Тэд хэрхэн өөрчлөгдөв
2014-07-04

Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцож буй зарим хөлбөмбөгч хэдийд анх дэлхийн аваргад оролцож хэрхэн тоглосон, мөн ямархуу дүр төртэй байгаад яаж өөрчлөгдснийг сонирхуулж байна.

1

Фарид Мондрагон /Колумб/

1994 оны дэлхийн аваргад анх оролцсон. Энэ удаагийн дэлхийн аваргаар 43 насандаа талбайд гарснаар хамгийн ахмад настайдаа дэлхийн аваргад оролцсон тоглогч болж түүхэнд бичигдээд байгаа.

1

Жанлуижи Буффон /Итали/

2002 оны дэлхийн аваргаар Италийн шигшээгийн үндсэн хаалгачаар тоглосон. 1998 оны дэлхийн аваргад явсан ч гэсэн багийнхаа гуравдугаар хаалгачаар очсон тул талбайд гарч чадаагүй.

1

Икер Касильяс /Испани/

2002 онд 21 насандаа анх дэлхийн аваргад оролцсон. Испанийн тухайн үеийн үндсэн хаалгач Сантьяго Канисарес дэлхийн аваргаас хэдхэн хоногийн өмнө ванныхаа өрөөнд хөлөө гэмтээснээр Касильяст багийнхаа 1 дугаарыг эзэмших боломж олдсон юм.

1

Дидье Дрогба /Кот-д`Ивуар/

2006 оны Дрогба дэлхийн аваргад тоглосон. Энэ удаад гурав дахь дэлхийн аваргадаа орсон ч хөнгөхөн өрсөлдөгчидтэй хэсгээс гарч чадсангүй.

1

Самуэль Это`О /Камерун/

2002 оны дэлхийн аваргад эхэлж тоглосон. 21 насандаа тухайн дэлхийн аваргаар Саудын Арабын хаалгыг гоолоороо мялааж чадсан юм. Гэхдээ л тэгэхэд Герман, Ирланд хэсгээсээ гарсан бол энэ удаад Бразил, Мексик хэсгээсээ гарч, Камерун үлдсэн.

1

Майкл Эссьен /Гана/

2006 онд дэлхийн аваргад тоглосон. Энэ дэлхийн аваргад ирсэн ч гэсэн сүүлийн хэдэн жил өөдтэй тоглоогүй Эссьен талбайд гарсангүй.

1

Диего Форлан /Уругвай/

2002 оны дэлхийн аваргаар анхын гоолоо оруулсан Форлан 2010 оны дэлхийн аваргын мэргэн бууч болсон. Харин энэ удаад Колумбын шигшээг барсангүй.

1

Стивен Жеррард /Англи/

2006 оны дэлхийн аваргад оролцсон. Английн их итгэл найдвар хүлээлгэсэн ч юунд ч хүрч чадаагүй нэгэн үеийнхний гол төлөөлөгч. Энэ удаагийн дэлхийн аваргаар шигшээгээ ахлаж ирээд ч хэсгээсээ гарч чадсангүй.

1

Фрэнк Лампард /Англи/

2006 оны дэлхийн аваргаар тоглосон. 2010 оныхоор Германы хаалганд гоол оруулсан ч тухайн үед гоол технологигийг ашигладаггүй байсан болохоор шүүгч гоолыг нь тооцоогүй. Энэ удаад хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон сүүлийн тоглолтод гарсан ч хожиж чадалгүй, Коста-Рикатай 0:0-ээр тэнцсэн.

1

Клинт Дэмпси /АНУ/

2006 дэлхийн аваргад эхэлж тоглосон. 2010 онд, мөн энэ удаад гоол оруулж чадсан. Энэ дэлхийн аваргаар Дэмпси Гана, Португал зэрэг шаггүй багуудын хаалгыг гоолоор мялаагаад буцлаа.

1

Андрес Иньеста /Испани/

2010 оны дэлхийн аваргын алтан гоолын эзэн Иньеста 2006 оны дэлхийн аваргад анх оролцсон. 2006 онд Саудын Арабын эсрэг л түүнийг гаргасан юм. Харин дөрвөн жилийн дараагаар тэр үзүүлж өгсөн билээ.

1

Мирослав Клозе /Герман/

Дэлхийн аваргын түүхэн мэргэн бууч Роналдотой 15 гоолоор зэрэгцээд буй Клозе 2002 оны дэлхийн аваргад анх орсон юм. Тухайн тэмцээнд Саудын Арабын хаалганд хет-трик хийж байлаа.

