“Универсиад 2011” наадам энэ сарын 27-нд эхэлнэ
2011-01-19

Наадмын ерөнхий мэдээлэл Турк улсын Эрзурум хотноо 2011 оны 01-р сарын 27-ноос 02-р сарын 06-ны өдрүүдэд Дэлхийн оюутны өвлийн Универсиад наадам зохион байгуулагдах гэж байна. Их наадмыг тус улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, Олон улсын оюутны спортын холбооны (FISU) шууд удирдлага дор явуулахаар бэлтгэж байна. Энэхүү наадамд таван тивийн 57 орны 2000 тамирчид оролцох юм.

“Универсиад 2011” наадмын хөтөлбөрт уулын цана, цанын төрлүүд (гүйлтийн цана, фристайл, трамплин, цанын 2 төрөл), биатлон, уран гулгалт, шорт трейк, хоккей, сноуборд, керлинг, мөсөн дээрх бүжиг гэсэн үндсэн 12 төрлөөр зохиогдоно.

Наадам нь Кандилли, Паландокен, Конакли гэсэн гурван газар явагдана. Кандиллид биатлон, гүйлтийн цанын тэмцээн, цанын чөлөөт гулгалт, сноуборд, цанын харайлтын тэмцээн Паландокендэд, уулын цанын тэмцээн Конаклид, хоккейн тэмцээн нь хотын төвийн Кемал Гурсел спорт цогцолборт, Эрзурум хотноо уран гулгалтын тэмцээн, шорт трейкийн тэмцээн тус тус зохион байгуулагдана.

Тамирчдын тосгон нь Эрзурум хотын Ататурк их сургуулийн кампуст байрлах ба хотын төвөөсөө 3 км, нисэх онгоцны буудлаасаа 11 км, наадмын нээлт болох газраасаа 1 км-ийн зайд тус тус оршдог. Тосгонд бүх төрлийн тэмцээнүүдэд оролцох тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс нэгэн дор байрлах юм. Тамирчдын тосгон нь дасгалжуулагч, тамирчидад зориулагдсан учир тэдэнд хүнд хэрэгтэй бүхий л үйлчилгээний газрууд нэгэн дор байх юм.

Монголын баг тамирчидын бүрэлдэхүүн Тус наадамд манай улсын оюутан тамирчид шорт трейк, гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин, 1 албаны хүн оролцохоор боллоо. Төлөөлөгчдийн ахлагчаар МОСХ-ын дэд ерөнхийлөгч С.Нацагдорж, гүйлтийн цанын төрөлд тамирчин МУБИС БТДС-ийн 4-р курсын оюутан ОУХМ Т.Доржготов, шорт трейкийн төрөлд тамирчин МУБИС БТДС-ийн 2-р курсын оюутан ОУХМ Б.Базарсад нар тус наадамд хурд, хүчээ сорино. Гүйлтийн цанын тэмцээн 1 сарын 28-31-ний өдрүүдэд болж манай тамирчин ОУХМ Т.Доржготов спринт, 10 км ганцаарчилсан, 7,5 х 7,5 холимог зайн уралдаануудад оролцож байна. Шорт трейкын тэмцээн 1 сарын 28-30-ны өдрүүдэд болох ба ОУХМ Б.Базарсад 500 м, 1000 м, 1500 м зайд уралдана.

Гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх тамирчин ОУХМ Т.Доржготов нь 2009 онд Чех улсад зохиогдсон ДАШТ-нд амжилттай оролцсон ба 2009-2010 онд Дэлхийн цомын тэмцээнд 2 удаа, олон улсын тэмцээнд 16 удаа 10 аад оронд явж амжилттай оролцож байсан 2014 оны ОХУ-ын Сочи хотноо болох олимпийн наадамд бэлтгэж байгаа манай улсын олон удаагийн аварга шилдэг тамирчин юм.

Шорт трейкийн төрөлд өрсөлдөх тамирчин ОУХМ Б.Базарсад нь 2007 онд БНХАУ-ын Чан Чун хотод зохиогдсон Азийн спортын их наадамд, 2009 онд БНХАУ-ын Харбин хотноо зохиогдсон өвлийн XXIV наадамд, 2009 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Дэлхийн цомын тэмцээн, 2009 онд Канад улсын Монреаль хотод зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд, 2009 онд АНУ-ын Мичиганд зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд тус тус амжилттай оролцож байсан.

Монголын тамирчдын өмнө үзүүлж байсан амжилт Манай оюутан тамирчид 1991 оны Японы Саппоро хотноо болсон өвлийн Универсиад наадмаас анх оролцож эхлэсэн ба түүнээс хойш бүх наадамд манай төлөөлөгчид оролцож иржээ. Хамгийн сүүлийн өвлийн Универсиад XXIV наадам БНХАУ-ын Харбин хотноо 2 сарын 20-30-ны өдрүүдэд зохиогдсон уулын цана, цана, тэшүүр, шорт трейкийн төрөлд Монголчууд оролцон өрсөлдсөнөөс тэшүүрийн тамирчин Г.Ууганбаатар дөрвөн зайн уралдаан Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол Б.Ургаацэцэг хоёр зайн дээд амжилтыг эвдэжээ. Г.Ууганбаатар 1500 м зайн уралдаанд Монгол улсын шинэ дээд амжилтыг өмнө нь 2 мин 01,70 сек-ийн үзүүлэлттэй байсныг 1 мин 58,81 сек, 5000 м зайд улсын дээд амжилтыг 9 секундээр тус тус ахиулан олон жилийн өмнөх амжилтыг шинэчлэн тогтоож, өндөр амжилт үзүүлж байсан.

Тээвэр, эмнэлгийн үйлчилгээ Улс орнуудаас ирэх баг тамирчдыг Стамбулын нисэх онгоцны буудалд угтан авч Эрзурум хотын тамирчдын тосгон руу онгоцоор хүргэн өгч байгаа ба тэмцээн, бэлтгэлийн газар руу автобусыг хуваарийн дагуу явуулан үйлчилнэ. Тус наадмын Зохион байгуулах хороо нь мандатаа авсан оролцогчдод эмнэлгийн анхны тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх нөхцлөөр ханган ажиллана.

Их наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Наадмын нээлт болон хаалтын ажиллагаа Эрзурум хотын “Кмал Гурсел” цэнгэлдэх хүрээлэнд зохиогдоно. Нээлтийн ёслолын ажиллагаа 2011 оны 1 сарын 27-ны 20 цагт соёл урлагийн тоглолтоор эхлэн Туркын үндэсний спортын үзүүлбэрүүдээр үргэлжилэхээр бэлтгэгдсэн байна. Хаалтын ажиллагаа нь 2 сарын 6-ны өдрийн 20 цагт болохоор төлөвлөгдсөн юм.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин