ААШТ-д өрсөлдөх буудлагын тамирчдын нэрс тодорлоо
2011-12-15

2011 онд Лондонгийн олимпийн эрх авах 4 дэлхийн цомын тэмцээнд буудлага спортын тамирчид өрсөлдсөн. Харин одоогийн байдлаар буудлага спортоос МУГТ Гүндэгмаа ганцаарахнаа олимпийн анхны эрхийг  аваад байгаа юм. 2012 оны 1-р сард Катарын Дохад буудлагын ААШТ болно. Энэ бол буудлагын олимпийн эрх авах сүүлчийн өрсөлдөөн юм. Олимпийн эрх авах сүүлчийн өрсөлдөөн энэ ААШТ-ээр дуусгавар болж байгаа учраас тамирчин бүр хариуцлагатай, дасгалжуулагч бүр өндөр үүрэгтэй ажиллаж өдрөөс өдөрт бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж байна. МБСХ-ноос саяхан нутагтаа дотоодын өрсөлдөөнийг бий болгож эндээс шалгарсан буучдыг ААШТ-д оролцуулахаар болжээ. Азийн аваргад эх орноо төлөөлөн онч мэргэнээ сорих тамирчдын нэрс өчигдөр тодорсон байна. ААШТ-д урт бууны дасгалд эрэгтэй 5, эмэгтэй 4, охид хөвгүүдийн ангилалд тус бүр нэг нэг тамирчин өрсөлдөх бол хийн гар бууны дасгалд эрэгтэй 3, эмэгтэй 5 тамирчин оролцох аж. Урт бууны дасгалд эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Бишрэл, Н.Баяраа, О.Энхсайхан, н.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Я.Заяа нар онч мэргэнээ сорино. Гар бууны дасгалд эрэгтэйчүүдээс В.Ганцоож, Э.Даваахүү, эмэгтэйчүүдээс МУГТ О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Н.Баярмаа, Т.Гантуул зэрэг тамирчид Азийн аваргыг зорих юм байна. Дасгалжуулагчаар Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Б.Алтанцэцэг, урт бууны шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш, н.Ганхуяг нар явахаар болжээ. Азид буудлага спортын хүчтэй өрсөлдөгч Хятад, солонгос, Япон, Иран, Энэтхэг, Сингапур, Малайз, Казахстаны тамирчид юм байна. Тэр дундаа хийн бууны дасгалд Казахстан, Энэтхэгийн тамирчид илүү хүчтэй гарч ирж байгаа бол урьд өмнө харагдаагүй шинэ залуу буучид ч эдгээр орнуудаас хүч түрэн орж ирж байгааг МБСХ-ныхон хэлж байлаа. Одоогийн байдлаар Азидаа Хятад, солонгос, Японы тамирчид олимпийн эрхээ түлхүү авсан байна.  
Shuud.mn
Сонин хачин