Монголбанкны Хяналтын зөвлөл хуралджээ
2011-12-15

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал болж Эрсдэлийн удирдлагын талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, Монголбанкны Эрдэнэсийн санг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах болон Завхан аймаг дахь Монголбанкны салбарын ажилтай танилцсан тухай, Хяналтын зөвлөлийн ирэх онд хийх ажлын төлөвлөгөө зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Хяналтын зөвлөлийн ажлын төлөвлөгөөний дагуу гишүүд 2011 онд Завхан, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ажилтай танилцах явцад зарим зээлдэгч зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлөхгүй хойш тавих, муу зээлийн ангилалд оруулахаар шүүхийн шийдвэр гаргуулах замаар эрсдэлийн сангаас зээлийг хаалгахыг оролдох явдал орон нутагт гарч байгаа талаар ярилцжээ. Орон нутаг дахь арилжааны банкны салбарын захирлыг томилохдоо тухайн аймаг дахь Монголбанкны салбарын захиралтай зөвшилцөж байх журам тогтоохыг судалж хэрэгжүүлэх шаардлагатайг мөн хуралдаанаар тэмдэглэсэн байна. Орон нутаг дахь Монголбанкны салбарын ажилтай танилцсан дүнг хэлэлцээд: - Монголбанкны Ерөнхийлөгчийн болон Сангийн сайдын 2010 оны 475/182 дугаар тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д активын эрсдэлийн сангаар хаасан муу зээлийг төлүүлж байх талаар банк, зээлдэгчийн үүрэг хариуцлагыг чангатгах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах; - Бэлэн мөнгөний урсгалыг зохицуулах зорилгоор сум, орон нутгийн томоохон суурин газарт ажиллаж байгаа банкны тооцооны төвийн хооронд бэлэн мөнгө зузаатгах болон татан авах урсгалыг судалж, Монголбанкны салбарын оролцоотойгоор нэгээс нь татаж, нөгөөд нь зузаатгал хийх харилцан суутгах тооцооны зарчмыг хэрэгжүүлэх боломжийг судалж үзэх; - Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох тухай “Банкны тухай хууль”-ийн агуулгад нийцүүлэн орон нутгийн арилжааны банкны салбарын захирлыг ажилд томилоход тухайн аймаг дахь Монголбанкны салбарын захиралтай зөвшилцөж байх журам тогтоохыг судалж шийдвэрлэх; - Монголбанкны салбарын ажлыг төрийн мөнгөний бодлогын хэрэгжих явцад хийх судалгаа, шинжилгээний ажилд түлхүү чиглүүлэх зэрэг асуудлыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болгов. Монголбанкны Эрдэнэсийн санг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах байдалтай танилцсан мэдээллийг хэлэлцээд Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны дансны хөрөнгийн хөдөлгөөний гүйлгээтэй нэг бүрчлэн танилцах, нэмэлт тодруулга авах шаардлагатайг харгалзан уг асуудлыг хойшлуулж, 2012 оны эхний улиралд Хяналтын зөвлөлийн хуралд дахин оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Хяналтын зөвлөл 2012 онд хийх ажлын төлөвлөгөөндөө 20 гаруй багц асуудалд хяналт шалгалтын ажлаа чиглүүлэн ажиллахаар тусган баталсан байна. Мөн төлөвлөгөөнд Эрсдэлийн удирдлагын талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай Монголбанкны ЭУА-ны захирлын сонсголыг хэлэлцэх асуудлыг оруулахаар тогтов.
Shuud.mn
Сонин хачин