1

Филипп Лам /Герман/

2006 оны дэлхийн аваргын эхний тоглолтондоо л Коста-Рикагийн хаалганд гоёмсог гоол оруулсан. Тухайн үед Лам захын хамгаалалтад тоглож байсан бол одоо түүнийг хагас хамгаалалтад ашиглахыг илүүд үзэх болжээ.

1

Лукас Подольски /Герман/

2006 оны дэлхийн аваргаар л Подольскиг польш гаралтай гээд яриад эхэлчихсэн байлаа. Тухайн дэлхийн аваргаар Шведийн хаалганд эхний 12 минутад хоёр гоол оруулснаар Подольски өөрийгөө дэлхий дахинд зарлан тунхагласан.

1

Лионель Месси /Аргентин/

2006 оны дэлхийн аваргаар 1/8 шигшээд Мексиктэй тоглоход 84 дэх минутад Месси анх талбайд гарсан. Тэр дэлхийн аваргад Сербийг 6:0-ээр хожиход Месси нэг гоол оруулсан бол энэ удаад дөрвөн гоол оруулчихаад байна.

1

Андреа Пирло /Итали/

2006 онд Пирло багийнхаа гол тоглогч болчихсон дэлхийн аваргад анх тоглосон. Анх тоглосон дэлхийн аваргадаа л аварга болчихсон нэгэн. Эхлээд Ганатай тоглоход гоол оруулсан бол дараа нь хагас шигшээ болон шувтаргын тоглолтод гоолын дамжуулалт өгч өөрийгөө хэн болохоо харуулсан.

1

Рафаэл Маркес /Мексик/

2002 оны дэлхийн аваргад ирэхдээ Рафаэл Маркес шигшээ багийнхаа ахлагчийн туузтай байлаа. Тэр дөрвөн дэлхийн аваргад ахлагчаар тоглосон ганц хөлбөмбөгч болж түүхэнд бичигдээд байна.

1

Арьен Роббен /Нидерланд/

2006 оны дэлхийн аваргаар Роббен эхний тоглолтондоо Сербийн хаалганд хожлын гоол оруулж байлаа. Тухайн үед Роббений толгойд буржгар үс байжээ. Одоо хэдийгээр үсээ хусуулах болсон ч гэсэн гоолын хур нь орсоор байгаа билээ.

1

Робин Ван Перси /Нидерланд/

2006 оны дэлхийн аваргаар анхлан тоглосон. Роббенийг Сербийн хаалганд хожлын гоолыг оруулахад дамжуулалтыг нь Ван Перси өгсөн юм. Харин дараахь тоглолтод Ван Перси өөрөө Кот-д`Ивуарын хаалгыг мялаасан. Энэ удаагийн дэлхийн аваргаар Испанийн хаалганд нисэлттэй мөргөж гайхалтай гоол оруулаад амжсан.

1

Криштиано Роналдо /Португал/

2006 оны дэлхийн аваргаар Роналдо анх тоглосон. Тэгэхэд Ираны хаалганд гоол оруулсан бол 2010 онд Ардчилсан Солонгосын хаалгыг гоолоор мялаасан. Харин энэ дэлхийн аваргаар Ганын хаалганд гоол оруулсан ч хэсгээсээ гарсангүй.

1

Уэйн Руни /Англи/

2006 оны дэлхийн аваргаар Рунигээс маш ихийг хүлээж байлаа. Гэвч нэг л болж өгөөгүй. Нэг ч гоолгүй, нэг ч гоолын дамжуулалтгүй харьсан. Мөн Португалын эсрэг тоглохдоо улаан хуудас хүртэж, багаа хөөдсөн. Энэ удаад нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн ч гэсэн Англи гавьсангүй.

1

Давид Вилья /Испани/

2006 оны дэлхийн аваргаар эхний тоглолтдоо л Давид Вилья Украины хаалганд дубль хийсэн. Харин 2010 оны дэлхийн аварга Испанийн багийн гол мэргэн бууч нь болж чадсан. Энэ дэлхийн аваргаар мөн нэг гоол оруулж, дэлхийн аваргын гоолын тоогоо 9-д хүргээд, шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан.

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
хөл бөмбөгийн фанатуудад сонирхолтой байхаа
2014-07-04