарын тойрон хүрээлэгчид намчирхасан байдлаар шийддэг болсоор удаж байна.

a

Анх албан тушаал авмагцаа тэрээр төрийн жинхэнэ албан хаагч 40 шахам хүнийг ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халжээ. Ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүс эрхээ хамгаалахаар тэмцсэн ч “Та нарыг шоронд хийнэ” гэх мэтээр дарамталж гарсан гэнэ. Тэр бүү хэл тус аймгийн эмнэлэгт ажилладаг ИТХ-ын хоёр төлөөлөгч өөрийнх нь байр суурьтай нийцэхгүй саналтай түүнийгээ хурал дээр хэлэх гээд иртэл өөрийн томилсон эмнэлэгийн даргаараа дамжуулан тэднийг “алсын дуудлаганд яв үгүй бол ажлаа өг” хэмээн дарамталж хөдөө сумруу цөлчихсөн байна. Нөгөө эмч нар дуудлага өгсөн айлд яваад очтол цаад хүмүүс нь дуудлага өгснөө ч мэдэхгүй сууж байсан ажээ. Энэ мэтээр тохуурхаж төрийн албыг зөвхөн намын нүдээр харж, өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр аймгаа дампууруулах ажлыг О.Амгаланбаатар амжилттай хэрэгжүүлж байгаад анхаарал хандуулах төр засаг, хууль хяналтын байгууллага гэж алга. Алтай нутгийнхан харин түүнийг “Алтайн дарангуйлагч” гэж өргөмжилжээ.

Ер нь түүнийг дарга болсноор хойш Говь Алтай аймаг хөгжих биш дампуурч байгаа гэдгийг ард иргэд нь ам уралдан хэлэх болсон. Захиргааны ажилтнуудаа иргэддээ “эрүүл” үзэгдэхээ больж ажлын байрандаа архидах нь хэвийн үзэгдэл болсон гэнэ.

s

Тэрээр хууль ёсыг уландаа гишгээд зогсохгүй татвар төлөгчдийн өмч хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж байгаа жишээ ч мундахгүй. Тодруулбал тус аймгийн төвийг камержуулахаар зарласан 160 орчим сая төгрөгийн тендерийг тэрээр хууль бусаар өөрийн танилын компанидаа өгсөн нь хэл ам дагуулаад байна. Тус аймгийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан энэхүү тендерт Улаанбаатар хотоос томоохон компаниуд оролцож саналаа хүргүүлсэн боловч хэний ч огт мэдэхгүй ямар ч тусгай зөвшөөрөлгүй компанид энэхүү тендерийг өгч энэ чиглэлийн туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй илт давуу санал хүргүүлсэн компаниудад зүгээр л “танайх шалгараагүй” гэдэг хариуг өгчээ. Мөн хуульд заасны дагуу ямар компани шалгарсан тухай мэдээллийг ч бусад компанид өгөхгүй байгаа аж. Ингээд тус тендерт оролцсон компаниуд илт хууль бус энэхүү үйлдлийг эсэргүүцэж хуулийн дагуу ямар үндэслэлээр тендерээс татгалзаж байгаа тухай тайлбарлах, мөн ямар компани шалгарсан тухай мэдээлэл ирүүлэхийг шаардсан боловч тэрээр тэднийг үл тоомсорлож огт хариу өгөөгүй байна.

s

Ингээд сураг ажиг гаргасаар яваад уг тендерт “Эс Эм Жи Ти” гэгч компани шалгарч байгааг мэдэж авсан аж. Гэвч энэ компани нь тендерт  оролцох эрхгүй буюу барилгын дотор, гадна сүлжээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани ажээ. Энэ нөхцөл байдлыг холбогдох байгууллага сангийн яаманд мэдэгдсэн ч нөгөөдүүл нь дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй тендерт оролцож хуулийн дагуу бүх шаардлага хангасан бусад компаниудыг тухайн ажилд огт хамааралгүй өөр тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан байна гэх шалтгаанаар хассан байна. Энэ мэт худалдан авах ажиллагааны хуулийг эрээ цээргүй, ил цагаанаар уландаа гишгэж байгаа түүний энэхүү үйлдлийг тендерт оролцсон бусад  компаниуд шалгуулахаар АТГ-д хандахаар болжээ. Харин хууль хяналтын байгууллага түүний энэ мэт бүдүүлэг, эрээ цээргүй үйлдлийг хазаарлаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

s

Т.Цагариг

Shuud.mn
Сонин хачин